Өнгөрсөн есдүгээр сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хотын захиргааг 12 дугаар сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 25-ны өдөр хотын захиргааг Яармаг руу нүүлгэж эхэлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагад 900 гаруй ажилтан, албан хаагч ажилладаг. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүж, төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулна. Шинэ барилга гурван блок хэсэгтэй бөгөөд нэг блок нь ашиглалтад орсон. Бусад хоёр блокийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Тиймээс эхний ээлжинд голдуу иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг нүүлгэхээр төлөвлөж байна. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх намар гэхэд бүрэн нүүж дуусна” гэж мэдээлж байв.
Харин Хангарьд ордонг дуудлагаар худалдахаар төлөвлөсөн талаар холбогдох хүмүүс мэдээлсэн. Хоёр жилийн өмнө дуудлага худалдааны анхны үнэлгээг 46 тэрбум төгрөгөөр тогтсон юм.