Антионины тахал
Хятадын Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сард анх илэрсэн амьсгалын замаар халдварладаг SARS-CoV-2 коронавирус асар богино хугацаанд дэлхий даяар түгж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны гуравдугаар сарын 11-нд онц аюултай “Ковид-19” цар тахал дэгдсэнийг зарлахад хүрсэн билээ. “Ковид-19”-ийн улмаас одоогийн байдлаар 250 сая шахам хүн өвчилж, таван сая хүн нас бараад буй. Иймээс ч “Ковид-19” нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хөнөөлтэй цар тахлуудын нэг болоод байна.
Тэгвэл түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн хамгийн анхны тахал Эртний Ромд Марк Аврелий Антонины хаанчлалын үед МЭ 165-180 онуудад дэгдэж, халдварлагчдын дөрөвний нэг нь буюу нийт таван сая орчим хүн амь насаа алджээ. Антонины гэх нэр авсан энэ тахлыг Эртний Ромын цэргүүд дорно зүгт хийсэн аян дайнаас буцаж ирэхдээ тархаажээ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар, энэ нь салхин цэцэг өвчин байх магадлал их аж.
Антонины тахал Газрын дундад тэнгис (Эртний Ром) болон Энэтхэгийн соёл иргэншил хоорондын анхны харилцаанаас үүдэлтэй гэж үздэг байна. Мөн үед Энэтхэгтэй холбогдож эхэлсэн Хятадад ч ижил төрлийн тахал дэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Эртний Ромд ч, Хятадын Хань гүрэнд ч энэ нь цоо шинэ өвчин тул ард иргэдэд нь үүний эсрэг дархлаа байсангүй.
Антонины тахлаар Эртний Ромын зарим мужийн хүн амын гуравны нэг нь нас барснаар хөдөлмөрлөх хүч дутагдан эдийн засаг уналтад орж, армийн бие бүрэлдэхүүн хорогдсоноор хойд зүгээс довтлох варваруудыг тогтоон барих нь улам хүндрэлтэй болжээ. Хэнийг ч хамаагүй хайр найргүй ниргэх тахлаас айж цочирдсон, үймж самгардсан хүмүүс уламжлалт бурхаддаа итгэх нь эрс багасав. Энэ үед тахлаар үхэхээс үл айх христийн шашинтнууд нигүүлсэнгүй үйлс хийж өвчлөгсдийг халамжлан асарч, эмнэлгүүд барьж эхэлжээ.
Иймээс ч “авралын” гэгдэх болсон христийн шашин төд удалгүй Эртний Ромын албан ёсны шашнаар өргөмжлөгдсөн юм. Хятадад ч мөн ижил шалтгааны улмаас буддын шашин ихэд түгэн дэлгэрчээ. Ер нь энэхүү тахлын дараа өрнөдийн төдийгүй дорнын ертөнцөд шашин шүтлэг бэхжин ёс суртахуунд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарсан байна. Антонины тахалд нэрвэгдсэн Эртний Ром, мөн Хятадын Хань гүрэн өмнөх сүр хүчээ сэргээж чадалгүй бутран задрахад хүрсэн түүхтэй.
Харин анхны булчирхайн тахал Эртний Ромыг хоёр хуваагдсаны дараа зүүн хэсэгт нь үүссэн Византийн гүрний хаан ширээнд I Юстиниан заларч байхад МЭ 541 онд дэгджээ. Тэр үеийн зарим эх сурвалжид тахал Египетийн Пелусий хотоос эхэлсэн гэж тэмдэглэсэн учир ихэнх түүхч, судлаачид Юстинианы тахлыг Африкаас гаралтай гэж саяхан хүртэл үздэг байв. Гэвч 2017 онд хийсэн филогенетикийн шинжилгээ Юстинианы тахлыг үүсгэгч нь Хятад дахь мэрэгч амьтдын байгалийн голомтоос гаралтай гэх онолыг баталжээ.
Тэр үед Византийн гүрэн Персийн Сасанидын хаант улстай байсхийгээд дайтан нэг нэгнийхээ хүчийг ихээхэн сулруулдаг байв. Үүнийг ашиглан аль аль руу нь монголчуудын өвөг хүннү нар хойд зүгээс уулгалан довтолсон нь цөөнгүй. Иймд хүннү нараар дамжин Юстинианы тахлыг үүсгэгч нь Хятадаас Газрын дундад тэнгисийн зүүн эрэгт хүрсэн байж тун ч болзошгүй.
Юутай ч, Юстинианы тахалд Византийн гүрэн ба Сасанидын хаант улс хоёул нэрвэгдэж, Газрын дундад тэнгисийн зүүн эрэг, Бага Ази, Хойд Африкийн асар уудам газар нутаг хүн амгүй шахам болжээ. Хоёр зууны турш дахин дахин дэгдсэн булчирхайн тахлаар энэхүү бүс нутагт 66 сая хүн амь үрэгдэж, үүссэн улс төр, хүн ам зүйн хоосон орон зайг арабууд ба лалын шашин эзэлсэн юм. Юстинианы тахлын түүхэн үр дагавар гэвэл тус бүс нутагт Арабын улс үүсч хүчирхэгжин Византийн гүрний газар нутгаас үлэмж булаан авч, Сасанидын хаант улсыг бүрэн эзэлж, лалын шашныг зүг бүрт түгээн дэлгэрүүлж эхэлсэн явдал байв.
Хар тахал, Лондон
Үүнээс найман зууны дараа Хар үхэл (латинаар Atra mors) нэр авсан булчирхайн аймшигт тахал янз бүрийн тооцоогоор Европын хүн амын гучаас жаран хувийг хиаруулжээ. Оргил үе нь Европт 1346-1353 онуудад тохиосон энэ тахал олон сэжмээр Монголтой холбоотой.
Юуны түрүүнд Хар үхэл Монголын говь дахь байгалийн голомтоос эхэлсэн гэж үзэх нь бий. Говьд 1320-иод онуудад ган гачиг үргэлжлэн уур амьсгал эрс хуурайшихад хоол хүнсний хомсдолд орсон тарвага, зурам гээд мэрэгч, туулайн бүлгийн олон амьтан олноор нүүдэллэн малчдын аж төрөх газар руу ойртож багшралдахаас өөр аргагүйд хүрчээ. Тэд тахал үүсгэгч Yersinia pestis савханцрыг нэг нэгэндээ болон хүмүүст анх халдаасан гэх таамгийг судлаач эрдэмтэд дэвшүүлсээр ирсэн байна.
Хятадын эх сурвалжид, 1331 онд говиос зүүн өмнөд зүгт орших Хэбэйн хүн амын 90 хувь нь хачирхалтай өвчнөөр нас барсан тухай дурджээ. Тэгвэл XIV зууны Арабын түүхч, газар зүйч Али Аль-Макризи, “Их хаан зургаан хүүхдийнхээ хамт үл мэдэгдэх өвчин тусч нас баржээ. Мөн хааны удмын 16 хүн өөд болсон байна. Хятадад үй олон хүн гэнэт өвчнөөр үхэж, харин Энэтхэг хавьгүй бага хохирол амсчээ” гэж тэр үеийн тухай бичсэн аж. Али Аль-Макризи “их хаан” гэж Монголын Юань гүрний Төвтөмөр Заяат хааныг хэлсэн байж болох юм.
Юу гэвэл, Төвтөмөр Заяат хаан 1332 оны есдүгээр сард 28 насандаа нийслэл Дайду (одоогийн Бээжин) хот дахь Их амгалан харшдаа учир битүүлгээр нас баржээ. Үүнээс жилийн өмнө түүний том хүү, хаан ширээг залгамжлагч хунтайж Алтандара мөн л үл мэдэгдэх өвчнөөр нас барсан билээ. 1332 оны аравдугаар сарын 23-нд Юань гүрний хаанаар өргөмжлөгдсөн долоон настай Ринчибал хоёр сар ч хүрэлгүй мөн л өвчнөөр өөд болсон байдаг. Төвтөмөрөөс өмнө 1328 оны наймдугаар сарын 15-нд Есөнтөмөр хаан Юань гүрний зуны нийслэл Шанд хотод 51 насандаа мөн л өвчний улмаас цаг бусаар таалал төгссөн бөгөөд гадаадын зарим түүхч түүнийг Хар үхэлд анхлан өртөгсдийн нэг байж болзошгүй гэж таамагладаг аж.
Тив дамнасан Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны дараа өрнө, дорныг холбосон Торгоны зэрэг худалдааны олон замыг төрийн хамгаалалтад авч шуурхай холбоо харилцааны морин өртөөнүүдийг байгуулснаар асар уудам нутагт бараа таваар, соёл, шашин, технологийн гээд бүх төрлийн солилцоо эрс идэвхжжээ. Үүний сацуу халдварт өвчнүүд ч хурдацтай тархаж эхэлсэн байна. 1497 онд үйлдсэн Оросын он цагийн бичигт дэлхийг бүтээснээс хойших 6854 он буюу 1346 онд аюулт тахал Дон, Ижил мөрөнд хүрч Алтан ордын нийслэл Сарай болон ойр зуурын хотуудын хүн амыг олноор хөнөөсөн тухай тэмдэглэжээ.
Тэр үед Алтан ордыг захирч байсан Чингис хааны удмын Жанибек хаан Крымийн хойг дахь Италийн Венецийн Тана, Генуйн Каффа боомт хотуудын эсрэг дайн зарласан ба тэдгээр хотуудаас Хар үхэл хөлөг онгоцуудаар Европт хүрсэн гэж үздэг.
Харх, нохой бөөсөөр дамжин эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй томоохон хотуудад бөөгнөрөн амьдрах явдал ихэссэн, байнгын дайн дажинд нэрвэгдсэн Европт Хар үхэл маш хурдан тархжээ. Говиос гаралтай булчирхайн, манайхаар бол тарваган тахал Европын түүхэнд асар том ул мөр үлдээж, эдийн засаг, сэтгэл зүй, соёл, амьдралын хэв маяг, тэр байтугай хүн амынх нь удамшлын генийн бүтцэд маш ихээр нөлөөлсөн төдийгүй нийгмийн тогтолцоо, шинжлэх ухаан, урлаг, техникийн үсрэнгүй хөгжлийн угтвар нөхцөл болсон гэж үздэг билээ. 1492 онд Испанийн далайчин Христофор Колумб шинэ тивийг нээснээр Европоос эд баялаг, үржил шимт газар эзэмшихийг эрмэлзэгчид Америкийг үй олноор зорихдоо салхин цэцэг, улаан бурхан, хумхаа гээд олон халдварт өвчнийг тээн уугуул иргэдийн дунд тархаажээ. Тэдгээр өвчнөөс дархлаагүй уугуул хүн амын бараг 95 хувь нь ихэвчлэн салхин цэцгийн тахалд нэрвэгдэн устсан гэх тооцоо байдаг аж. Үүний улмаас л ацтек, инкийн соёл иргэншил үгүй болжээ.
Америкийн хоёр тивийн уугуул иргэдийг салхин цэцгийн тахал хиаруулснаар Европынхон богино хугацаанд эзлэн авч эд баялгийг нь зөөж капитализмын хөгжлийг хурдасган даяар худалдаа, Европын колоничлол үүсэхэд хүргэсэн аж. Хойд Америкт салхин цэцгийн тахлаар индианууд үй олноороо үхэж үрэгдэх болсны дараа Европоос, гол төлөв Их Британиас ирэгсэд суурьшиж эхлэн хожим АНУ-ыг байгуулжээ.
ХХ зууны эхэн гэхэд хөгжингүй орнуудад үндэсний эрүүл мэндийн тогтолцоо бий болж, эмнэлгийн ажилтнуудын нэр хүнд ч өссөн байв. Олон төрлийн вакцин боловсруулж салхин цэцэг, холер (булчин урвах тахал), улаан бурхан, хумхаа гээд аюултай халдварт өвчнүүдийг хурдан устгаж эхэлжээ. Ард иргэдийнх нь материаллаг байдал сайжирч, эрүүл ахуйн шаардлага чангарч, хувийн ариун цэвэр сахих явдал ч хэвийн үзэгдэл болсон байв.
Хэдий тийм ч энэ бүхэн 550 саяас доошгүй хүн (дэлхийн хүн амын 30 орчим хувь) өвчилсөн цар тахлаас сэргийлж чадаагүй юм. 1914 онд дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээр байлдааны ажиллагаа өрнөх бүх газар нутагт хижиг, улаан бурхан, тэр ч бүү хэл булчирхайн тахал дэгдэвч эмч нар тэмцэх аргаа мэддэг болсон тул цаг тухайд нь хурдан дарж чадаж байлаа. Гэвч дайн дууссаны дараа 1918 онд амьсгалын замаар дамждаг H1N1 ханиадны вирус дэлхий даяар тархаж эхэлжээ. Цар тахлын голомтыг одоо хэр тогтоогоогүй бөгөөд дайны үеийн эрүүл ахуйн хангалтгүй байдал, хоол хүнсний дутагдал, цэргийн ба дүрвэгсдийн хуарангууд дахь хүмүүсийн хэт бөөгнөрөл өвчин маш хурдан газар авахад хүргэсэн аж.
Дайнд оролцогч орнууд арми ба ард иргэдийн дунд дэгдсэн тахлын талаар мэдээлэхийг хориглон цензур тогтоосон тул энэ тухай хамгийн түрүүнд төвийг сахисан Испани улс албан ёсоор зарлажээ. Ийм ч учир энэ цар тахлыг испани ханиад гэж нэрлэх болсон байна. 1918 оны тавдугаар сар гэхэд Испанийн хүн амын 39 хувь буюу найман сая хүн халдвар авчээ. Хүндээр өвчлөгсдөд амьсгал давчдах уушгины хатгаа, биеэр улаан толбо туурах шинж тэмдэг илэрч байв.Өвчний сүүлийн үе шатанд вирус нь уушгины доторх цус алдалт үүсгэж, үүний үр дүнд өвчтөн өөрийн цусандаа хахдаг байсан аж.
Өвчлөгсдийн дунд нас баралтын үзүүлэлт өндөр байсан нь H1N1 вирусийн омог уушгины үрэвссэн эдийг хурдан устгаж уушгийг шингэнээр дүүрэхэд хүргэдэг онцлогтой холбоотой ажээ. Иймээс ч ялангуяа дархлаа сайтай залуу хүмүүсийн дунд нас баралт илүү тохиолдсон байна.
Испани ханиад
Испани ханиадны эхний давлагаа 1918 оны хавар, намар тохиож нас баралт харьцангуй бага байсан ба мөн оны наймдугаар сар гэхэд өвчлөгсдийн тоо эрс багасахад цар тахал өндөрлөх нь хэмээн эндүүрчээ. Гэвч 1918 оны намраас нас баралт маш ихтэй хоёрдугаар давлагаа, 1919 оны нэгдүгээр сард нас баралтын хэмжээ мөн л өндөр гуравдугаар давлагаа эхэлжээ. Энэ нь вирус мутацид орон өөрчлөгдөж байсантай холбоотой гэнэ. Испанийн ханиадны цар тахал 1918-1920 онуудад үргэлжлэн 17.4 саяас доошгүй хүний аминд хүрчээ.
Ер нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хөнөөлтэй тахлуудын дараа хөгжлийн шинэ мөчлөг эхэлж хуучин юм ул болж, шинэ юм зул болж байсан нь ажиглагдана.
Өнөөгийн “Ковид-19” цар тахал бараг хоёр жил үргэлжилж буй ч хэзээ бүрмөсөн арилах нь одоо хэр тодорхойгүй. Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар даяарчлагдсан дэлхийд цаашид ч янз бүрийн цар тахал дэгдэх ба тэдгээрт бэлэн байж тэр бүрийд амьдралын хэв маягаа өөрчлөн дасан зохицохоос өөр аргагүй гэдэг ч бараг ортой юм уу даа. Тэгэхээр, хүмүүсийн амьд харилцаа улам бүр багасч, зайнаас буюу интернэт зэргээр харилцах нь улам бүр нэмэгдэх төлөвтэй байх шиг…