УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар 32 хуулийн төслийг эцэслэн баталсан бөгөөд үүний нэг нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан төслүүдийг баталлаа
Уг хууль нь 2022 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих ба гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах харилцааг нарийвчлан зохицуулах зүйл заалтуудыг тусгасан юм.
Тухайлбал, Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагаа эрхлэн явуулахад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нарийвчлан тусгалаа. Мөн Төрийн байгууллагын үйлчилгээнд цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг эргэн суурьших боломжийг бүрдүүлэх, мэргэжил ур чадварыг баталгаажуулах, тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг ч мөн оруулсан юм.
Үүнээс гадна Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын ажилчдыг мэргэжлийн ур чадвар, түвшин хамааралгүйгээр нэг арга, хэлбэрээр (kвот, ЗГ-ын газрын тусгайлсан тогтоол) авч ажиллуулж байсан. Шинэ хуулиар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ажилтан нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн гурван төрлийн ажлын байранд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохоор тусгасан. Ингэснээр нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай ажилчдыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан гадаадаас авах бодлого баримтлах боломжтой болсон. Энэ мэт гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах харилцааг нарийвчлан зохицуулж, тодорхой тусгаж өгсөн хууль юм.