АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүйн ухааны доктор(Ph.D) Б. Ган-Очиртой ярилцлаа.
-АН-д үүсээд байгаа сүүлийн үеийн нөхцөлд байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Нэг талаар 2024 оны сонгуульд өрсөлдөгчгүй ялах гэсэн эрх баригч МАН-ын цөөн тооны дарга нарын шударга бус хорлол, нөгөө талаас 30 жил аажмаар бугшисан идээ бээр задарч АН жинхэнээсээ шинэчлэгдэж байгаа агшин юм.
-АН-ын удирдлагууд бид нэг цул хэвээр байгаа хэмээн мэдэгдэж байгаа боловч, ар араасаа чуулга, их хурлууд зохион байгуулж байна. Иргэд аль нь жинхэнэ АН-ын хурал гэдгийг ялгаж салгахад үнэхээр хэцүү нөхцөл байдал үүсээд байна л даа?
-Иргэд аль нь жинхэнэ Ардчилсан нам бэ гэдгийг эрх бүхий тамга, дардасаа дарсан газрын зурагтай, Монгол орон даяар 330 сумын намын дарга нар ирсэн Онц их хурлаар бүрэн харсан, ойлгож байгаа. Дарга цул байна гэдэг мөсөн уулын орой шиг өнгөц ойлголт харин 220 мянган гишүүд бүгд нэг талаа байгаа. Тэр нь суурь ойлголт санагдана.
-АН-ын гишүүдийн санал, үзэл бодлыг ингэж хувааж талцуулах нь намын хүчийг сулруулсан үйлдэл болж байх шиг байна. Угтаа нэг цул байх тусам сөрөг хүчний байр суурь улам хүчирхэгжих байх?
-Хүч нь суларч байгаа нь АН биш үндсэн ажлаа хийхгүй байгаа МАН болоод байна.
Ард түмэн тэдэнд МАН-д 65 суудал өгч хүнд цагийн ачааг үүр гэснээс биш АН-ын гишүүдийг хувааж талцуулаад өрсөлдөгчөө луйвраар намна гээгүй. Хотын түгжрэл, хил гаалийн түгжээ, Дарханы замтайгаа нүүр тулахгүйгээр АН-тай л ноцолдож байна. АН-ын төрсөн өдөр АН-ын байгуулагдсан арванхоёрдугаар сарын 6-ны өдөр, МАН өөрсдийнхөө хэзээ ч биелүүлж чадахгүй хүний эрх гэсэн сэдвийн дор Их хурлаа зарлаж байх юм. Үнэхээр хүний эрхийг хамгаалах гээд байгаа юм бол гэр хороололд, Замын-Үүдийн боомт дээр, төрөх ор олдохгүй байгаа эмнэлгийн гадаа иргэдээ цуглуулаад, зөрчигдсөн эрхийг нь сонсоод, маргааш нь ажил хэрэг болгоод хуралд л даа. Хэзээ хүний эрх албан тасалгааны цонхоор хамгаалагддаг байсан юм бэ. Хүний эрх чинь нийгмийн дундаж давхаргаа хамгаалсны, зузаан болгосны үр дүнгээр хамгаалагддаг. Хүний эрх чинь ядуурлыг бууруулж, иргэдийг орлоготой болгосноор хамгаалагддаг. Нэг гараараа шударга бус халамж тараагаад, нөгөө талаараа пиарын рейтингээ өсгөх алга ташуулсан хурлаар хүний эрх хамгаалагдахгүй. 2024 онд ард түмэн МАН-с миний амьдрал сайжирсан уу гэж асуух болохоос АН-ыг алаад ирсэн үү гэж асуухгүй байх.
-АН-ын тамга тэмдэгтэй холбоотой асуудал Улсын дээд шүүх (УДШ)-д очсон. Шүүхийн шийдвэр гарсан уу?
-Процессын дагуу УДШ-ийн шалгах ёстой 21 хоног дууссан. Тиймээс удахгүй хурлын товыг зарлаж шударга шийдвэрээ гаргана гэдэгт бат итгэлтэй байна.
-УДШ намын дарга, тамга тэмдэгтэй асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзэх ч иргэд байна. Гэтэл Намын ҮБХ-ны нийт гишүүдийн саналаар итгэмжлэгдсэн хүнийг томилох эрх нь шүүхэд байгаа гэж үзэх ч иргэд байна?
-УДШ-ийн дөрөвдүгээр сарын 27-ны 12 дугаар тоот тогтоолд, Улс төрийн намын тухай хуулийн 13.9-т заасны дагуу намын даргатай холбоотой маргаанаас эрх бүхий байгууллагаар шийдвэрлэж дахин хандах нь зүйтэй гэж үзсэн. УДШ-д бүтргэлтэй манай намын дүрмээр эрх бүхий байгууллага гэдэг эрх барих дээд байгууллага болох ИХ хурал юм. Бид энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр ээлжит бус Их хурлаа хуралдалдуулж шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилгаж, дотоод маргаанаа эцэслэн шийдвэрлэсэн.
-Хоёр талд байгаа АН нэгдэж, нэг цул болох алхмууд хийгдэж байгаа юу. Эсвэл эцсээ хүртэл хоёр тал руу хараад суухаар шийдчихсэн байна уу?
-Нүдээ аниад асуудал байхгүй гэж хэлж болохгүйн жишгээр ямар ч маргаан байхгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ нэг цул болж байгаа нь энэ гээд хувь хүмүүсийн өш хонзон, далд зөрчлийг хангах бус мөрдөх дүрэм, дагах хууль, зарчмын хүрээнд олонхоороо асуудлаа шийдэх учиртай. Заан том ч замаа дагаж, засаг том ч хуулиа дагаж, хүсэл том ч хүний эрхээр хязгаарлагдаж байх учиртай шүү дээ.
-Цаашдын гарц гаргалгаа шийдлийг хэрхэн харж байна вэ?
-Улс төрийн асуудал улс төрийн замаараа шийдэгдэх учиртай. Олонхоо дагаж, цөөнхөө хамгаалаад явахад шийдэгдэхгүй асуудал гэж үгүй. Хүн УДШ-ийн хов ярихгүй ажил хийж, олны итгэлийг даах олон шинэ санаачилга гаргаж, эрх чөлөө, хүний эрхийн төлөө бат зогсож байхад гарц үргэлж олдоно. Ардчилал бол хүрдэг оргил, эзэлдэг байр, булаадаг оргил биш процесс юм. Тиймээс Ардчилсан нийгэмд Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг хэлбэрэлтгүй дагаж байхад тэр нь өөрөө хамгийн зөв гарцаараа явж байгаа хэрэг юм.
П.БАТЗАЯА