Categories
мэдээ нийгэм

Ирэх оноос төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 50 хувиар бууруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэддээ орлого олох боломжийг нээж өгсөн энэ зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа тул дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг шууд дамжуулалтаар иргэдэд хүргэлээ.

Н.Сугар: -Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар яг ямар өөрчлөлт гарч, зохицуулалт орсон талаар товч мэдээлэл өгнө үү?

Б.Ууганбат: -Нийслэлийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, ковидоос шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор маш чухал захирамж гаргасан. МҮХАҮТ болон Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн судалгааны үндсэн дээр хуульд тусгай зөвшөөрөл олгоно гэж зааснаас бусад үйлчилгээг татварын байгууллагад бүртгүүлснээр чөлөөтэй эрхлэх шийдвэрийг гаргасан юм. Тиймээс Хотын дарга 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хуульд тусгай зөвшөөрөл авна гэж заагаагүй бол янз бүрийн шалгуур тавихгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнд нийт 74 нэр төрлийн үйлчилгээ багтаж байгаа. Тэдгээрээс хүнсний дэлгүүрийг онцолъё л доо. Хүнсний дэлгүүр нь зургаан нэрийн, найман нэрийн гэсэн хоёр төрлийнх байдаг. Найман нэрийнх гэхээр архи, согтууруулах ундаа худалдаалдаг. Архи, согтууруулах ундаа худалддаггүй нь зургаан нэрийнх. Тэгэхээр ирэх оны эхнээс зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулахад ямар стандарт шаардлага байдаг тухай мэдэж аваад шалгуур шаардлага хангасан бол үйл ажиллагаа явуулах юм. Хуучин бол дүүргийн ЗДТГ-аас 10 гаруй материал бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг байсан бол тэдгээр материалаа шууд цахимаар өгөх юм. Нийслэлийн харьяа алба, агентлаг, дүүргүүд мэдээллийг нээлттэйгээр байгууллагынхаа вэб сайтад тавьж, түгээхийг Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон. Тэр мэдээллийг иргэд аваад шалгуур шаардлагыг мэдсэний дараа цахим системээр хүсэлт явуулах юм. Хүсэлтийг төрийн байгууллагынхан, тухайлбал, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан аваад ажлын тав хоног дотроо багтаан газар дээр нь зөвлөн туслах үүрэгтэй. Иргэн бол хүсэлтээ цахимаар явуулчихаад үйл ажиллагаагаа эхлүүлж болно. Тухайн дэлгүүр ажиллаж байх зуурт холбогдох мэргэжлийн байгууллагууд очиж зөвлөн тусална. Ингэснээр төрийн байгууллагуудын ажлын арга барил, дэс дараалалд өөрчлөлт орж байгаа. Хуучин бол иргэд энэ бүхнийг туулаад батламжаа авсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлдэг байсан.

Нийслэлийн Засаг даргыг шийдвэрээ гаргах явцад Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 131 иргэн, аж ахуйн нэгжээс холбогдож санал хэлсэн. Тэдний цөөнгүй хувь нь төрийн байгууллагуудын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтууд дарамт үүсгэдэг гэсэн саналыг хэлсэн байдаг. Тиймээс Хотын дарга энэ бүх шалгалтыг ирэх оноос 50 хувиар бууруулах үүргийг өгсөн.

Нийслэлийн Засаг даргын А/987 тоот захирамж гарсантай холбоотойгоор эрх зүйн өөрчлөлтүүд дагалдаж гарна. Нөгөөтээгүүр шийдвэрийг биелүүлэх зорилгын хүрээнд байнгын орон тоотой бүтцийг бий болгож байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөл багтсан. Зөвлөл сар бүр хуралдаж, бизнес эрхлэгчдээс гаргасан гомдол санал, хүсэлтийг хүлээж авна, эрх ашиг нь хөндөгдсөн бол тэрхүү бэрхшээлийн талаарх мэдээллийг нэгтгэж, дүгнэлт гарган Хотын даргад танилцуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *