Categories
мэдээ нийгэм

Дотуур байранд жил бүр 35 мянган хүүхэд амьдарч байна

“Хүүхэд хамгаалал-Дотуур байр” сэдвийн хэлэлцүүлэгт дотуур байрны хүүхэд хамгааллыг сайжруулах арга зам, туршлагын талаар хэлэлцлээ.

Дотуур байранд жил бүр 35 мянган хүүхэд 9 сарын турш гэр бүл, асран хамгаалагчаасаа хол амьдарч боловсрол эзэмшиж байна.

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “ЮНЕСКО-оос тодорхойлохдоо монголчууд малчдаа, нүүдэлчин соёлоо авч үлдье гэвэл тэдний орчны нөхцөл байдал, дотуур байр, төсвийн асуудлыг авч үзэх шаардлагатай хэмээн бодлогын зөвлөмж хүргэсэн. Энэ нь зөвхөн хүүхдэд ч хамаатай бус монгол гэсэн нүүдэлчин өв соёл, оршин тогтнох эсэхтэй холбоотой.

2017 онд Дэлхийн банк судалгаа хийхэд малчид дотроо чинээлэг, дунд зэрэг, ядуу гэсэн гурван янз байгааг тодорхойлсон. Тэр дундаа бага орлоготой бүлэг хүүхдээ дотуур байранд илгээдэг ба энэ нь нийгмийн тэгш бус байдлыг харуулж байна. Боловсролын багц хууль шинэчлэн найруулж байгаа энэ цаг үед дотуур байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг ярилцах шаардлагатай байна. Малчдын хүүхдийг боловсролд эрх тэгш хамруулах, үүнд чиглэсэн бодлогыг хэрхэн хөгжүүлэх, хүүхдийн эрхийг хангасан орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг хэлэлцэнэ” гэв.

Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбооны зохицуулагч Г.Ганцэцэг “Манай байгууллага эцэг эхийн зөвлөлийг шинэ түвшинд гаргах, багш нартай харилцаа холбоог өргөжүүлэх, сургууль дээрх засаглалыг бий болгох, сургуулийн орчин нөхцөл байдал, шийдвэрт оролцогч талын дуу хоолойг хүргэх зорилготой. Бид сургууль дээр өөрийн үнэлгээний системтэй ба дотуур байранд байгаа хүүхдүүдтэйгээ бүлгийн ярилцлага хийх, асуудлыг нь тодорхойлдог.

Хүүхэд зөвхөн тэнд байгаа ажилтуудтай л харьцаж байгаа учир тэдэнд тулгамдаж буй нарийн асуудлыг эцэг эх, багш нар тэр бүр мэддэггүй. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай засвар үйлчилгээний дүн шинжилгээг хийдэг ба сургуулийн төсөв мөнгөнөөс хэтэрсэн бол сум, аймгийн удирдлагад хандаж тодорхой төсөв тусгуулдаг.

Үүнд жишээ дурдахад Баян-Өлгий аймгийн Буянт сумын сургуулийн хөвгүүдийн дотуур байр хүн амьдрахын аргагүй буюу маш хүнд нөхцөлтэй, хүүхдүүд хоног төөрүүлэхийн тулд л дотуур байрандаа ирж хонодог, бусад үед хичээлдээ суугаад сумын төвөөр хэсэж яваад орой нь ирдэг гэсэн зүйлийг хэлсэн. байсан. Тухайн орчин хангалтгүй учир тэнд байгаа хүүхдүүдийн сурлага ямар байх, хэрэгт холбогдохгүй гэх баталгаа байгаа эсэх нь эргэлзээтэй байв. Тиймээс сургуулийн эцэг эх, багшийн холбоод хоёр жил дараалан нөлөөллийн уулзалт зохион байгуулж 75 сая төгрөгийн төсөв шийдвэрлүүлэн засвар хийж тус дотуур байрыг тухтай болгосон.

Мөн ЕБС-д 10-р сарын 1-нээс халаалт өгдөг байсан бол аймаг, сумдын удирдлагад танилцуулснаар 9-р сарын 1-нээс өгдөг болдог болсноор хүүхдүүдийн өвчлөл хичээл таслалт буурсан. Хүүхдийн байгууллагуудад 9-р сарын 1-нээс халаалт өгнө гэж заасан Эрчим хүчний сайдын тушаал байдаг ч сургуулийн удирдлага болон ард иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмагийн улмаас эрт халаалалтаа авч боломжоо алддаг. Гэтэл сумын төсөв хэмнэх зорилгоор л сургуулийн халаалт өгөхгүй байсан гэх хариу тайлбарыг өгч байгаа нь хүүхдийн эрх, сурах эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Үүний цаана багш, хүүхдийн эрүүл мэнд төдийгүй, хөдөлмөрийн бүтээмж буурах, хүүхдийн хичээл таслалт гээд чанарт сөрөг үр дагавартай юм. Тиймээс эцэг эх, багш нар нэгдэж асуудлын талаар мэдээлж, дуу хоолойгоо хүргэснээр асуудлаа шийдвэрлүүлж болдгийг эндээс харж болохоор юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *