ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монголын үндэсний их баяр наадмын нэг төрөл болох Шагайн харвааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Монгол шагайн харвааны уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэх, харваачдын ур чадварыг нэмэгдүүлэх, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Дорноговь аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жил, Сайншанд сум байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадмын шагайн харвааг нөхөж явуулах, Харваачдын цол тэмдэг олгох зорилгоор нээлттэй тэмцээнийг Дорноговь аймгийн Шагайн салбар холбооноос санаачлан зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр билгийн тооллын бэлгэдэлт Морин цаг буюу 11.40 минутад Соёмбо цогцолборт ёслол төгөлдөр хийлээ.
Тус тэмцээнд Архангай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий аймаг, Улаанбаатар хотоос нийт 26 багийн 200 гаруй харваачид онч мэргэнээ сорихоор хүрэлцэн ирж оролцож байна.