Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар: Бид хандлагаа өөрчлөөгүй цагт өөрсдөдөө бий болгосон хаалтандаа түүртэн амжилттай урагшилж чадахгүй


Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатартай ярилцлаа.


– МАНАЙ ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ХИЙЖ БОЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН НҮҮРСНИЙ ХУВЬД АХИУХАН ХЭМЖЭЭГЭЭР БОРЛОГДОХ НАЙМАН ЖИЛИЙН ХУГАЦАА Л ҮЛДЭЭД БАЙНА –


-Сүүлд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг санаачлан Их хурлаар батлуулсан. Одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байгаа талаар яриагаа эхэлье?

-Одоогоор хэд хэдэн хуулийн төсөл дээр санаачлагч, эсвэл ажлын хэсгийн гишүүний хувьд ажиллаж байна. Монгол Улсын Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг санаачлан боловсруулж батлууллаа. Өнгөрсөн долдугаар сараас уг хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хүний эрхийн манаанд бусад хуулиудынхаа хамт гарч ажилдаа орсон нь зарим тод жишээн дээр харагдаж байна лээ. Одоо бусдын төлөө дуугарч буй нэгэн урьд өмнө байсан хуулиудын зэрэгцээ маш тодорхой хамгаалсан зохицуулалттай болсон болохоор эрх мэдэлтнүүдийн эсрэг илүү зоригтой, итгэлтэй дуугарах боломжтой болсныг энэ чиглэлээр бор зүрхээрээ ажилладаг хэд маань сайн мэдэж, ухамсарлаж байгаа. Өөрийн эрхээ иргэн бүрэн мэдэхгүй байсан ч эрхийг нь бүрэн хамгаалж, эдлүүлж чадаж буй тогтолцоог төлөвшүүлэхэд энэ хууль хувь нэмрээ оруулна гэж итгэж байна. Мэдээллийн технологийн гарааны бизнесүүдийг эдийн засгийн чөлөөт бүсийн тогтолцоогоор дэмжих хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барих бэлтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учралын хамт хангаад ажиллаж байна. Татварын мэргэшсэн зөвлөн туслах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн санаачлан боловсруулах ажилд ханцуй шамлан орсон байгаа. Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэгт орж ажилласан. Эдгээр хуулиуд сая эцэслэн батлагдсанаар Монгол Улсад цахим бизнесийн эрх зүйн орчин илүү боловсронгуй болон хөгжсөн гэж хэлж болно. Гэхдээ цахимжиж буй ертөнцөд өрсөлдөхүйц орчныг байгуулахгүйгээр бид энэ салбарт өөрийн орон зайг хадгалан үлдэх хэцүү. Тиймээс цахим бизнес эрх зүйн орчин үргэлжлүүлэн сайжруулах шаардлага хэвээрээ л байгаа. Одоо ажиглаад байхад гадаадад нэгэнт бие болсон цахим бүтээгдэхүүний Монгол хувилбарыг боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх ажил түлхүү яваад байна. Энэ байдлаар цахим технологийн хөгжлийн зөрүүг багасгахгүй. Мөн улс орон даяараа цахим технологийн хэрэглээг нэвтрүүлснээрээ бас дээрх хөгжлийн зөрүүг нимгэлэхгүй. Нүүр ном, жиргээг иргэн бүр хэрэглэлээ гээд технологийн өндөр чадавхтай орон болохгүй. Гоёмсог машин техникийн хэрэглээ нэмэгдлээ гээд машин үйлдвэрлэгч болдоггүйтэй л адил асуудал юм. Тиймээс миний яриад буй эдийн засгийн чөлөөт бүс зэрэг зоригтой, дорвитой өөрчлөлтийг хийж байж сая энэ чиглэлийн гадны тэргүүлэх хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна, манай бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах үүд хаалгыг нээнэ. Үүгээр дамжуулж гадны энэ салбарын зах зээл нээгдэх боломж гарна, технологи шилжих суурь өргөжинө. Тэгэх тохиолдолд бид бас гадагш гарах нэг хоёр бүтээгдэхүүн бий болох магадлалыг өндөрсгөнө.

Мэдээллийн технологийн салбарын хөгжлийн дараагийн энэ шатыг л бодолцон дээрх цахим бизнесийг дэмжих эдийн засгийн чөлөөт бүсийн тухай яриад байгаа юм.

-Цар тахлын нэг удаагийн хуулийг үргэлжлүүлэх нь зөв үү. Энэ асуудлаар улс төрчид тал талын байр суурьтай байх шиг байна?

-Яг миний хувийн үзэл бодлоор бол уг нь үргэлжлүүлэх шаардлагагүй. Гэхдээ омикрон төрлийн хувилбарын эрсдэл аюулыг мэргэжлийн байгууллага нь Засгаар дамжуулан сануулж байхад би урдуур нь орж эсэргүүцэх зохимжгүй. Би эмчийн гэр бүлд өсч торнисон хүн. Одоо ч эмч нарын гэр бүлд л амьдарсаар. Эмч ямар нэгэн эмчилгээг зөвлөхөд хүний хувьдаа дургүй, эсрэг үзэлтэй байж болно, гэхдээ эмчийн заавар зөвлөгөөг дагадаг шүү дээ. Ийм л юм. Энэ хуулийг анхлан боловсруулахад би гадаадын олон орны ижил төстэй хууль, зохицуулалтын судалгааг хууль санаачлагчид гарган өгч байсан. Энэхүү хуулийг гаргаж байх тухайн үед би Онцгой комиссын гишүүн байсан. Бидний харгалзан үзэж байсан хоёр гол хүчин зүйл бол нэгдүгээрт манайд өвчнийг дотроо алдаагүй байсан. Хоёрдугаарт, вакцин гараагүй, сураг ч үгүй байсан асуудал юм. Тиймээс бид иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж ямар ч үнээр хамаагүй дотроо алдахгүй байхыг эрмэлзэж байсан. Ингэхийн тулд хатуу бөгөөд цочмог шийдвэрүүд гаргах шаардлагатай цаг тутам тулгарч байсан. Хатуу шийдвэрүүд эдийн засгийн амаргүй үр дагаврыг дагуулж болзошгүй байсан тул төсөв санхүүгийн зоримог шийдвэрүүдийг огцом далайлтаар гаргах шаардлагатай байсан. Энэ боломжийг энэхүү хуулиар олгож байсан юм. Мөн нийгмээрээ бүхэлдээ аливаа эмх замбараагүй сандарсан байдалд орж болзошгүй үүд хаалгыг хаах үүднээс зарим захиргааны хатуу арга хэмжээ авах боломжийг түр хугацаагаар төрд олгох шаардлагатай байсан. Гэтэл одоо вакцин нэгэнт гарсан, бид өвчнийг дотроо алдсан ч вакцинжуулалтыг амжилттай явуулж, хүмүүс сэтгэл зүйн нэн эмзэг байдлаас харьцангуй гарсан зэргийг харгалзан энэ хуулийг үргэлжлүүлсэн ч яг тэр хэвээр нь үргэлжлүүлэх хэрэггүй гэж үзэж байгаа. Хүний эрхийн аливаа хязгаарлалтуудыг цааш нь үргэлжлүүлэхгүй байх ёстой. Цаашид бизнесүүдийг гэнэт түр зогсоож, орлогын эх үүсвэрийг нь боомилсон шийдвэрүүд гаргах боломжийг хаавал зохино. Харин үйлчлүүлэгчдийг зайг нь бариулдаг, тэдгээрийг ариутгагч бодисоор хангадаг байх зэрэг зохицуулалт нь хэвээр үлдэх нь зөв байх. Мөн энэ хуулийг дахиж сунгахгүй гэсэн хатуу нөхцөлтэйгөөр л сунгавал сунгах хэрэгтэй.

-Койнтой холбоотой асуудал нийгэмд шуугьж байна. Үүнийг зохицуулсан хуулийн төслийг хэлэлцэх үү. Ямар хуулиар зохицуулах ёстой юм бэ?

-Энэ намрын чуулганаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, “Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн баталсан. Энэ нь аливаа цахим бизнес эрхлэлтэд дөхөмтэй эрх зүйн орчныг бүрдүүлээд байгаа. Энгийн жишээ хэлэхэд, кибер аюулгүй байдлын нөхцөл байдал хангагдаагүй байхад аливаа цахим бүтээгдэхүүний арилжаа, санхүүгийн хэлэлцлүүд, тэдгээрийн гүйцэтгэлийн найдвар баталгаатай хангах нэн хүндрэлтэй. Тэр хэмжээгээр аливаа цахим бүтээгдэхүүн, хөрөнгийн бизнесийн хөгжилд тээртэй. Тиймээс эдгээр хуулиуд чухал ач холбогдолтой байсан. Эдгээр хуулиудыг хэлэлцүүлж батлуулах ажлын хэсэгт би орж ажилласан. Койнтой холбоотой харилцааг эрх зүйн илүү тодорхой, ойлгомжтой орчинд оруулахад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ аливаа бизнест эрсдэлээ ухамсарлан оролцож буй чөлөөт оролцогчдын эрсдэлийг төр, нийгэм өмнүүр нь орж хүлээнэ гэдэг ойлголт байж болохгүй. Тиймээс виртуал хөрөнгөтэй холбоотой хууль гарлаа гээд зах зээлд оролцогчдын эрсдэл, хувийн хариуцлага буурахгүй гэдгийг хөдөлгөөнгүй нэг мөр ойлгох хэрэгтэй. Энэ хууль гарснаар зах зээлд койн гаргаж мөнгө татан төвлөрүүлж байгаа этгээдийг харин төр бүртгэлжүүлдэг болох ёстой.

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл яригдаж байна. Уг хуулиар шүгэл үлээгчдийн амыг барих нь уу гэсэн хардлага нийгэмд байна?

-Хүний эрх хамгаалагчийн хуулийг шүгэл үлээгчийн хуультай иргэд, гишүүд ихэд андуурдаг байсан. Одоо энэ хууль орж ирэхээр эрхбиш ялгааг нь ойлгох байлгүй дээ. Нийгэмд ил тод байдалд, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь сайжруулж, чанд төлөвшүүлэх үүднээс ийм хууль гаргасан цөөнгүй улс орнууд цөөнгүй байдаг. Ийм хуулийн үйлчлэлийн дүнд нийгмийн бугшмал, нуугдмал олон асуудал ил гарч байдаг. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэхдээ нөгөө л хүний эрхийн хүрээ, дээсийг хэрхэн давж алхдаггүй болгох вэ, хүний эрхийн биелэлтийг хэрхэн чанга сахин хангадаг нөхцөлийг бүрдүүлэх вэ гэдэг бол бас л чамгүй чухал асуудал. Иймд, энэ хуулийн төслийн текст, үзэл баримтлал, зорилго, хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хариуцлагын тогтолцоо зэрэг олон зүйлийг сайтар уншиж танилцаж байж байр сууриа боловсруулна.

-Ардчиллын алтан хараацай болсон хотын дарга асан улсын баатар Э.Бат-Үүлийг шоронд хорилоо. Мэдээж шүүхийн байгууллага хараат бус шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулсан байх. Гэхдээ нийгэмд шүүхийн шийдвэр тэнцвэргүй, ялгаварлтай хандаж байна гэх шүүмжлэл их бий…

-Шүүх хараат бус байж чадахгүй байсан болохоор л бид сая шүүхийн тогтолцоонд салхи оруулах олон өөрчлөлтийг өдөржин шөнөжин хуралдан байж, улс төрийн зөрчил тэмцлийг даван байж хийлээ. Ямар сайндаа л шүүх биш “хонгил” нэртэй болсон байх вэ дээ. Бид энэ үгэнд дасчихаад бараг ердийн хэрэглээний үг болчихоод байгаа юм. Үнэн хэрэг дээрээ энэ бол үндэсний эмгэнэл шүү дээ. Хууль шүүхийн байгууллага ингэж нэрлэгддэг болтлоо доройтно гэдэг бол зөвхөн салбарын бус манай улстөрчид, эрх мэдэлтнүүдийн ч увайгүйнх. Нэлээд олон жил дарга даамлын дохио зангаагаар явсан тогтолцоо шинэ хууль гараад л шууд өөрчлөгдчихнө гэж би харахгүй л байна. Шүүгчдийг чөлөөлж өгсөн энэ шинэ тогтолцоонд бүрэн итгээгүй хүмүүс олон л байгаа байх. “Шударга болоод явж байтал маргааш салхи эргээд юу ч болоо билээ” гээд сайн өөрчлөлтөд итгэж өгөхгүй хүмүүс байж л байгаа. УИХ-ын танхимд шүүхийн хууль, хүний эрхийг хамгаалагчийн хуулийг хэлэлцэх үед дэлхийн олон байгууллага манай шүүхийн тогтолцоог хараат бус байдлаа алдсан гэж нэгэн жигд шүүмжлээд байсныг дүгнэлт тайланг нь цуглуулан байж танилцуулж, анхааруулж байсан. Тэгэхээр өөрийн чинь ярьж буй болгоомжлол надад ч байна. Гэхдээ шүүх процесс дуусаагүй, давах шат байгаа тул хамаагүй дур зоргоор ярих хэрэггүй болов уу. Шүүх процессыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгана гэдэг бол хүн бүр өөрөөсөө эхлээд л хэрэгжүүлдэг зүйл байх ёстой. Ямартаа ч шүүх процессыг иргэний хувьд анхааралтай ажиглах болно. Мэдээж буруутай үйлдэл гарцаагүй баримттайгаар, аливаа эргэлзээгүйгээр нотлогдож байгаа бол хариуцлагаа хэн ч хүлээх ёстой. Харин “буруутай л харагдаад байгаа юм даа”, “олон нийт ерөнхийдөө тийм л хүлээлттэй байгаа” гэдэгт шахагдаж, дутуу баримттайгаар, буруутайг нь бодолдоо “дутуу баримтыг нь гүйцээн байж” тогтоож, үндэслэлгүй шийд гаргуулахгүйн төлөө өмгөөлөгчдийнх баг нь хатуу зогсох ёстой. Өмгөөлөгчид нь өндөр хариуцлагатай ажиллана гэж итгэж байна. Бас олон нийт, хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд ч ойроос ажиж байх болов уу гэж бодож байна.

-Саяхан Ерөнхийлөгч ОХУ-д албан айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог байлаа.

Нэг зууны туршид дипломат харилцаатай байж ХХ зууны олон давааг хамтдаа даван туулж байсан манай хоёр орон өнөөдөр хугацаагүй гэрээний үндсэн дээр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Энэ бол хоёр улс хоорондын харилцааны хүрч болох хамгийн өндөр түвшин. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий хоолой барих төслийг эхлүүлж чадсан. Энэ нь улс төрийн бүрэн итгэлцэлд хүрсний бас нэгэн илрэл. Манай Ерөнхийлөгч Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан “Транзит Монгол Улс” болох зорилт тавьсан, түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Их Евразийн санаачилгыг дэвшүүлээд байна. Энэхүү хоёр төслийн уялдаа холбоо манай хоёр улсын ирэх зуун жилийн харилцааны бас нэгэн тулгуур болно гэж бодож байна. Айлчлалын хүрээнд 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргасан нь айлчлалын хамгийн чухал үр дүн гэж харж байна. Бид бүх зүйлийг зоосны нүхээр дүгнэх гээд байдаг болохоор айлчлалын дүнг ярихдаа эдийн засгийн ач холбогдолтой зарим нэг томоохон төслийг өөрийн эрхгүй ярьж байна. Түүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ айлчлал хоёр орны харилцааг аливаа чагт тээгээс ангижруулж урагшлуулах нэн чухал улс төрийн ач холбогдолтой айлчлал байсан гэж би үзэж байгаа. Яг энэ үед энэхүү айлчлал бол урагшлах замыг аливаа саадгүй болгох чухал алхам байсан.

-Манай улсын худалдаа, зах зээлийн 80 орчим хувь нь Хятад улсаас хамааралтай байна. Угтаа гадаад худалдаа нэг улстай дунджаар 30 орчим хувь байдаг. Үүнээс илүү гарвал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрдэг тухай судлаачид хэлж байна. Тэр утгаараа Эрээн хилээ халаа гэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хомсдол бий болж байна. Цаашид Хятад хилээ хаасан хэвээр байвал манай улсын зах зээл, иргэдийн амьдрал хэцүүдэх нь. Энэ асуудлыг цаашид яах ёстой вэ?

-Монгол, Хятадын харилцаа бол бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц богино хугацаанд Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн харилцаа. БНХАУ бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон. Цар тахал гарахаас өмнө БНХАУ-тай хийж буй манай худалдааны тэнцэл эерэг байсан. Өнөөдөр дэлхий дээр хэр олон хөгжиж буй орон Хятадтай худалдааны эерэг тэнцэлтэй байгаа вэ. Мэдээж шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Гэвч бид дэргэдээ байгаа дэлхийн хамгийн том зах зээлийг түлхэх биш, харин ч яаж гадаад худалдаагаа улам өргөжүүлж болох вэ гэж бодох ёстой. Цар тахал дөнгөж эхэлж байхад нөхцөл байдал өнөөдрийнхөөс хүнд, хатуу дэглэмтэй байсан үед манай хоёр орны худалдаа хэвийн үргэлжилж байсан гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй байх. Тэгэхээр асуудлыг Хятад хилээ хаалаа биднийг боож байна гэж харахаас илүүтэй бид бэлтгэл ажлаа хэр хангасан бэ. Хөрш орны тавьж буй эрүүл шаардлагыг биелүүлж байна уу гэдэг талаас харах нь зөв гэж бодож байна. Канад улсын худалдааны 80 хувь нь өмнөд, умард хөрш АНУ-тай байдаг. Тэглээ гээд тэр улс гутраад харанга дэлдээд байхыг үзээгүй. Аливаа улсын барааг авдаг худалдааны түншгүй байвал харин тухайн улсдаа аюул нүүрлэж буй нь тэр. Дэлхийн зах зээл гэдэг бол нэн өрсөлдөөнтэй талбар. Аливаа бараа бүтээгдэхүүнийг дэлхийн олон нийлүүлэгчээс авч болдог. Энэхүү “Өршөөлгүй өрсөлдөөн дунд” тухайн улсын барааг авдаг түнш байна гэдэг бол олзуурхах асуудал. Уг нь манай өмнөд хөршийн зах зээл дээр бараагаа борлуулахын төлөө дэлхий өрсөлдөж байгаа шүү дээ. Тэр өрсөлдөж буй ихэнх улс манай хөршөөс алс хол оршиж байгаа. Бид яг хаяанд нь байна. Тээвэрлэлтийн зардал талаасаа аваад үзвэл манай экспорт нэн өрсөлдөхүйц нөхцөлтэй байгаа гэсэн үг. Харин манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ийм механик, дунд сургуулийн алгебрын харьцаа орчихсон. Хоёр хөрш нэмэх нь гуравдагч хөршүүддээ л аминдаа гурав хуваагаад гаргачихсан “суут” тооцоо, харьцаа юм л даа. Ухаандаа таны үйлдвэрлэж буй нэг барааг нэг худалдан авагч мөнгийг нь төлөөд бүгдийг нь авъя гэсэн чинь “өөрөө намайг хараат болгох гэдэг ямар муухай этгээд вэ, би бүгдийг нь өгөхгүй, өөр алс хол оршдог түншдээ илүү зардал гаргаад ч болов хүргэж өгнө. Тэгээд тэр нь тээвэрлэлтийн үнэ өртөгнөөсөө болоод дэлхийн зах зээлд өрсөлдөх үнэ бүхий байж чадахгүй ч байсан би түүндээ л бүтээгдэхүүнийхээ 30 хувийг өгнө. Харин тэр маань авах авахгүйг мэдэхгүй ч түүндээ л хадгалж үлдээнэ” гээд байгаатай адилхан юм. Уг нь бид чөлөөт зах зээлийн эдийн засаг номлодог улс юм л даа. Гэтэл чөлөөт зах зээлийг аюулгүй байдлыг нэн анхаардаг аюултай нөхдийн үзэмжээр 30:30:30-аар зохиомлоор хуваарилах гээд байгаа юм. Зах зээл үүнд тийм дуулгавартай захирагдах уу. Захирагдвал бид зах зээлийн нийгэмд амьдарч байх уу. Чөлөөт зах зээл гэж ярьчихаад ийм юм ярихаар нөгөө чөлөөт зах зээлийн тухай ухагдахуунаа үгүйсгээд байгааг ойлгож буй эсэхийг би мэдэхгүй. Ийм логик нэгэнт ашиглая гэвэл шатахуун дээр ч адилхан үйлчилнэ биз дээ. Хойд, амнөд хөршүүдээс 30:30 хувийг, гуравдагч хөршөөс 30 хувийг тив дэлхий дамнуулан нөгөө хоёрынхоо л нутгаар зөөвөрлөн авчирна. Ингэвэл шатахууны хомсдолд шууд л орно биз дээ. Хаанаас хамгийн хямд үнээр оруулж ирж болж байна, тэндээсээ л оруулах ёстой.

-Тэр ч тодорхой асуудал байх. Ер нь бид Хятадын зах зээл рүү яаж орох вэ. Тийм боломж байна уу?

-Түрүүний ярьснаа үргэлжлүүлэхэд аюулгүй байдлын халууралд орон үнэтэй шатахуун нийлүүлээд эхэлбэл харин жинхэнэ хөгжлийн хурдацад саад болсон аюул болж хувирна биз. Тэгээд ч манай хамгийн амжилттай хийж болох экспортын бүтээгдэхүүн нүүрсний хувьд ахиухан хэмжээгээр борлогдох найман жилийн л хугацаа үлдээд байгааг бодолцож байгаа болов уу. 2030 оноос угаасаа дэлхийн дулаарлыг бууруулах бодлогынхоо хүрээнд БНХАУ эрчим хүчний нүүрсний импортоо буулгахаар байгаа. Энэ нь манайд ч хамаатай байж таарна. Юун 80 хувь, юун 30 хувь. Нүүрсний борлуулалт эрс багасч болзошгүй байгааг эртхэн сэрж бодолцох л хэрэгтэй. Болж байгаа дээр нь өөрөө өөртөө хязгаарлалт тавилгүй ахиухан борлуулж, хуримтлал үүсгээд экспортын өөр нөөц салбаруудаа хөгжүүлэх хэрэгтэй.

-Ингэхийн тулд мөнгө л хэрэгтэй болно доо…

-Тийм, мөнгө л хэрэгтэй. Мөнгийг ахиухан экспорт хийж байж л хуримтлуулна. Түүнээс гоё үгсээр аж үйлдвэрийн нэг ч салбар босохгүй. Учир нь гоё үгс дэндүү хямдхан, дэндүү хоосон. Тэгэхээр бид бодлынхоо өнцгийг өөрчилж, сүүхээ самбаатай, санаачилгатай ажиллаж байж л энэ их өрсөлдөөний далайд орон зайгаа баттай хадгалан урагшилна. Тэгсэн цагт бид экспортоо төрөлжүүлж чадна. Экспортынхоо бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц чанар, үнэ, хэмжээтэйгээр төрөлжүүлэн өсгөвөөс зах зээл өөрөө төрөлжин тэлнэ. Тэгвэл 30:30:30 гэсэн захиргаадалтын шинж чанартай хуваарьтайгаар худалдаа маань өрнөдөггүй юм гэхэд ядаж боломжийн хэмжээнд олширсон, төрөлжсөн зах зээлтэйгээр хөгжих байх. Харин бодлын өнцгөө, хандлагаа өөрчлөөгүй цагт цар тахалгүй байсан ч, хил хагаагүй байсан ч өөрөө өөрсдөдөө бий болгосон мэлмий, ухааны хаалтандаа түүртэн амжилттай урагш хурдалж чадахгүй л болов уу. Бид яг ингэсээр ч ирсэн шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *