Categories
мэдээ нийгэм

Караоке ажиллуулах хүсэлтэй иргэн 9 төрлийн материал бүрдүүлдэг байсан бол 4 болж буурчээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэдээс ирсэн түгээмэл асуултыг хариултын хамт хүргэе.

Н.Сугар: -Нийслэлийн Засаг даргын захирамж арснаар бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн боломжоос гадна цаг хугацаа хэмнэх зэрэг давуу тал бий болж байгаа. Иргэдээс архи, тамхины тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуулт хамгийн олон ирж байна. Архи, тамхины тусгай зөвшөөрөл байхгүй болсон уу гэдэгт хариулт өгөхгүй юү?

Т.Золжаргал: -Нийслэлийн Засаг даргын захирамж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Гэхдээ архи, тамхины тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн тухай, Үнэт цаасны хууль зэрэг гурван төрлийн хуулийн дагуу олгодог. Тиймээс хуулиар зохицуулсан асуудлыг цуцлах нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Караоке ажиллуулах гэж буй иргэнээр жишээ татъя л даа. Та дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс дээр биечлэн очих шаардлагагүй. Цахимаар бүртгүүлэхэд болно гэсэн үг. Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиараа камерыг заавал тавьж таарна. Гэхдээ хүсэлтээ цагдаагийн байгууллагад биечлэн очих бус, Е-Mongolia цахим хуудсаар явуулна. Цагдаагийн ажилтан тав хоногийн дотор хүсэлтийн дагуу шийдвэрлэх болно. НИТХ-ын 2016 оны 35 дугаар тогтоолын дагуу караоке эрхлэгч аж ахуйн нэгж нь есөн төрлийн бичиг баримтын бүрдэл хангуулсны дараа Соёл урлагийн цэнгүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар заасан байдаг. Тэгвэл цаашид энэ үйлчилгээг авах шаардлагагүй болсон. Аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Соёл урлагийн газраас гэрчилгээ авах гэж аль нэг ТББ-тай гэрээ байгуулан улирал тутамд 200-300 мянган төгрөг төлж бичиг авдаг байсныг болиулсан. Тэгэхээр энэ бол эдийн засгийн бодит хэмнэлт.

Н.Сугар: -Шинээр караоке ажиллуулах хүсэлтэй иргэн өмнө нь хэдэн төрлийн баримт бичиг бүрдүүлдэг байсан бол одоо хэд болсон гэдгийг хэлэх боломжтой юу. Миний ойлгож байгаагаар архины зөвшөөрлөө аваад стандартаа хангачихвал үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байгаа юм байна. Зөв үү?

Т.Золжаргал: -Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийн тулд дүүргээс батламж авна, хог хаягдлын гэрээ хийнэ. Гурвалсан гэрээ хийдэг байсан. Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар камерын бичлэг хийх боломж бүрдүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхыг шаарддаг. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл авдаг. Эдгээрээс хуулийн дагуу шаарддаг камер тавиулж, үл хөдлөхийн гэрчилгээг үзүүлэхийн дээр хог хаягдлын гэрээ хийчихвэл бусад зөвшөөрөл шаардлагагүй болсон. Нэг ёсондоо есөн төрлийн материал бүрдүүлдэг байсан бол одоо дөрвөн материал бүрдүүлдэг болсон гэсэн үг.

Б.Ууганбат: -Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 225 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж байна. Үүнийг эрх зүйн талаас нь авч үзвэл гурван хэсэгт хуваагдаж байгаа юм. Эдгээрээс 93 нь нийслэлийн хэмжээнд бүрэн эрх зүйн зохицуулалттай, 90 нь дээд газрын /УИХ, Засгийн газар, тэдгээрийн харьяа газруудын/ зохицуулалттай, 42 нь дээд газрын шийдвэртэй ч нарийвчилсан харилцааг нь нийслэл зохицуулдаг байх жишээтэй. Хотын даргын зүгээс өөрийн бүрэн зохицуулалттай 93 нэр төрлийн үйлчилгээнээс 74 үйлчилгээг үндсэндээ зөвшөөрлөөс чөлөөлж байгаа юм. Үлдэж буй 19 үйлчилгээ нь хараахан чөлөөлж болохгүй үйлчилгээнүүд байгаа. Тухайлбал, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас олгодог авто зам сэтлэх, орц, гарц гаргах үйлчилгээг чөлөөллөө гэхэд хэн дуртай нь зам сэтлээд эхлэх нь байна шүү дээ. Согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээг мөн хуулийн зохицуулалттай тул шууд цуцалж болохгүй. Тэгэхдээ согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл авна гэдгийг хуульчилсан ч хэрхэн авах вэ гэдгийг хуульчлаагүй. Иргэдийн зүгээс энэ тал дээр зөвлөлийн хурлаар орох гэж маш их цаг хугацаа алддаг гэсэн гомдол ирж байсан. Тэгэхээр Хотын даргын зүгээс согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгох процессуудыг хөнгөвчилж байгаа юм. Заавал хурлаар оруулах хэрэг байна уу, ажил хариуцсан мэргэжилтэн ажлын тав хоногтоо шалгаад хариу өгдөг байх уу гэдгийг ярилцаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *