Categories
мэдээ нийгэм цаг-үе

Том зорилгод том шалтгаан дандаа хөндөлсдөг

– “БОДЬ СЭТГЭЛ, ЭВ ХАМТ ЁС-ГАНЦААРЧИЛСАН ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС НИЙГМИЙНХЭЭ БҮХ ДАВХАРГААЖИЛТ, САЛБАРЫН АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТЭН, СЭХЭЭТНҮҮДЭД ИЛГЭЭХ ФИЛОСОФИ ЗАХИДАЛ-УЧИРЛАЛ-


“Азийн тэргүүн найрагч” өргөмжлөлт, нэрт зохиолч, сэтгэгч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхайн Монголын ард түмэнд хандаж бичсэн захидлыг “Өдрийн сонин” бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм мэргэн уншигчдынхаа бүгдийн тань амар амгаланг эрж амьдралын сайн сайхан бүгдийн аль дээдийг хүсэн ерөөе! Бүгдэд тань хайртай шүү! Үргэлж сэтгэл хамт шүү!

Та нарт минь энэ философи-“учирлал”-ыг уншихад зүдэргээтэй байх ч магадгүй, иймд уншихгүй өнгөрсөн ч болох хэрэг, энд бичигдсэн философи агуулга, чиглэлийн сэтгэмжүүд бидний цөөхөн монголчуудын амьдрал, нийгмийн зарим үзэгдлийн талаарх миний хувийн энгийн ажиглалт, мэдрэмжийн тусгал бөгөөд сэтгэлийн минь хий зовиурлал болохоос биш, энэ талаар надад шинжлэх ухааны бодитой судалгаа, баримт, математик тооцоо байхгүй, гэхдээ л, нүдээ аниад дуугай суугаад байхын муухай нь, өдий өндөр насанд намба алдаж шумуул шунгинахаас дор чимээ гаргахын муухайгаас үлэмж хэцүү байх тул бичихийг зорихоос аргагүйдлээ.

Би бээр 1980 оны адаг, 1990 оны эхээр Монголын Зохиолчдын Эвлэлийн хороонд “Мэргэжлийн зохиолч”-оор ажилладаг, “Долоо хоног”-ийн нэг гаригт нь ганц удаа байгууллагадаа ирж “Улс төрийн сонсгол”-д суудаг, бусад гаригуудад нь гэртээ бие даагаад “Учрахуй, Хагацахуй” гэдэг роман гурван жилийн хугацаанд бүрэн бичиж дуусгах гэрээтэйгээр “Гэлэн Чингэлтэй” хайрханы Яргайт, Шаддүвлин, Салхитын амуудаар сэлгэн нүүдэллэж амьдрахдаа Чингэлтэй хайрханы өвөр хярын асганд бүхий нэг ширээ дөрвөлжин чулуу сандайлж тухлаад нэг хэцүү бодолд үргэлж автдаг байлаа. Дүнжингарав руугаа, Туул голынхоо эрвэгэр сэрвэгэр бургасууд руугаа, утаа тортог, тоосон “үүлэн”-д бүгэлзэх Нийслэл хот руугаа ширтэн бодлогоширохуйд толгой дотроос ганц л гунигт бодол эс сална. Толгой дотор ч, сэтгэл дотор ч байнга эргэлдэх тэр бодол хариу олдохгүй нэг асуултаар дандаа ээрч зовоодог нь олон жил үргэлжиллээ.

Тэр хэцүү, гашуун асуулт, -“Миний эх орон, миний ард түмэн түүхэн туршаа (XIII зууныг эс оролцуулбал) эдийн засгийн хөгжил, ахуй амьдралынхаа түвшнээр яагаад ямагт бусдаас тээр доор хаягданги, бусдаас ямагт хараат, улс төрийн харилцаа хэдэн зуунаар дандаа бусдын эрх мэдэлд атгаастай, ард түмэн минь яагаад оршихуйнхаа бүх хугацаанд дандаа тартаг, зүдүүгийн “хараал идсэн” гачигдал, хясаанд нэрвэгдэж амьдарсаар ирснийг, өнөө ч хэвээр амьдарсаар буйн гол шалтгаан чухам юунд байна вэ? Яагаад бид энэ бодит үнэний боол хэвээр (XXI зууны эхний мөчлөг ороод!) амьдралаа үргэлжлүүлэхэд хүрч байна вэ? гэдэг асуулт!

Надад хариу олдохгүй, би ч олж чадахгүй өөртөө гутраад л, хариулт заавал шаардаад амраахгүй байгаа “нойтон хамуу” асуултад хорсоод л, толгойгоо “ташуурдаад” л, тэгж тэгж, яах вэ, чааваас, мэргэд та нарт минь эргэлзээтэй байх байтугай өөрт минь ч эргэлзээтэй, ингэхлээр та нар минь ч “Байхгүйд мундахгүй!” гэдэг л болж дээ! гэж дотроо бодон инээлдэж ч мэдэх гуравхан хариулт олсныгоо толилуулаад орхивол яадаг бол? Хэн нэг нь уншиж завдаад юу нэгийг дуугарвал, надад цаашдаа тус болох нь эргэлзээгүй гэж бодлоо.

Миний хувьдаа олсон гурван хариулт их энгийн юм.

Нэгд, Үндэсний хөгжлийн “Нэгдмэл, монгол философи онол”-гүй, үндэсний биеэ даасан сэтгэлгээний “тусгаар тогтнол”-гүй, байгальлаг, урсгал ахуй амьдрал;

Хоёрт, Үндэстний ахуй, харилцаан дахь эв нэгдлийн “татах хүч”-ний усталт;

Гуравт, Хүн зон өөр хоорондоо нигүүлсэх, хайрлах сэтгэлээр шүтэн барилдаж оршин тогтнох ёсны гээгдэл;

Одоо, Үндэсний ахуйн биеэ даасан хөгжлийн “Монгол гүн ухааны систем” боловсруулах оролдлого хэрхэн хийсэн, хэрхэн мухардсан тухайгаасаа эхлээд дээрх шалтгаануудын тус тусын учир, холбогдлын тухайд өөрийн бодол, эргэцүүллээ цухас цухас үргэлжлүүлье: Монголчууд бидний аль ч түүхэн үеийн “мөнхийн дагуул”-нийгэм, эдийн засгийн хоцрогдол, бусдаас байнгын хараат ахуй, оршихуйн шалтгааныг би эхлээд, марксист – материалист онолоор боддог, үүнд; хүн ам асар цөөн, суурьшил саланги тархай, нягтрал, төвлөрөлгүй, үйлдвэрлэл, таваар-мөнгөний харилцаа үүсээгүй, үндэсний оршин тогтнохуйн гол эх сурвалж байсан мал аж ахуй, бага сага “гар тариалан” нь байгаль-цаг уурын таатай, таагүй нөхцөлөөс бүрэн хамааралт, бүтээгдэхүүн нь зөвхөн өрх өрхийн натурал хэрэглээний зориулалттай, улс орны амьдралд дэлхийн шинжлэх ухаан, соёл, боловсролын дэвшил нэвтрээгүй, оюун санааны амьдралын өв уламжлалд нь “Бөө шүтлэг”, Буддын “Шарын шашин”-ы номлол, сургаал, зан үйл дангаар ноёрхсон ноомой хүлцэнгүй чанар агуулгатай, үндэстэн, ястны “амьдрах арга”, хэвшил, загварын тогтолцоо нь, үндсэндээ, “идэвхгүй зарчим”-ын үйл ажиллагаагаар хязгаарлагдмал, нийгмийн хөгжлийн хурц зөрчил, тэмцэл, өрсөлдөөний шинэчлэлгүй алмай амгалан мөн чанартайд оршино! гэсэн дүгнэлттэй байв. Харин, тэндээс жаахан цааш нь ухаад, жаахан жаахан ахиулаад бодоод байтал, үгүй байна аа, эдгээр бодит хүчин зүйлүүд Монголын түүхийн “байнгын дагуул”-нийгмийн амьдралын хоцрогдол, бусдаас ямагт хараат оршихуйн үндсэн шалтгаан ер биш, үндсэн шалтгаан нь өөр ноцтой хүчин зүйлд оршин байх шиг харагдаад ирэв.

Алив үндэстний нийгмийн хоцрогдлын гол шалтгаан нь тухайн үндэстэн оюун санаа, сэтгэлгээний хувьд биеэ дааж чадаагүй, ахуй оршихуйнхаа зорилго, утга агуулгыг тодорхойлох үндэсний философи сэтгэлгээний “тусгаар тогтнол”-оо бодитой олоогүй, ертөнц, нийгэм, хүний амьдралын хөгжил, үйл явц, зүй тогтлыг өөрийнхөөрөө үзэх, өөрөө бие даан танин мэдэх, тайлбарлах “Үндэсний гүн ухаан”-ы тогтолцоог боловсруулаагүй, бусдын оюун санаа, сэтгэлгээний үзэл баримтлалын заавраар “дөрлүүлэн” амьдарч байдагт оршдог юм байна.

Монголчууд бид улс үндэстэн болж бүрдэнгүүтээ, юуны өмнө, үндэснийхээ оршин тогтнохуйн болоод амьдрал, хөгжлийнхөө бүх үйл явцыг судлан нэгтгэсэн “Үндэсний философи”-ийг, өөрөөр хэлвэл, улс үндэстний хувьд өөрийн биеэ даасан үзэл санааны цогц онолын тогтолцоог үндэснийхээ сэтгэлгээгээр бүтээж, тэр үзэл онолоо мөрдөн баримталж ахуй амьдралаа удирдах ёстой байжээ. Учир нь, өөрсдийн биеэ даасан оюун санаагаар боловсруулсан “Үндэсний философи”-оороо ертөнцийн оршихуй доторх ил, далд үйл явцуудын нууц руу харах “цонх”, билиг бэлгүний “луужин” хийж, юмс, үзэгдэл хэрхэн үүсч, хэрхэн төгсөж, хэрхэн зөрчилдөж, хэрхэн нэгдэж, хэрхэн оршин тогтнож, хэрхэн хөгжин өөрчлөгдөж байдаг зүй тогтлыг танин мэдэж, идэвхтэй зохицон амьдрах арга зам, ахуй харилцаагаа зөв сонгож, зөв бүрдүүлж чадсан улс үндэстэн л биеэ дааж хөгжих нөхцөлөө өөрсдөө хангаж чаддаг, эс чадсан нь бусдын сэтгэлгээ, “Амьдрах арга”-ыг зөвхөн “Хэрэглэгч”, тэдний эрх ашгийн дуулгавартай “Боол” чанартайгаар амьдарч ирсэн нь түүхийн бодит үнэн болж үлджээ.

Зөв ч бай, буруу ч бай, би хувьдаа ийм “нээлт” хийгээд, энэ “нээлт”-эндээ тулгуурлан, “Үндэсний монгол философийн цогц систем” боловсруулахаар шийдэж амьдралынхаа олон жилийг залуудаа зарцууллаа.

“Философийн систем” бүтээхэд, орчлонг бодитой зүйл гэж үзэх үү, хийсвэр зүйл гэж үзэх үү, хэрэв бодитой зүйл гэж үзвэл бодит юмсын үүтгэл анхдагч яг юу байсан бэ? гэдэг асуудлыг априор сэтгэлгээгээр юуны өмнө заавал шийдэх хэрэгтэй юм. Дэлхийн том сэтгэгчид энэ асуудлыг өөр өөрийнхөөрөө, “Матери”, “Оюун санаа”, “Хоосон чанар”, “Бурхан”, “Монада”, “Субстанц” гэх мэтээр шийдсэн боловч аль аль нь “үнэмлэхүй үнэн”-ээр хүлээн зөвшөөрөгдсөн ялалт ч үгүй, няцаагдсан ялагдал ч үгүй маргаантай үлджээ.

Үнэнхээр оршин байгаа орчлонд ямар нэг үүтгэл олж байж, уг үүтгэлээс цаашаа үүдэх үйл явцууд, тэдгээрийн мөн чанар, хөдөлгөөн, хоорондын нь харилцаа холбоо, зөрчил, нэгдэл, хувьсал, хөгжлийн зүй тогтлыг тайлбарлах, бодит үнэнийг тогтоохоос эхлээд дагалдах олон ойлголт, ухагдахууныг боловсруулж томьёолсны үндсэн дээр биеэ даасан эш онол болгон гаргах шаардлагатай байдаг. Энэ шаардлагад захирагдаж биелүүлэх, урьдын мэргэдийн тогтоосон ойлголт, ухагдахуунаас өөрийг сэтгэж олох, шинэчлэх, хөгжүүлэх маш хэцүү, бараг боломжгүй, ялангуяа “матери”, “оюун санаа”, “хоосон чанар”-аас өөрийг оноох арга, ухаан хүний сэтгэхүйд хаалттай мэт юм. Гэвч “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй!гэгчээр, өөрийн хүслээр өөртөө үүрсэн “лай” хойно яалтай вэ, амьхандаа, априороор бясалгаж бясалгаж, “Орчлонгийн анхдагч язгуур бол матери ч биш, оюун санаа ч биш, хоосон чанар ч биш, ямар нэг өөр хүчин зүйл ч биш, харин “юм”, “юм биш”-ийн нэгдэл,-“Үр-Эх” гэж үзэв.

“Үр-эх” бол үүдээгч, бүтээгч үйлчлэл бүхий “өөртөө” оршигч язгуур хүч юм.

“Үр-Эх” бодит чанар ч агуулан, хийсвэр чанар ч агуулан, “Үр чанар”-аар идэвхтэй орших бөгөөд орчлонгийн бүх “юм”, “юм биш”-ийн хам үүтгэл болж орчино. Орчлонд цогцолж, арилж, үргэлжлэгч алив буй, буй бус бүгд үнэн чанартаа үүдсэн ч бус, устсан ч бус,өөрийн мөн чанаргүй болж буй ч бус, “Үр чанар”-т оршиж (Иймд, Буддизмын “хоосон чанар” нь юмсын чанар биш юм. Хоосон өөрөө ямар нэг “урьдал юм”-ны сублимац байж л чадна.) тухайн “тэр юм”, “тэр үзэгдэл” яг “тэр юм”, “тэр үзэгдэл” биш болж өөрчлөгдөх бөгөөд, ингэхлээр, “тэр юм” угтаа тийм нь бус, өөр нь ч бус, харин энэхүү “шинэ”, “өөр” оршигч бол “Үр-Эх” төлөвт “Үр чанар”-аар үргэлжилж буй бодит ч чанартай, хийсвэр ч чанартай язгуур тухам (гарвал, үүсэл) юм.

Эндээс цаашаа цувран олон төвөгтэй асуудлууд задран салбарлан нарийсах нь, философийн категориуд, хуулиудыг өөрчлөх, шинээр томьёолох, зарим хуучныг хэвээр үлдээн ашиглахыг үгүйсгэхгүй байж болох ч заримыг нь ноцтой утга, агуулгаар баяжуулах шаардлагатай тулгарах нь зайлшгүй! Жишээ нь, “Зайлшгүй, Санамсаргүй”, “Орон зай, цаг хугацаа”-г өөрөөр ойлгож болох нөхцөлтэй нь, -“Харьцангуйн онол”, “Генетик”, “Тодорхойгүй зарчмын онол”-ын батлагдсан үнэний магадлалуудаас механик оршихуйн зарчмууд эрс гажаад эхэлдэг, “Орон зай, Цаг хугацаа” квант хурдтай хөдөлгөөний орчинд нэгдмэл үзүүлэлт болж хувирдаг, “Бүхэл ба Хэсэг” ч гэрэл, энергийн үзэгдлүүд дээр утга, чанараа алддаг, “Тооноос чанарт шилжих хууль” орчин үеийн нийгэм, хувь хүний амьдралын зөрчил, драм, таашгүй үйл явцын шалтгааны нууцтай тухай бүрд нь эс тохирдог, цаашлаад “Эсрэг, тэсрэгийн нэгдэл”, “Үгүйсгэлийн үгүйсгэл”-ийг задруулан шинжлэлтэй нь, -Эсрэг, тэсрэг чанарууд нэгдэж байна уу, эсвэл аль нэг нь нөгөө нэгийнхээ харилцааг бүрэн цуцалчихаж байна уу, хэрвээ, нэгдэл нь бие биедээ сөрөг хоёр үзэгдэл бие биеэ үгүйсгэж буй бус, бие биеэ хүлээн зөвшөөрч буй момент юм бол “Эсрэг, тэсрэгийн нэгдэл”-ийг “Үгүйсгэлийн үгүйсгэл”-тэй нэгтгэж болох юм. Учир нь орчлонгийн юмс үзэгдлийн үйл явцын зүй тогтол бидний танин мэдэхүйд нээгдээгүй “Байгалийн өөрийн ухамсар” хийгээд “Ёс суртахуун”-ы чинад мэдээлэл, удирдамжаар хоорондоо цаг ямагт шүтэн барилдаж орших зохицуулалттай байж ч болох юм.

Миний бие даан боловсруулахаар оролдсон “Үндэсний монгол гүн ухааны систем” дотор нийгмийн амьдралын хүрээнд авч үзэх ёстой олон асуудлын “цөм” нь, -“Хөгжил”, “Гоо сайхан”, “Хүний амьдралын утга, зорилго”, “Ёс суртахуун”-ы асуудал байсан бөгөөд зорилго нь, -эдгээрийг өнгөрсөн үеийн нийгмийн сэтгэлгээнд ч, одоо үеийн нийгмийн сэтгэлгээнд ч хэрхэн ойлгож хэвшсээр ирсэн ойлголтуудыг өөр өнцгөөс харах, өөрчлөх, эрс шинэчлэх явдал байв.

Хөгжлийн гол хөдөлгөгч хүчийг зөрчил гэж үзсэн Хегелийн онолын эсрэг хөгжлийн өөр хөдөлгөгч хүчин зүйл олж сэтгэхэд үнэндээ хэцүү ч тэр үед би бодохдоо, “Хөгжил заавал зөрчил, тэмцэл, тэсрэлтээр шинэ шатанд дэвшиж байх зүй ёсгүй, Хегел өрнийхөө л диалектик сэтгэлгээгээр бодож! Нийгэмд, хүний ахуйд “Зөрчилгүй хөгжил” байж болно, харин “Зөрчилгүй хөгжил” хүний үнэмлэхүй дээд чанар болох өвч төгөлдөр гэгээрэл, бурханлаг ариун ёс суртахуунд тулгуурлана!гэж үзээд элдэв сэтгэмж, аргументээр нэлээд хуудас дүүргэсэн ч “Зөрчилгүй хөгжил”-ийн үзэл санаа орчин үеийн зах зээл, хувийн өмч, үл хөдлөх хөрөнгө, ашиг орлогын өрсөлдөөнт прагматизмаар даяаршсан дэлхийн сэтгэлгээнд “Эвэртэй хүн төрдөг!” гэж маргасантай адил инээдтэй сэтгэгдэл төрүүлэх тул хол “давшуулж” чадалгүй хаясан.

“Зөрчилгүй хөгжил”-өөс гадна “Газаргүй хөгжил”-ийн үзэл санаа ч байсан. Хөгжил гэдэг бол, ердөө л, нийгмийн үзэгдэл юм. Зөвхөн нийгэмтэй, хүний амьдралтай холбоотой үйл явц бөгөөд нийгмийн хөгжил гэдэг, үндсэндээ, зөвхөн хүний хөгжил л юм. Тэгэхдээ хүний бие махбод, булчин шөрмөс, галбир бялдар, тэнхээ тамир, зүс царайны хөгжлөөсөө илүүтэй хүний оюун санаа, ухамсар, ёс суртахууны хөгжлийн илэрхийлэл байх ёстой

ойлголт юм. Нийгмийн ч, хүний ч хөгжлийн эх сурвалж нь, чухамдаа, газар биш, хүн өөрөө л байх ёстой! Хүн төрөлхтөн өөрийнхөө амьдралын гоо сайханд газрын хөрсөн дор, нидэрт нь 4-5 тэрбум жилийн үйлчлэлээр үүсэн тогтсон эрдэс баялгийг тонолгүйгээр, ер хөндөлгүйгээр, зөвхөн гадаргуун дээрх нөхөн сэргээгддэг, байгалийнхаа зүй тогтлоор элэгдэж, шинэддэг органик эрдэс өгөгдөхүүнүүдийг л амьдрал ахуйнхаа хэрэгцээндээ ашиглан хэрэглэх зарчмаар аз жаргалтай, амар амгалан, эрх чөлөөтэй, гоо сайхан, оюун ухаан төгс төгөлдөр амьдарч чадах нөхцөлийг өөртөө бүтээх л жинхэнэ хөгжил юм. Хөгжил бол бүтээгч, хадгалагч, хэмнэгч, эв эеийн нэгдлээр харилцан зохицож хамтдаа сайхан орших үйл явц болохоос өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд ойлгож буйгаар эх дэлхийгээ хөндий хоосон, үхэнги хатанги, шороо чулуун бөмбөрцөг болгон орхих үйлдвэрлэл-техник технологийн бүрэлгэгч үйл явц биш юм.

Нийгэм, хүний хөгжил нь хүний бие, организмд явагддаг “бодисын солилцоо”-г тасралтгүй хангах, материаллаг хэрэглээг нэмэгдүүлэх, өдөр тутмын амьдралын хэрэгцээт эд таваарын тоо хэмжээг ихэсгэх, хүнийг хөдөлмөрөөс чөлөөлөх үйл ажиллагааны эрчимжилт хараахан бус, харин, эсрэгээр, био орчин ахуйгаа оюунлаг, ухаалгаар ашиглах, минимал хэрэглээгээр ашиглалтаа хязгаарлах, бусад бүгдтэй шүтэн барилдаж амьдрах, Бурханы мутарын гоо сайхан бүтээл бүгдийг хэвээр нь хайрлан хамгаалах, оршихуйн нь зүй тогтлыг үл эвдэн харилцах үйл ажиллагааны эрчимжилт байх ёстой!

Хүн төрөлхтөн нийгмийн хөгжлийг өнөөдөр “Хомо техникус” чиглэлээр туйлшрангуй ойлгож буй ойлголтоо ойрхи ирээдүйд эргэн хянах, зөвд нь эргэлзэх, магадгүй, эрс шүүмжлэлтэй хандан засварлах бодлого барьж амьдралынхаа хэвшил, загварыг өөрчлөх тохиолд л газар дэлхий хүн төрөлхтнийг тэжээх нөөц баялгаа болон Бурханы бүтээсэн бүтэц, зүй тогтлоо тодорхой хугацаагаар хадгалан үлдэж хүн төрөлхтний ахуй амьдралыг гадаргуу дээрээ үргэлжлүүлэх нөхцөлийг зөвшөөрч магадгүй юм. “Үндэсний монгол гүн ухааны систем”-д “Гоо сайхан”, “Хүний амьдралын чинад агуулга, зорилго”, “Ёс суртахуун”-ы талаарх ойлголтуудыг хам боловсруулан тодорхойлж, ялангуяа, теологийн маш маргаантай, бүдэг бадаг хэвээр сугарч үлдсээр буй “Бурхан”, “Сүнс”, “Энэ, Тэр” ертөнцийн тухай ойлголтуудыг хээр талын нүүдэлчин монголчуудынхаа практик мэдлэг, ажиглалт, шашин-шүтлэгийн өв уламжлалд тулгуурлан боловсруулж хүн төрөлхтний нийгмийн сэтгэлгээнд дивангараас тогтсон үзэл баримтлалд жаахан шинэ санаа нэмэрлэж чадсансан бол огт үр дүнгүй зүтгэл болохгүй байсан биз ээ. Даанч ийм зорилго нь над шиг эцээлдээ ойртсон насанд мацсан хүний дангаараа гүйцэтгэж чадах ажил үйлс биш байсан юм билээ.

“Үндэсний монгол гүн ухааны систем” боловсруулах зорилго, үйлсэд амьдралынхаа хугацааг зарах шийдэлд хүрсэн хүн бол бүүр залуугаасаа л, тас хар үстэй, цав цагаан гучин хоёр шүдтэйгээсээ л хүн төрөлхтний сэтгэлгээний бүх сонгодог бүтээлийг судлан нягтлах, тэдний бодсон бүх бодлыг өөрийнхөө толгойгоор зэрэгцэн бодох, тэдний боловсруулсан бүх асуудал, ухагдахууны өөрөө биеэ дааж өөрийнхөөрөө шинжлэх ухааны сэтгэлгээний түвшинд хүрсэн судалгаа, шинжилгээний аргаар тодорхойлон томьёолох зовлонг насан туршаа эдлэн туулахаас өөр ямар ч аргагүй юм шиг билээ. Ер нь Монголын философи сэтгэлгээний түүхэнд ганц мунгинуу, мэргүү би ч биш, олон монгол элэгтэн миний зорьсонд зориод, аанай л надтай адил, миний мухардсан шалтгаанаар мухардан монголчууд бид ертөнц, нийгэм, хүний амьдралын мөн чанарыг үндэснийхээ ахуй, соёл, сэтгэлгээний хөрснөөс үзэх өөрийн үзэл, онолыг боловсруулж чадалгүй үлдсэнээс сэтгэлгээний хувьд биеэ дааж “тусгаар тогтносон” үндэстэн болж чадаагүй, бусад улс, үндэстний сэтгэгчдийн үзэл, санаагаар удирдуулж ирсэн нь биднийг өнөөдрийг хүртэл эдийн засаг, улс төр, ахуй амьдралаараа ямагт бусдаас хараат, тэдний ахуй, амьдралын хэв маягийг дуурайн дагалдагч, хуулбарлагч, үйлдвэрлэлийн нь бараа, бүтээгдэхүүнийг өрсөлдөн “хэрэглэгч”, “дуулгавартай худалдан авагч” болж хувирсны үндсэн шалтгаан мөн байж болох магадлалтайг үгүйсгэх аргагүй мэт юм. Бусдын сэтгэлгээ, хөдөлмөр, бүтээлийн нь худалдаагаар амьдралаа залгуулагч улс үндэстэн ямагт “боол”-ын сэтгэл зүйд дарангуйлагддаг. Цаадуул нь өөрсдийг нь “Үхэр” гэж нэрлэвэл, өөрсдийгөө “Үхэр” гэж итгэн, “Аяархан, зөөлхөн л шилбүүрдээсэй билээ! Хөдөлгөсөн зүгт нь л хөлөө түргэн зөөх юмсан!” гэж бодно, цаадуул нь алиалах дур нь хөдлөөд, “Та нар Бүргэд!” гэж нэрлэвэл өөрсдийгөө “Бүргэд” гэж итгээд цонхоороо үсрээд “Хүүр” болдог.

Дов, товцог ч бай, жалга, хонхорч бай адилхан л бүхэл, үргэлж газрыг бүтээгч “бүтэц”

Хурдтай хөдөлгөөн, идэвхтэй харилцан үйлчлэлд оршиж буй биетийн масс энергид хувирдаг үйл явцыг хүмүүсийн амьдрал, харилцаан дээр ч шилжүүлэн төсөөлж болох юм. Тэгвээс, хоорондоо хол хол зайтай, ажин түжин дов товцог, жалга хонхор мэт саланги, тусдаа орших хүмүүсийн ахуй, харилцаанд эрчим үүсэх нөхцөл ч, харилцан “таталцах хүч”-ний үйлчлэл ч “тэг зогсолт”-той үргэлжлэх байж ч болох юм. Ямартаа ч, монгол үндэстний түүхийн ихэнх хугацаанд үргэлжлэн давтагдсан нийгмийн хоцрогдол, эмгэнэлийн шалтгаан болж үйлчилсэн хүчин зүйл бол монгол үндэстэн, ястнуудын харилцаанд оюун санааны нэгдлийн “таталцлын хүч”-ний үйлчлэл “тэг зогсолт”-д удаан үргэлжилсэн явдал гарцаагүй мөн. Харамсалтай нь, энэ далд шалтгаан нийгмийн сэтгэлгээний анхаарлын гадна хаягдсаар ирсэн юм. Алив үндэстний нийгмийн харилцааны тойрогт үндэсний “амьдрах арга”-даа ч, оюун санааны амьдралдаа ч ер хойшлуулалгүй эрэлхийлэх гол философи асуудал, үндсэндээ, тоотой хэдхэн асуултын зөв хариунд хураагддаг.

Нэгд, Ахуй амьдралын нь үнэмлэхгүй утга, зорилго. (Юуны тулд? Яах гэж?)

Хоёрт, Жаргал хийгээд зовлонгийн шалтгаан. (Юунаас? Яагаад?)

Гуравт, Бурхан. (Яг юу вэ? Хүний амьдралтай ямар харилцаатай вэ?)

Хүний залуу насанд эс гэхэд, өтөл, өндөр насанд хүний ухаан санааны гүнд ердөө л энэ асуудлууд ерөнхийдөө эргэлддэг. Энэ гол экзистенц асуудлуудад яаж хандсан хандлага хувь хүний амьдралын ч, улс үндэстний нийгмийн хөгжлийн ч эерэг, сөрөг үр дүнг тодорхойлох шинж чанар агуулдаг нь харагддаг. Монгол үндэстэн бидний нийгэм, ахуйн тартагдуу, зүдмэгдүү, “гаднаас хамааралт” бодит үнэний нэг том шалтгаанд бид хариу олох, оновчтой хариу өгөх үндэсний нэгдмэл үзэл, онолд нэгдээгүй, тиймээс, хүн ам дор дорынхоо ахуй амьдралын натурал хэрэглээг дор дороо хангагч бие биеэсээ хамаарал, шүтэлцээ сул сэтгэл зүйтэй амьдардаг, нийтэд нь нийгмийн сэтгэлгээний төвлөрөл, нягтрал эс хэвшдэг, хүн хүний хүсэл, дур зорго “хүчирхийлсэн” нөхцөлд барьцаалагдаж ирсэн юм. Дов, товцог ч бай, жалга, хонхор ч бай, бүхэл, цул, үргэлж газар нутгийг бүтээгч “бүтэц” бөгөөтөл тэр “бүтээгч, нэгдмэл бүтэц”-үүдээр нүүдэллэн тарагч хүн ам, айл өрхүүд болохоор дор дорынхоо амин хувийн материаллаг ахуйн сонирхол, эрх ашгаа хамгаалах хүчтэй тэмцлийн сэтгэхүйд захирагдан амьдардаг нь үндэсний оюун санааг “хэсэгчлэн” зөрчилдүүлж, хагарал, задралд турхирч, хэтдээ хөгжлийн бус тэмцэлд байнга өддөг нуугдмал нөлөө бүхий “Түлхэлцлийн хүч” болж үйлчилж байсан аж.Хүмүүс хоорондын харилцаа, дор дорын үзэл бодлын ойлголт нэгдмэл бус байдал нь хүмүүст нэг талаас “эго” чанар, нөгөө талаас зожигрол, ганцаардал, явцуурал, ахуй амьдралын түгжигдмэл байдлын сэтгэхүй төрүүлэх бодит нөхцөл болдог ч амьдралын явц дунд “эго” төвт сэтгэхүйн нь удирдлага давамгайлж хувь хүмүүсийн ч, нийт үндэстний ч амьдралын зорилгыг жижигрүүлдэг. Жижиг зорилго ямагт улс үндэстний материаллаг ахуйн ч, оюун санааны ахуйн ч хөгжлийн хоцрогдол, хомсдолын “дотоод шалтгаан”-ыг бүрдүүлж үйлчилдэг. Дээр нь нийгмийн бүтэц, давхаргуудын улс төрийн тэмцэл, талцал, хуваагдал нэмэгдээд ирмэгц улс үндэстний бие дааж хөгжих боломжит гарц, нөхцөлүүдийг эрэх, олох, турших сэтгэлгээг мухардалд оруулж уг үндэстэн бусдын ам, арга ухаанаас ямагт хараат орших амьдралын эрхшээлд “түгжигддэг”.

Хоорондоо хол хол зайтай их хөндий, хоолой, уул нурууд нэгэн цул, нийлэнгэ газар нутгийн тус тус бүтэц, хэсгүүд байдаг ч хоорондоо адихан л, газар дэлхийнхээ шинж чанарыг хадгалж, тэр ерөнхий, интеграл мөн чанарынхаа зүй тогтлыг агуулж, “Ерөнхий”-н ч, “Тусгай”-н ч зөрчил, нэгдэлд оршиж байдаг. Гэтэл монголчууд бидний бодит ахуйд ч, үзэл санаанд ч “Ерөнхий чанар”-аа “Тусгайн чанар” нь дарангуйлах импульстэй хадгалагдаж үндэстний эв нэгдэлд байнга хүчтэй цохилт өгч, түүхэн бүх цаг үеүүдэд нь хагалан бутаргаж ирсэн хөнөөлийн уршиг өнөөдөр ч үргэлжилсээр буйг нүдээ аньсан ч харж, чихээ бөглөсөн ч сонсож болохоор илэрхий байнам.

Яах вэ?

Улс үндэстний хөгжлийн анхдагч, хөдөлгөгч хүч нь, юуны өмнө, тэдний оюун санааны эв нэгдлийн хүч байдаг нь түүхээр нотлогдсон үнэн юм. Монгол үндэстэн бид түүхэндээ тасралтгүй давтсан алдаа, -Үндэсний оюун санааны хүчирхэг нэгдэлгүй, ганц нэгээрээ сондгойрдог, хөгжлийн зорилгын зангидмал үзэл онолгүй, дов товцог, жалга хонхорын эрх ашигт хуваагддаг, хоорондоо тэрсэлддэг, бусдын эсрэг бус бие биеийнхээ эсрэг тэмцэлд л “Ялалт” байгуулж баатарладаг “хүчирхэг эго” сэтгэл зүйн дарамтаасаа яаралтай бүрмөсөн хагацах зорилгод нялхас, өтгөсгүй нэгдэх хэрэгтэй юм.

“Ганцаас газар дүүрдэг” шиг ганц энэ зорилго биелэхэд л түмэн зорилго биелнэ. Зорилго золиос нэхдэг. Гэвч золиос ямар ч шинж чанартай байлаа ч тухайн үндэстний оюун санааны бат хүчирхэг эв нэгдэлд ямагт ялагддаг өчүүхэн мөн чанартай ирээдүйтэй байдаг. Гагцхүү, улс үндэстний хөгжлийн эрх ашгийн төлөөх тэмцлийн хүч л нэгдмэл байхыг шаарддаг.

Зорилго, бас завгүй хөдөлмөрлөхийг, хүн бүгдийг бие, сэтгэлээ бүтээлээр “зовоох”-ыг шударгаар шаарддаг.

Жаргасан бие хүний биед тус болох нь нэн өчүүхэн, хүнийг тэмцэгч, нийгмийн баялаг бүтээгч, бие даасан сэтгэгч хүчирхэг хувь хүн болж хөгжих “идэвхтэй зарчим”-ын амьдралаас холдуулах хор болох нь их байдаг. Ажил, бүтээлд хамтаараа идэвхийлээд хөлсөө арчиж алжааж ядарч суугаа хүмүүс л хүний нүдэнд хамгийн сайхан хүмүүс харагддаг.Өнөөдөр хүн төрөлхтний гоо сайхны ойлголт буруу, үнэн, бодит гоо сайхныг үнэлж харах нүдэнд нь “Цагаа унаастай”, өөрийг эрж төөрөөд байгаа юм. Хөдөлмөрийнхөө үр дүнгээр бахархаж буй хүний баяртай, цог жавхлантай царайны үзэсгэлэн гоотой дүйх гоо сайхныг шинжлэх ухаан, техник-технологийн хөгжлөөр бүтээж чадахгүй, чадах боломжгүй байгаа юм.

Хүний гоо сайхан нь зөвхөн хүний хөдөлмөр, бүтээлийн үнэ цэнийн агуулгын гоо сайхан юм.

Нийгмийн хөгжлийн эцсийн зорилго, зүрхэн утга ч, чухамдаа, хүний “дотоод ертөнц”-ийг гоо сайхан болгох, бурханшуулах, бурханлаг мөн чанартай төгс нигүүлсэнгүй үйл ажиллагааны эх сурвалж болгоход оршино. Энэ үйл явцыг түргэтгэх, найдвартай гүйцэтгэх бодит боломж нь үндэстэн, ястны эв нэгдэл л байх болно.

Үл өгүүлэн өгүүлэх нь:

Их зорилгыг гүйцэлдүүлэх нь зузаан төмөр бетон ханыг эвдэн нураах мэт бөгөөд үүнд, тэр хана руу улс үндэстний оюун санааны болоод бодит амьдралын нэгдмэл хүчийг дайчлан зэрэг зэрэг “буудах” ёстой агаад, үндэстний эв нэгдлийн хүчгүй таранга, саланги, ганц нэгээрээ байдлаар, хоорондоо хол хол зайтай дов товцог, жалга хонхороос “цаасан буу”-гаар ч юмуу, дэлбэлэх, тэслэх цэнэггүй “үхэр буу”-гаар энд, тэнд оочин цоочин буудаад хэзээ ч нурааж чадахгүй, гагцхүү, хүн бүр цөм үндэсний “биеэ даасан” онол, баримтлал, оюун санааны нэгдмэл үзэл санаагаар нэг чиглэл рүү, нэг цэг рүү онилон “буудаж” жижиг боловч нүх, цав онгойлгоод тэр нүх, цаваа цааш нь зэрэг зэрэг улам томсгон ахиулж талбайг нь ихэсгээд байж чадваас хана хэзээ нэгэн цагт заавал нурах нь зайлшгүй!

Хайр, – бодит хүч, хүмүүн хоорондын хамгийн хүчирхэг, бөх гүүр, хүний амьдралд юу хэрэгтэй бүгд зөвхөн энэ “гүүр”-ээр л хүмүүст хүрдэг.

Орчлон үнэнхээр том ч үнэхээр жижигхэн, хүний сэтгэл дотор багтдаг, хүн орчлонг тархи, зүрх хоёртоо элбэгхэн багтаагаад өлгийдчихдөг.

Үнэнхээр том орчлонгийн үнэхээр жижигхэний тухай бодол орчлонгийн агуу их нууцтайг, хүний оюун ухаан танин мэдэж дуусашгүй гүн, нийлмэл үйл явцтайг үгүйсгэж буй бодол бус, зүгээр л, орчлонгийн физик хэмжээ хэдийгээр асар том ч түүнийг хүний сэтгэл, бодолд тэр хүний хамгийн хайртай хэн нэг ганц хүн, эсвэл, хамгийн хайртай ямар нэг амьтан нь (морь, тэжээвэр нохой, тоть, хурга, ишиг гэх мэт) тэр бүү хэл, хамгийн эрхэм дурсгалтай ямар нэг юм, (ном, зураг, алчуур, цамц, уул, гол гэх мэт) орлочихож чаддаг нь орчлонгийн асар томыг асар жижигрүүлдэг. Шалтгаан нь, юмс, үзэгдлийн мөн чанарт биш, хүний сэтгэлийн мөн чанарт байгаа юм. Тухайлбал, хүний сэтгэлийн био эрчим – Хайрын агуу чанарт байгаа юм. Хайр л бүхий л их орчлонг хүн төрөлхтний амьдралын өлгий, -Сансрын нэг эрхэс Дэлхий ч болгож, хүний амьдралын амин хайртай юм, -Төрөлх эх орон нь ч болгож хувиргадаг. Орчлон, үнэндээ, хүний хайртай нэг л хүн, нэг л байшин, нэг л жалга, нэг л булаг шанд, магадгүй, нэг л хөөрхөн гөлөг, нэг л дусал доголон нулимс юм.

Хайр бол хүний “дотоод ертөнц”-ийн ариусал, гэгээрлийн хөгжлийн дээд шатны үзэгдэл, хүний хүн чанарын хүнлэг “тэсрэлт” юм. Хүнийг хамгийн их зовоодог юм нь ч, бас, -Хайр!

Хайртай юм нь муу муухай байх нь, буруу зөрүү үйл явцтай байх нь, дорой буурай харагдах нь хүний сэтгэлийг их зовоодог. Бие өвдөх, эцэст нь үхэх нь хүнд бага зовлон, хэн ч хаа ч эдэлдэг л зовлон, харин сэтгэлийн зовлон эдлэх нь зовлонгийн туйл байдаг. Гэтэл харамсалтай нь монголчууд бид өөрийнхөө гэрийн үүднээс цаашихыг ямар ч зохисгүй муухай харагдахаар бай, сэтгэл өвддөггүй, гэрийн үүднээс гадна бол юу ч бай “Миний юм биш, хүний юм!” гэж үзээд хайрладаггүй, “Монголын юм бүхэн миний өмч!” гэж хайрлах, хамгаалах, харамлах сэтгэл асдаггүй нь уйлах, уурлах, гутрах, “дотроо тэсрэх”-ийн аль нь ч багадах “том” эмгэнэл юм. Сэтгэл зовиурлалаа цааш нь ямххан гүнзгийлээд эргэцүүлэхээр, айхтар гаслангуй бодол сэр сэрхийгээд үл амраах нь, -Бидний амьдралд болоод нийгмийн харилцаанд туйлын дутагдаж буй гаслант юм бол монгол хүн монгол хүнээ хайрлах “хайрын хомсдол”-ын үнэн байх юм. Дутагдаж буй энэ “юм” л үндэсний оршихуйн бүх эс, эдийн үйл ажиллагааны хөгжлийг царцаадаг, нийгмийн нь ахуйг бусдаас ямагт хараат нөхцөлд гацаадаг, тэгээд, хэн хүнд барагтай бол сэжиг авахуулахгүй нуугдаад үлддэг “хулгай чанар”-тай хүчин зүйл мөн санагдана.

Монголчууд бид бие биеэ хайрлах Бурханы хайраар, Бодь сэтгэлийн хайраар яасан их дутагдаж амьдралынхаа хугацааг өнгөрөөж байна даа, Бурхан минь! Яаж ийм хоосон ихэмсэг, цахилгааны тусгаарлагч шиг хүйтэн, дүлий харилцаатай хүмүүс улс орондоо хөгжлийн хурд, хүч, эрчим дулаан үүсгэж чадах юм бэ? Чадахгүй! Хүн нь хүнээ хайрлах, шүтэх, нэг нь нэгийгээ өөд нь, дээш нь чулуудах сэтгэлд нь “ган”, “зуд” нүүрлэсэн,өглөө сэрэхдээ л “Чи эс байвал, Би мөн эс байна!” гэх бодолтой сэрдэггүй иргэдтэй улс үндэстэн гадны үзэл баримтлалын тулгалт, хөрөнгө, зээл, газар нутгийнхаа лицензийн барьцаанаас яаж хараат бус амьдралтай байж чадах юм бэ? Чадахгүй! Бие биеэ хайрлах, дээдлэн шүтэх сэтгэл, бодлоор дутагдаж буй ард түмэн бусад бүх юмаар үүрд дутна. Хүн нийгэм, улсынхаа хөгжилд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын ухамсар хүний мэдлэг, боловсрол, мэргэжлийн чадвараас гардаггүй хүний сэтгэлээс, бусад олноо хайрлах хайраас л гардаг. Бусад олноо үнэн сэтгэлээсээ хайрлаж эс чадагч хүн өөрийгөө хайрлаж чадах нь худал, харин үнэн нь юу гэвэл, зөвхөн өөрийгөө хуурч буй төөрөгдөл нь л байх болно. Өрөөлийн төлөө юу ч хийх сэтгэлгүй хүн өөрийнхөө төлөө ч юу ч хийж эс чадна, насаараа чадахгүй явсаар зөвхөн үхэж л чадна.

Хүний бие, организмыг амьд биет байлгадаг суурь нөхцөл нь бодисын солилцоо ч бус, харин хүний бие махбодын хаана нь байгаа нь үл олдох, хаанаас нь яаж гардаг нь үл тайлбарлагдах сэтгэлийн үйлчлэл л хүний биед бодисын солилцоо явагдах нөхцөлийг бүтээгч анхдагч нөхцөл юм!

Амьдралын утга, зорилгыг зөвхөн материаллагаар ойлгодог, хүний хүлээх үүрэг нь эдлэх эрхийн нь хэм хэмжээг тодорхойлох чанартайг огоордог үзэл санаа нийгмийн оюун санаанд хэвших нь, хэтдээ төсөөлшгүй гамшигт хүргэх магадлалтай байж болзошгүй юм.

Үүрэггүй эрх, хариуцлагагүй эрх чөлөө, хүн чанараас ангид ёс суртахууны хэвшил бол нийгмийг анархижуулах гажиг туйлшралын үндэс байх болно.

Улс орон маань ардчилсан шинэ нийгмийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжсэн ч хүн зон бидний сэтгэлд Бурханы чанар алга, тийм байх үйл явцын нууцад бид нэвтэрч чадахгүй, зүгээр л, байгалын бусад “био биет”-ын оршихуйг хангагч амьдралаар амьдарч өөр өөрсдийнхөө “эго” прагматист амьдралд зориулах үйл ажиллагаанаасаа бусад бүх үйл ажиллагаандаа улс орноо, нэг нэгнийгээ хайрлах сэтгэлээ дутааж байна.

Хайр бол “аймаар” хатуу, шударга, наран халуун сэрэхүй, мэдрэхүй бөгөөд хүн хайртай юмаа санасандаа хүргэж чадахгүй байгааг нь асар хүчтэй гэмшлээр тарчлаадаг маш идэвхтэй чанар агуулдаг. Физик үзэгдэл, хөдөлгөөнд “Ашигт үйлийн коэффицент” гэдэг ойлголт байдаг. Хүний амьдралын “Ашигт үйлийн коэффициент”-ийг хүний бие махбодын үйл ажиллагааны үр дүн бус, харин, хүний хайр сэтгэлийн үйл ажиллагааны бүтээлийн агуулга, ач холбогдол тодорхойлно.

Хүний амьдралд хамгийн дээд баяр жаргалтай мөч бол тэр хүн өөрөө маш их баярлуулсан хүнийхээ баяр, жаргалаар гийсэн царайг харах мөч л байдаг бөгөөд хүн энэ мөчийн зүйрлэшгүй сайханд хүрэхдээ зөвхөн бусад олноо, улс орноо чин үнэн сэтгэлээсээ хайрлаж тусласан тус, буян, харамгүй хайраараа гүйцэтгэсэн хөдөлмөр бүтээлээрээ л хүрдэг. Өөр замаар хүрч хэзээ ч эс чадна.

Үл өгүүлэн өгүүлэх нь:

Бид амьдралдаа юугаар хамгийн их дутах вэ, бие биеэрээ л хамгийн их дутаж, бие биеийнхээ тус, дэмээр л хамгийн түрүүнд дутна.

Бид дэлхий дээр, ногоо шороон дээр нь олон мянганд бат гишгэж оршъё! гэвэл бидэнд тийм нөхцөл боломж өгөх юм, ердөө ганц л бий нь, бид бие биеэ хайрлах хайр сэтгэлээс маань гарах хүч (хүний хүч сэтгэлдээ, чонын хүч зоригондоо байдаг!)л байх болно. Монгол хүн цөмөөрөө сэтгэл, оюуны хүчирхэг хөгжилтэй, юм бүгд нь, -ажил хөдөлмөр, үг яриа, харилцаа, үзэл санаа, амьдралын утга, зорилго нэгдмэл, өвч гоо сайхан байвал л Монгол Улс биеэ даасан хүчирхэг, хөгжилтэй, тэнгэрлэг улс байх болно.

Гоо сайхан хүн гэдэг хаанаас нь ч, юунаас нь ч муу муухай олдохгүй, олъё гэвэл, гүтгэж л, гүжирдэж л олохоос өөрөөр, өөр арга, эрлээр олж чадахгүй хүн, харин, муу муухай хүн ердөө л, товчхон тодорхойлолтод багтах мөн чанартай нь, “Дотоод ертөнц нь гэгээрээгүй, бусдыг тэгш сэтгэлээр хайрлах Бурханы хайр биеэр нь ч, сэтгэлээр нь ч нэвчээгүй, бүх үйл хөдөлгөөндөө “Хар нүднээс хөмсөг гадуур” гэдэг үхэнгэ, бээнгэ үзэл санаа баримталдаг хүн юм.” Бурхадын номын үг, айлдвараар бол хүнийг буруу амьдралаас, мунхагийн харанхуйгаас аврах, ангижруулах хоёрхон “зардас” бий нь гэгээрэл, хөдөлмөр хоёр л юм. “Хөдөлмөр хүнийг буй болгосон!” гэдэг, одоо монголчууд бидний тоохоо больсон их сэтгэгч Ф.Энгельсийн алдарт үгийг бясалгаж бодвол, хөдөлмөр хүнийг бие, дүрс, хэв төрхөөр нь хүн болгох үйл явц байснаасаа илүүтэй хүнийг сармагчинаас ялгаатай болгодог оюун санааны нь хөгжилд хүргэсэн үйл явц байсан гэсэн утгатай нь илэрхий байдаг.

Мэргэн түмэн уншигчид та нар минь миний энэ “Захидал – Учирлал”-ыг уншаад заримд тань эсэргүүцэх, заримд тань дэмжих сэтгэгдэл төрөх нь магад ч миний үг, бодолд хорон муу санаа өчүүхэн ч хавчуулагдаагүйг мэдрэх буй за! гэж бат итгээд толилуулахаар зүрхлэв. Эргээд бодох нь ээ, ийм асуудлуудаар толгойгоо зулгаалгах хэрэгтэй байсан эсэхэд өөрөө эргэлзэх боловч хэтэд яаж мэдэх вэ, хэзээ нэг цагт,хэн нэгэн залуу монгол оюутан, сэхээтэнд надад төрсөн бодол бас адилхан төрөөд “Яах вэ, ийх вэ” гэх сэхээ сүвэгчилж монголчуудын үндэсний “Монгол гүн ухааны систем” боловсруулах цогц сэтгэлгээний эрэлд хатах үед нь энд бичсэн өгүүлбэрүүд нүдэнд нь өртөж ч юү магад, тэгвэл, авмаар санаа, сэдэл байгаа мэт санагдвал өлгөөд, ултай суурьтай гүнзгийлж ч мэднэ дээ! гэж горьдох горьдлоор ийн тарлав.

2021 оны 10-12 дугаар сард Алтан тэвшийн хөндий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *