Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюу толгой” төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Тэрбээр, Засгийн газраас уг санал болон “Оюу толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа УИХ-д танилцуулах болсныг онцолсон юм.
“Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэнэ гэдгээ уг саналд дурдсан юм. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах боломжтой болох юм.
Мөн “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар саналдаа тусгасан юм. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгаад буй юм. Мөн хоёр талаас үүсгээд буй арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар шийдвэрлэх санал тавьсан байна.