Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанаар Ковидын нэг удаагийн хууль буюу “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгах асуудлыг хэлэлцэж, саналаа нэгтгэжээ. Бүлгийн гишүүдийн олонх нь цар тахлын хуулийг дахин зургаан сараар сунгахыг дэмжсэн байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж, бүлгийнхээ дэмжлэгийг авсан байна.
Энэ долоо хоногт Засгийн газар цар тахлын хуулийг сунгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтсон байна. Ингэснээр 2020 оноос хойш цар тахлын хуулийг гурав дахь удаагаа сунгаж байна гэсэн үг.
Цар тахлын хуулиар онцгой үед нийгэм эдийн засгийн чухал асуудал, шийдвэрийг заавал УИХ хэлэлцэхгүйгээр Засгийн газар дангаараа шийдвэр гаргах эрхийг нээсэн юм. Гэхдээ энэ хуулийг дахин сунгахдаа тодорхой хязгаарыг зааж, зарим арга хэмжээг үргэлжүүлэх бололтой. Жишээ нь, Засгийн газраас хийсэн 90 гаруй албан тушаалтны түр томилгоог Төрийн албан зөвлөл, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх саналыг бүлгийн гишүүд хэлсэн байна.
Цар тахлын хуулийн хүрээнд иргэдийн ипотекийн зээлийн сар бүрийн эргэн төлөлтийг хойшлуулж, хугацаагүй хадгаламжинд хүү тооцохгүй байх зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Гэхдээ эдгээр шийдвэр цаашид үргэлжлэх эсэх нь тодорхой болоогүй байна.
Өнөөгийн хэрэгжиж буй цар тахлын хуулийн хэрэгжиж буй хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Хэрвээ УИХ хуулийг дахин зургаан сараар сунгавал 2022 оны долдугаар сарын 01-нд хүртэл хэрэгжинэ гэсэн үг.