Categories
мэдээ улс-төр

АН: 2021 он хүний эрх хамгийн их зөрчигдсөн жил боллоо

АН-аас хүний эрхийн зөрчилтэй холбоотой мэдэгдэл хийж байна.

АН “2021 он Монгол Улсад хүний эрх хамгийн их зөрчигдсөн жил боллоо гэж дүгнэж байна. Эхлээд хүний эрх зөрчсөн хэдхэн жишээ танилцуулъя.

  • 2020 оны 12-р сарын 2-ны өдөр ЭХЭМҮТ-д эмнэлгийн тусламж Сэлэнгэ аймгаас ээжтэйгээ ирсэн 10 настай охин 22-ын товчоонд 2 цаг гаруй хүлээгдсэний дараа эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Ковидын шинжилгээний хариу гараагүй гэж ээжийг нь өөр өрөөнд оруулсан. Охин ээжтэйгээ уулзаж чадалгүй бурхан болсон.
  • 12-р сарын 4-ний өдөр аав, ээжээс нь халдвар илэрсэн хүүхдийг тусгаарлалтын хугацаа дуусаад гэртээ орох гэтэл оруулаагүй.
  • 12-р сарын 7-ны өдөр Архангай аймгаас ирсэн хүнд өвчтэй эмэгтэй 22-ын товчоонд ирээд PCR шинжилгээний хариуг хүлээж байхдаа нас барсан.
  • БНСУ-аас ирсэн иргэн Мөнхцэцэг хүнд өвчтэй аавтайгаа уулзах хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Тэр хүн 3-4 удаа шинжилгээ өгсөн ч хариу сөрөг гарсан гэх мэт хүний эрх зөрчигдсөн хэд хэдэн хэрэг гарсан байна” гэв.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Хүний эрх бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр Монголд төрийн байгууллагын чих дүлийрч, 11-11 төвд гомдол, санал гаргасан иргэдэд хариу өгөхөө больсон. Монгол хүн төрийн байгууллагад хандаад хариу авахаа больсон. Талбай дээр цаас өргөж зогслоо гээд 500 мянган төгрөгөөр торгож байна. Тэр ч болоогүй өмгөөлөгчийн эрхээ эдэлж буй хүнийг яллагдагчаар татаж байна.

Монгол хүн та халдашгүй эрхтэй байхаа больсон. Монгол хүний эрхийг уландаа гишгэж, амьд явах эрхээ ч эдлэхэд хүндрэлтэй цаг үед амьдарч байна.

Иргэд төдийгүй МАН-ын эсрэг байр суурь хүргэснийхээ төлөө сэтгүүлчид хүртэл цагдаагийн байгууллагад олноор шалгагдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийг шүүх яллагдагчаар татаж байгааг юу гэж ойлгох вэ? Аймгийн хүн амтай дүйцэхүйц хороог гэнэт нэг өглөө хашсан. Энэ бүхнийг дүгнэж үзвэл Монгол Улсад хүний эрх Улаанбаатарын агаарын бохирдол шиг замхарч байна. Чанарын индекс харахаар агаарын бохирдол өндөр байхад эрх баригчид утаагүй гэж худал ярьдаг. Яг л ийм нөхцөл байдалд иргэд, ардчилал угаартаж байна. Дарангуйлал руу шилжиж байгааг зогсоох цаг болсон. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хэлбэрээр жил ирэх бүр байр ухарсаар байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *