Зул сарын баяр үргэлжилж буй эдгээр өдрүүдэд “Spiderman” Питер Паркер аз од нь гийсээр л байна. Дэлхий дахинд цар тахлын аюул нүүрлэж, тэр байтугай “Matrix”, “Sing” гэсэн цоо шинэ өрсөлдөгч бүтээлүүд гарч ирээд буй энэ цаг үед “Spider-Man: No Way Home” тэргүүн байраа алдахгүй урагшилсаар.
Кино театрын дэлгэцэнд цацагдсанаасаа хойш ердөө 14 хоногийн дотор уг киноны орлого нэг тэрбум ам.доллар давлаа. “Sony” болон “Marvel” компаниуд Хойд Америкийн кино театруудаас 467 сая ам.долларын ашиг хүртээд байна. Энэ нь одоогоор тэргүүн байрнаасаа буугаад буй “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны орлогоос даруй хоёр дахин илүү юм. Ингэснээр ердөө 12 хоногийн дараа хилийн чинадын 61 зах зээлээс 587.1 сая ам.долларын ашиг олжээ.
Ийнхүү “Spider-Man: No Way Home” кино цар тахал дэгдсэнээс хойш нэг тэрбумын ашиг олсон анхны кино боллоо. Мөн хамгийн богино хугацаанд бүтээсэн кино төрлөөр гуравдугаар байрт орж, “Оддын дайн” кинотой зэрэгцэв.
“Spider-Man: No Way Home”-ын араас 23.8 сая ам.долларын ашигтайгаар “Sing” кино удаалжээ. “The Matrix Resurrections”-ын хувьд 12 сая ам.долларын ашиг олсноор гуравдугаар байрт бичигдсэн байна.
Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд буй энэ үед Хойд Америкын бокс оффис 4.3 тэрбумын ашигтай ажиллаад байна. Мөдхөн 4.4 тэрбум хүрэх төлөвтэй байна. Цар тахлаас өмнө бокс оффисын жилийн орлого 11 тэрбумаас ч илүү гарах нь хэвийн үзэгдэл байжээ.
Эх сурвалж: AP News