Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”-ENSURE төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь хууль бус хулгайн ан агнуурын улмаас ховордоод байгаа Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах зорилготой ажээ.
Монгол орны нэн ховор амьтан баданга хүдэр (Moshus moshiferus)-ийг Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумын нутаг Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах ажлыг эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, судлаачид удирдан барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм байна.
БОАЖЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Архангай аймгийн Булган, Ихтамир сумын нутгаас баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Байгалиас хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг ТББ, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг гүйцэтгэж байгаа бөгөөд орон нутгийн зүгээс Архангай аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нутгийн иргэд хамтран оролцож байна.
Хүдэр нь аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугардаг. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон, хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг байна. Өөрөөр хэлбэл, хүдэр нь “Ойн амьтдын цагдаа” юм гэж Хүдэр судлалын доктор Д.Дэлэгням тодорхойлжээ.