Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталснаас хойш, өнөөдрийг хүртэл зургаан удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж буй тул 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа, үзэл баримтлал, Ерөнхий төлөвлөгөө гэсэн үе шаттай боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөнд яам, агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна. Иргэдийн хувьд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан зарим ажлаас дурдвал, авто замын сүлжээг шинэчлэн сайжруулах бөгөөд төлөвлөлтөөр 1338,2 км авто зам төлөвлөж нийт 2463,5 км-т хүргэх аж. Үүнээс дагуул хот тосгодод 986,3 км замыг төлөвлөжээ. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн салбарыг олон төрөл болгох, шаардлага хангахгүй барилга байгууламж, хотын төвийн болон гэр хорооллын нутаг дэвсгэрийг дахин төлөвлөж хөгжүүлэх зэрэг багтжээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. Ээлжит бус хуралдааныг энэ сарын 11-ний өдөр товлолоо.

10.64 га газрыг нийтийн эдэлбэрт газарт авлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамжаар “Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гарч, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудыг хамгаалах, ашиглалтын байдалд хяналт тавих, тохижилт арчилгааг тухайн дүүргийн Засаг дарга нарт хариуцуулан ажиллаж буй. Тиймээс нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд дахин судалгаа хийсэн байна.

Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 30-ны тогтоолоор нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөд 17 байршлын 10.64 га газрыг тодорхойлон , нийтийн эдэлбэр газарт авахаар тусгасан байна. Үүнд:

  • Баянгол дүүрэгт 1 байршилд 0.22 га
  • Сонгинохайрхан дүүрэгт 3 байршилд 1.91 га
  • Сүхбаатар дүүрэг 5 байршилд 1.70 га
  • Хан-Уул дүүрэгт 4 байршилд 6.04 га
  • Чингэлтэй дүүрэг 4 байршилд 0.77 га газрыг тус тус нийтийн эдэлбэр газарт авахаар танилцууллаа.

Эдгээр эдэлбэр газарт бичил цэцэрлэг байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Хэлэлцүүлгийн үеэр Тэргүүлэгч Д.Гантулга “Нийтийн эдэлбэр газарт Баянзүрх дүүрэг, Нарны зам дагуух Замын цагдаагийн байр баригдахаар төлөвлөгдөж байсан газрыг авч болох уу” гэдгийг тодрууллаа. Тэгвэл энэхүү газар дээр цэцэрлэг барихаар газрын гэрчилгээг гаргаж буй бөгөөд нийтийн эдэлбэр бус боловсролын зориулалттай газар болж буйг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар хэллээ. Үүний дараа Тэргүүлэгчид дээрх тогтоолын төслийг дэмжин, батлав.

Машин ачилтын журамд оруулах өөрчлөлтийн саналыг танилцуулав

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулахтай холбоотой журмын хэрэгжилтийн явц, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах чиглэлээр болон шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.



Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Тэргүүлэгчдэд санал дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт “Энэхүү үйлчилгээ байх нь зөв. Гэхдээ төр хамтарсан байдлаар ажиллуулах, автозамын санд уг үйлчилгээнээс тодорхой хэмжээний хувийг төвлөрүүлэх, гэрээт цагдаа ажиллуулах, иргэдэд урьдчилан утсаар мэдэгдсэний үндсэн дээр ачих…зэрэг дүгнэлт гаргалаа” хэмээв. Тэрбээр мөн “Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм” гэлээ.

Товчхон

  • Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэр өөрчилж, дүрмийг батлах тухай тогтоолыг баталлаа. Энэ тогтоолын дагуу Улаанбаатар чуулга ОНӨТҮГ-ын нэрийг Улаанбаатар театр ОНӨТҮГ болгон өөрчилж байна.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс байгуулсан. Уг ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлтээ өнөөдөр Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд саналаа хэрхэн өгөх вэ

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдээс аравдугаар сарын 29-нийг дуустал цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүрийн санал чухал юм. Иймээс хороон дээрээ очиж санал өгөх иргэдийн хувьд харьяа хороон дээрээ очин, хэвлэмэл товч танилцуулгатай танилцаж, хорооны хэсгийн байцаагч, эсвэл зохион байгуулагчаас саналын хуудас авч бөглөснөөр саналаа өгнө. Харин цахимаар бол дараах зааварчилгааны дагуу саналаа өгч, нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулаарай.

Цахимаар www.ulaanbaatar2040.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой. Мөн QR код бүхий постерийг харьяа хороо, дүүргүүдэд байрлуулсан. Энэ QR кодыг гар утасны камераар уншуулахад веб сайт руу шууд нэвтрэх юм. Та www.ulaanbaatar2040.mn сайт руу нэвтрэн орсноор товч танилцуулга, санал өгөх, видео танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэл гэсэн үндсэн цэс бүхий цонх гарч ирнэ.

Үүний санал өгөх гэсэн цэс рүү орсноор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх хэсэг гарч ирнэ. Санал өгөхөөс өмнө хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцахын тулд “Товч танилцуулга үзэх” гэсэн холбоосыг дарж, товч танилцуулга хэсэг рүү шилжих, эсвэл гар утасныхаа камерыг нээн дээр харагдах QR кодыг уншуулснаар мэдээлэл авах боломжтой.


Товч танилцуулгыг уншиж танилцсаны дараа санал өгөх хэсэг рүү буцаж орно. Та өөрийн овог, нэрээ бичнэ. Мөн өөрийн байнга оршин суудаг дүүрэг, хороо, харгалзах насны ангиллаа сонгох юм. Та өөрийн амьдарч буй орчиндоо 1-10 хүртэлх үнэлгээ өгнө. Нэг оноо муу гэсэн илэрхийлэл бол 10 оноо сайн гэсэн илэрхийлэл.


Та хариулт өгөхдөө бүлэг тус бүрээс хамгийн чухалд тооцсон нэг хариултыг сонгоно. Дараа нь таны амьдарч буй орчныг сайжруулахад нэн тэргүүнд хийвэл зохих ажлуудын жагсаалт гарна. Та энэ хэсэгт гурав хүртэл хариултыг сонгох боломжтой.

Дараагийн хэсэгт та хотын хөгжилд өөрийн зүгээс оруулах хувь нэмрийг бичнэ. Жишээ нь, хогоо ангилан ялгадаг болно гэх мэт.

Үүний дараа та хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг дэмжих, өөрчлөлт оруулах гэсэн хоёр сонголт бүхий товчноос аль нэгийг нь сонгоно. Танд төсөлд өөрчлөлт оруулах санал байхгүй бол төслийг дэмжих товчийг дарж, төсөлд саналаа илгээх товчийг дарна.

Хэрэв танд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд өөрчлөлт оруулах санал байгаа бол төсөлд өөрчлөлт оруулах саналтай байна гэсэн товчийг дармагц санал, шүүмж бичих цонх бий болно. Уг цонхонд та хэдэн ч тэмдэгт бичих боломжтой. Ингээд төсөлд саналаа илгээх товчийг дарна.

Та төсөлд саналаа илгээх товчийг дармагц дараагийн цонх руу шилжих бөгөөд таны овог, нэр бүхий талархлын сертификат бэлэн болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улаанбаатар хот

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж дэмжигдсэн. Тус баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-аас өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх материалыг танилцуулав.

Танилцуулгыг “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа хийлээ. Тэрбээр “Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад тулгуурлан Тогтвортой, Компакт, Хүртээмжтэй, Хэмнэлттэй, Дасан зохицох, Идэвхтэй хот байх зорилтуудыг тодорхойлж, Улаанбаатар хотыг 2040 он гэхэд амьдралын таатай орчин бүрдсэн хот болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүлсэн” хэмээн онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы зүгээс холбогдох албаныханд хандаж, тайланд тусгагдсан боловч танилцуулгад ороогүй асуудлуудыг танилцуулгад дэлгэрэнгүй нэмж оруулах үүрэг даалгаврыг өглөө. Мөн “Тооцоо, судалгаагаа илүү нарийвчлан гаргах шаардлагатай” гэдгийг онцолж хэлэв.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэний үндсэн дээр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Барилга хот байгуулалтын яамтай хамтран боловсруулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш тав дахь удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол улсын архитектор, инженерүүд боловсруулж Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж, Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Хот байгуулалт, хөгжлийн газар боловсруулаад байна.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ, СУУРЬ СУДАЛГАА”, “КОНЦЕПЦ”, “ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” гэсэн гурван үе шаттай хийж гүйцэтгэж байгаа бөгөөд эхний үе шат “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”-г 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн.

Хоёр дахь үе шат “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны есдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд тус асуудалтай холбогдуулан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, НИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахыг үүрэг болгосон.

Тус ажлын хэсэг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдөөс санал авах, Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг хийж санал, зөвлөмж авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Төлөөлөгчдөөс ирүүлсэн болон Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-д шинээр нэмж тусгах асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны арвандүгээр сарын 22-ны өдрийн Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар, 2019 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдлээ.

Гурав дахь үе шат Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн батлуулж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Барилга хот байгуулалтын яамтай хамтран боловсруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан” зарлалаа

Нэг. Ерөнхий агуулга

1. ЗОРИЛГО
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, алсын хараа зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно.
2. УРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад.
3. УРАЛДААНД ОРОЛЦОХ ХЭЛБЭР
Хот төлөвлөлтийн судалгааны баг бүрдүүлж оролцоно. Баг бүр ахлагчтай байна.
4. ХУГАЦАА
Уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл явуулна.
5. АЖЛЫН БҮРДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Бичиглэлийн бүрдэл: Тайлбар бичиг 29.7х29.7см формат, товч тайлбар, танилцуулга А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/
• Зураглалын бүрдэл: Зураглалын альбом 29.7х29.7см формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg/, үзэсгэлэн гаргах
• Үзэсгэлэнгийн материал: Самбар 1.5х3.0м /даавуун хэвлэл/, хөлтэй самбар /1.6х0.6м/, товч танилцуулга /PowerPoint, Prezi/
6. ЗОХИОГЧИЙН ЭРХ
• Шагналт байранд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч байгууллагын талд үлдэх ба цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана.
• Шагналт байранд шалгараагүй бусад бүтээлийг хувь хүн, албан байгууллагад худалдах, шилжүүлэх, хувилан олшруулах, бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүргийг зохион байгуулагч тал хариуцна.
• Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд захиалагч байгууллагын архивд үлдэнэ.
• Шилдэг санааг боловсруулсан хот төлөвлөлтийн судалгааны багийн төлөөллөөс сонгон зохиогчийн баг, зөвлөхийн багт оролцуулна.
7. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ
Уралдаанд оролцох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 – 15:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 11 давхрын хурлын танхим/
8. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
• Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар;
• “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ

Хоёр. Шалгаруулалт, шалгуур үзүүлэлт, шагнал, урамшуулал

9. КОНЦЕПЦЫН шалгаруулалт

Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон концепцын уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд концепцын уралдаанд ирүүлсэн бүтээлийг дараах байдлаар оноо өгч дүгнэнэ.

Үзүүлэлт

Онооны бүтэц

Оноо өгөх хэлбэр

1.

Иргэд, олон нийтийн санал

10

Үзэсгэлэнгийн үеэр иргэд, олон нийтээс нээлттэй санал авч үнэлэх;

2.

Бүтээлд ирүүлсэн шүүмж

10

Үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачдын ирүүлсэн шүүмжийг үнэлэх;

3.

Ажлын даалгаврын дагуух үндсэн шалгуур үзүүлэлт

80

Концепцын уралдааныг дүгнэх комиссын гишүүд шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх.

Нийт

100

10. КОНЦЕПЦЫН шалгуур үзүүлэлт

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны бүтээлд тавигдах шаардлагын дагуу боловсруулсан бүтээлийн агуулга, ажлын даалгаврын дагуух үндсэн шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

Үзүүлэлт

Оноо

Тайлбар

1.

Хотын алсын харааг тодорхойлсон байдал

14

Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг тодорхойлохдоо дэлхийн болон олон улс, Монгол Улсын хөгжлийн түвшинд гүйцэтгэх үүрэг, байр суурийг тодорхойлж хотын үнэт зүйл, давуу тал, онцлогийг илэрхийлсэн алсын харааг боловсруулсан байдал;

2.

Хотын хөгжлийн зорилгыг тодорхойлсон байдал

14

Улаанбаатар хотын хөгжлийн зорилгыг тодорхойлохдоо ирээдүйд бий болох нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж 2040 онд хүрэх зорилгыг тодорхойлсон байдал;

3.

Хотын хөгжлийн зорилтуудыг тодорхойлох

14

Улаанбаатар хотын алсын хараа, хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд салбар тус бүрд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон хөгжлийн зорилтуудыг боловсруулсан байдал;

4.

Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох

14

Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо хотын хөгжилд үзүүлэх эерэг нөлөөлөл, ач холбогдол зэргийг үнэлсэн байдал;

5.

Ирээдүйн хөгжлийн төсөөлөл

14

Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйн дүр төрх, онцлог шинж чанарыг илэрхийлсэн дизайн бүхий хөгжлийн төсөөллийг боловсруулсан байдал;

6.

Бүтээлийг олон нийтэд үзүүлэх хэлбэр

5

Өөрсдийн боловсруулсан бүтээлийг олон нийтэд үзэсгэлэн хэлбэрээр үзүүлэх материал бэлтгэсэн байдал;

7.

Танилцуулга /илтгэл/

5

Ажлын хэсгийн хуралд өөрсдийн бүтээлийг танилцуулж, холбогдох асуултанд хариулж, бүтээлийг хамгаалсан байдал;

8.

Нийт

80

11.шүүмжийн шалгуур үзүүлэлт

Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон концепцын уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд концепцын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд өгсөн хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачдын шүүмжийг дараах байдлаар оноо өгч дүгнэнэ.

Үзүүлэлт

Оноо

1.

Хотын алсын харааг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

15

2.

Хотын хөгжлийн зорилгыг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

15

3.

Хотын хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

15

4.

Тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байдалд ирүүлсэн шүүмж

15

5.

Ирээдүйн хөгжлийн төсөөлөлд өгсөн шүүмж

15

6.

Шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмж өгсөн байдал

25

12.Шагналын сан, шагнал, урамшуулал

Нийт шагналын сан: 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг

Концепц:

· Шилдэг санаа: 20.000.000 /хорин сая/ төгрөг;

· 4 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 5 сая төгрөг/.

Шүүмж:

· Шилдэг шүүмж: 2.000.000 /хоёр сая/ төгрөг;

· 3 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 1 сая төгрөг/.

Жич: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулсан шилдэг 5 бүтээл шагналтай бөгөөд үзэсгэлэнгийн хугацаанд бүтээлүүдэд шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмжүүдийг шалгаруулж мөнгөн урамшуулал олгоно.

Гурав. Уралдаанд оролцох эрх авах

Уралдаанд оролцохыг хүссэн баг “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын 2612198311 (Улаанбаатар банк) тоот дансанд 999,000 төгрөг тушаасан баримттайгаа ирж уралдааны даалгавар болон холбогдох материалыг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-аас цахим хэлбэрээр авна. Үүнд:

1. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны удирдамж;

2. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны даалгавар;

3. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр /*.pdf, *.jpg/;

4. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатарын бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр /*.pdf, *.jpg/. Дэвсгэр зураг ороогүй.

Дөрөв. Маргаан шийдвэрлэх

Оролцогчид зөвхөн зохион байгуулагч талд дараах асуудлын хүрээнд гомдол гаргаж болох бөгөөд бусад асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч хэлэлцэхгүй.

· Зохиогчийн эрх зөрчигдсөн асуудлаар /Хувь хүн болон байгууллагын бүтээлийг хуулбарлаж оролцсон/;

· Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнд багтсан гишүүнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн үед;

· Уралдааныг дүгнэх комиссын гишүүд бүтээлийн үзэл санааг буруу ойлгож шалгаруулсан;

Гомдлыг шилдэг бүтээлийг шалгаруулж зарласнаас хойш 1 хоногийн дотор бичгээр үйлдэж зохион байгуулагчид хүргүүлнэ. Хугацаа хожимдсон болон гомдол гаргасан үндэслэлээ баталгаажуулж хавсаргаагүй гомдлыг хүлээж авахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/ 11-321943 утсаар болон www.mpa.ub.gov.mn сайтаас;

“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ /Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон 10 давхар, 1002 тоот/ 11-320753 утсаар болон http://updi.ub.gov.mn/ сайтаас тус тус лавлана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *