Categories
гадаад мэдээ цаг-үе

NASA-гийн Жэймс Вэбб сансрын телескопыг дэлхийгээс хөөргөлөө

NASA-гийн цоо шинэ Жэймс Вэбб сансрын телескопыг Улаанбаатарын цагаар Бямба гарагийн орой Өмнөд Америк тивийн зүүн хойд эрэгт орших Францын газар нутгаас сансарт хөөргөжээ.

Уг телескоп нь сүүлийн 30 жил дэлхийн тойрог замд ажилласан Hubble Space Telescope-ийг залгамжилж, ирэх 10 жил сансрын уудамд ажиллах юм.

Бараг $10 тэрбумын өртгөөр бүтээсэн Жэймс Вэбб нь өмнөх телескопоос 100 дахин өндөр хүчин чадалтай тул ертөнцийн үүсэл гарал, од гарагуудыг судлахад хувьсгал болно гэж үзэж байгаа.

Саран дээр анх удаа хүн буулгасан Aполло төслийн гол архитекторын нэрээр уг телескопыг нэрлэжээ.

Жэймс Вэбб телескопыг бүтээх ажил Hubble телескопыг анх хөөргөсөн 1990 оноос хойш эхэлж, АНУ, Европ, Канадын олон мянган мэргэжилтэн оролцсон юм.

Өчигдөр Францын Ariane 5 пуужин шинэ телескопыг хагас цагийн дотор дэлхийн тойрог замд хүргэсэн байна.

Жэймс Вэбб цаашаа 1.5 сая километрийн зайд буюу дэлхийгээс сар хүртэлх зайг дөрөв дахин үржүүлсэнтэй тэнцэх алсад очиж байрлах юм. Багаж төхөөрөмжүүдээ тохируулж дууссаны дараа 2022 оны дундуур үндсэн ажилдаа орох ажээ.

Өнөөдрийн Hubble телескоп ертөнцийг бүтээсэн Их Тэсрэлтээс хойш 400 сая жилийн дараах үйл явцыг харж чадсан бол Жэймс Вэбб энэ хугацааг 100 сая жил болгож урагшлуулах юм.

Өөрөөр хэлбэл 13.8 тэрбум жилийн өмнө тохиосон Их Тэсрэлтийн дараа ертөнцийг гэрэлтүүлсэн анхны оддыг судлах боломжийг олгоно.

Алсын одноос дэлхийд ирж буй гэрэл урт хугацааг туулдаг. Тухайлбал манай нарны системийн гадна орших хамгийн ойрхон одноос цацарсан гэрэл дөрвөн жилийн дараа дэлхийд хүрдэг байна. Нарны гэрлийг бид найман минутын дараа хүлээж авдаг гэдэг.

Тэгвэл Жэймс Вэбб телескоп анхны оддоос цацарсан гэрлийг хугацааны алдагдалгүй ажиглах чадвартай юм.

Тиймээс телескопыг тээвэрлэсэн Ariane пуужинг газраас хөөрөх үед NASA-гийн телевизийн хөтлөгч Роб Нэвайс “Жэймс Вэбб хорвоо ертөнц үүссэн цаг үе рүү хийх аяллаа эхэллээ” гэж тайлбарлаж байв.

Hubble болон Жэймс Вэббс телескопуудын техник үзүүлэлтүүдийг дараах байдлаар харьцуулжээ.

Эх сурвалж: Reuters, BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *