Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сансарт үйлдвэрлэл явуулах туршилтын хиймэл дагуулыг 2022 оны сүүлээр дэлхийгээс хөөргөнө

Өнгөрсөн онд Их Британийн Жош Уэстерн, Эндрью Бэкон нар Space Forge нэртэй компаниа автомашины гараажид байгуулж байжээ.

Тэд дэлхийд явагддаг аж үйлдвэрлэлийг сансарт гаргах том зорилго тавьсан юм.

Тэгвэл Кардиф хотод үйл ажиллагаагаа явуулж буй хоёр бизнесмэн өнөөдөр 25 ажилтантай болж, энэ долоо хоногт хөрөнгө оруулагчдаас $10 саяын санхүүжилт авчээ.

Space Forge компани одоо металл хайлш гаргах, эм болон хагас дамжуулагч эд анги үйлдвэрлэх үйл ажиллагааг сансарт явуулж, эцсийн бүтээгдэхүүнийг нь дэлхийд авчирдаг болохоор ажиллаж байна.

Тэдний туршилтын хиймэл дагуул 2022 оны сүүлээр дэлхийн тойрог замд орохоор төлөвлөгджээ.

“Дэлхий бол хүн амьдрахад гайхамшигтай сайхан, харин үйлдвэрлэл явуулахад хэцүү газар юм. Энд ямар нэг юм үйлдвэрлэхэд татах хүч, нягт агаар мандалтай тэмцэхийн хажуугаар хаягдал гаргахгүй байх ёстой болдог. Харин сансарт үүнийг хийвэл саад болох ямар ч татах хүч, агаар мандал байхгүй, хүрээлэн байгаа орчныг бохирдуулах асуудал ч гарахгүй юм. Үүнээс гадна багаж зэвсгээ наранд ил гаргах, эсвэл холдуулах замаар хурдан халааж, хөргөх боломжтой” гэж Уэстерн ярьж байна.

Одоо тэд ForgeStar туршилтын хиймэл дагуулаа хэрхэн дэлхийн тойрог замд оруулах талаар Их Британийн болон Европын сансрын байгууллагуудтай хэлэлцэж байгаа гэнэ.

Өртөг зардлыг бага байлгах үүднээс Virgin Orbit компанийн хөгжүүлж буй сансарт хиймэл дагуул хөөргөх энгийн аргыг судалж байгаа ажээ. Virgin Orbit нь аварга том нисэх онгоцоор жижиг пуужинг агаар мандлын дээд давхаргад тээвэрлэн хүргэсний дараа сансарт хөөргөдөг юм.

ForgeStar хиймэл дагуул дэлхийн тойрог замд нэгээс зургаан сарын хугацаанд ажиллахдаа газар дээр үйлдвэрлэх боломжгүй хайлш, эм, хагас дамжуулагчийг роботын тусламжтай үйлдвэрлэж турших юм байна.

Тухайлбал харилцаа холбоонд ашигладаг фторт шилэн кабелын утсыг дэлхийд үйлдвэрлэхэд агаар саад болдог бол сансарт үйлдвэрлэхэд маш тунгалаг бүтээгдэхүүн гарч, дохио дамжуулах чадвар нь 10-100 дахин сайжирдаг гэнэ.

Space Forge компанийн санаачилга маш олон хөрөнгө оруулагчийн анхаарлыг татаж, АНУ, Их Британи, Европын хэд хэдэн сан хөрөнгө оруулахаар болжээ. Тухайлбал АНУ-ын SpaceFund, Германы World Fund сангууд үүнд нэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *