Санхүүгийн зохицуулах хороо нь экспортлогч компаниудад зориулсан төлбөрийн эрсдэлээс хамгаалах нөхцөл бүхий “Экспортын зээлийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг энэ сарын 8-нд бүртгэлээ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр 2016 оноос “Экспортыг дэмжих төсөл” хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийн дэд бүрэлдэхүүн болох “Экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэх” хүрээнд “Экспортын зээлийн даатгал”-ын бүтээгдэхүүн гаргахаар “Үндэсний давхар даатгал” ХК ажилласан. Уг бүтээгдэхүүний дотоодын давхар даатгагчаар “Үндэсний давхар даатгал” ХК, харин гадаадын давхар даатгагчаар “Скор” давхар даатгалын компани ажиллах бол андеррайтингийн компаниар “Tinubu square” LLC ажиллахаар төлөвлөсөн.
Экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүн ийнхүү зах зээлд нэвтэрснээр экспортлогч компанийн хувьд дансны авлагыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, борлуулалтын эргэлт, бизнесийн ашигт ажиллагаа нь нэмэгдэх, түүнчлэн зээлийн эрсдэл буурах бол Монгол Улсын макро эдийн засгийн хувьд олон улсын экспортын урсгалыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах нөхцөл боломж бүрдэх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.