“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Авлигатай тэмцэх улс төрийн хүсэл, зориг, эрх зүйн орчин, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.
Тэрбээр “Төрийн албан хаагчдын дунд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдох, шударга бусаар давуу тал олж авах зэрэг хууль бус үйлдлүүд байсаар байна.
“Транспарэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч нийт 180 улс, орноос 110-т эрэмбэлэгдсэн нь маш чамлалттай үзүүлэлт. Шалгуур үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд өмнөх онтой адил оноо авсан ч таван байраар ухарчээ.
Төрийн байгууллагуудын ойлголтын зөрүү, ажлын арга барилын ялгаа байгууллагуудын соёл, ажлын чиг үүргийг нэн тэргүүнд тавьдаг зэргээс шалтгаалаад авлигатай тэмцэх ажлыг хойш нь татаж байна.
Ерөнхий сайдын 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн 120 тоот захирамжаар авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсгээс эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Ерөнхий сайдаар батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа.
Төлөвлөгөөнд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх зэрэг нийт дөрвөн том чиглэлийн хүрээнд 50 арга хэмжээ авахаар ажиллаж байна.
2021 оны долдугаар сараас хойш төрийн байгууллагын хүнд суртал, авлигын шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч дүн шинжилгээ хийж ажиллаж байна. 11-11 тусгай дугаарт арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл 2242 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс авлигын гэмт хэргийн шинжтэй 21 гомдол гарсныг АТГ-т шилжүүлсэн. Хүнд сурталтай холбоотой 1252 дуудлага бүртгэгдсэнийг холбогдох төрийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.
Дийлэнх гомдлыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг цахимаар авахтай холбоотой байна” гэв.