Categories
гадаад мэдээ

Оросын шүүх “Google”, “Meta” компаниудад их хэмжээний мөнгөн торгууль оноожээ

Хууль бус агуулгыг шаардлагын дагуу платформоосоо устгаагүй гэсэн шалтгаанаар Google компанийг $100 сая, Фэйсбүүкийн эцэг компани Meta-г $27 саятай тэнцэх мөнгөөр торгох шийдвэрийг Москва хотын шүүх өчигдөр гаргажээ.

Таганский дүүргийн шүүхийн шийдвэрт өгүүлснээр хориотой агуулгыг устгах шаардлагыг хүлээж авахаас олон удаа татгалзсан Google компанийг 7.2 тэрбум рублиэр торгох болсон байна.

Google компани шүүхийн шийдвэртэй танилцсаныхаа дараа ямар алхам хийхээ шийдэх тухай мэдэгджээ.

Meta компанийг мөн ижил шалтгаанаар 2 тэрбум рублиэр торгосон байна.

Оросын шүүх өмнө нь Google, Facebook, Twitter компаниудыг бага хэмжээний мөнгөөр торгож байсан бол өчигдөр анх удаа эдгээр компаниудын орлогын хэмжээнд үндэслэсэн торгуулийг оноожээ.

Экстремист үзлийг сурталчилсан, бусдын шашин шүтлэг, итгэл үнэмшлийг доромжилсон, хүүхэд залууст буруу үлгэр дуурайл үзүүлсэн зэрэг агуулгатай 2,000 орчим контентыг Фэйсбүүк, Инстаграм сүлжээнээс устгах хүсэлт хүргүүлснийг биелүүлээгүй гэж Москвагийн шүүх Meta компанийг буруутгасан байна.

Google компанийн хувьд ийм агуулгатай 2,600 орчим контентыг шаардлагын дагуу устгаагүй ажээ.

Үүнээс гадна ОХУ-ын эрх баригчид дэлхийн хэмжээний технологийн компаниудад тус улсын иргэдийн хувийн мэдээллийг Орос дахь серверт байрлуулах шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд торгох, үйл ажиллагааг нь хориглох тухай анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *