Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу?

Өдрийн сонин хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын талаар ингэж бичиж байв. Гэтэл өнөөдөр уг айлчлалын нөхцөл байдал ямархуу байгааг та бүхэн тунгаана биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх төрийн айлчлалын тов хэдийнэ гарсан. У.Хүрэлсүхийн айлчлалтай холбогдуулж Оросоос албаны хичнээн ч хүн манайд ирж, юу юу ч болж өнгөрөв. Өнгөрөгч сарын сүүлээр буюу Улс тунхагласны баярын үеэр Оросын Засгийн газрын Шадар сайд В.Абрамченко албатуудтайгаа айлчилсан. Харьяат улсдаа ирж байгаа юм шиг толгой дээгүүр жигтэйхэн даналзсан орос авгай ирээд Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэрээр хоёр орны төрийн албан уулзалтын үеэр “Монгол Улсад усан цахилгаан станц барих ажлыг бид дэмжихгүй. Танай Эгийн голын усан цахилгаан станц баригдах ёсгүй. Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барьж байгуулж байгаа нь Оросын хувьд маш эмзэг асуудал болоод байна. Тиймээс бид зөвшөөрөхгүй” гэдгээ дээрэнгүйгээр шуудхан мэдэгдлээ. УЦС барихыг хориглосон хэрнээ Гусиноозёрскийн төрийн мэдлийн ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бэлэн гэв. Үндсэндээ цахилгаан станц байгуулж болохгүй, харин цахилгаан эрчим хүчээ Оросоос төлбөртэйгөөр авч нөхөж болно гэдгээ хэлж байгаа нь тэр. Айлчлалынхаа үр дүнг сүүлд нь хэлэхдээ “Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хомсдолыг нөхөх нь хоёр талын нэн тэргүүний асуудал” гэж тодотгосон байна лээ.

Үүнээс гадна бас нэг айхавтар мэдэгдэл хийсэн нь манай станцууд хүчин чадлын хувьд доройтсоныг анзаарч тэр тал дээр хамтарч ажиллана гээд хийн хоолойгоор дамжуулж биднийг газаар хангахаа хэлсэн. Манай цахилгаан станцыг нүүрс биш хий болгох гэсэн аюултай санал. “Оросоос Хятад руу Монголоор дамжин өнгөрөх хийн хоолой барих, эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэн сайжруулах, шинээр барьж байгуулах уг төслийг Монголын тал хэрэгжүүлнэ гэдэгт ОХУ найдаж байна” гэж Шадар сайд авгай таатайхнаар инээд алдаад мэдэгдсэн. Энэ нь манай цахилгаан эрчим хүчийг бүгдийг нь газ болгож өөрийн хараат болгох орос ах нарын алсын бодлого гэдэг нь ойлгомжтой. Тийм болоод уг төсөл дээр хамтарч ажиллана гэдэгт найдаж байна хэмээн уриалгахан хэлээд байгаа хэрэг. Хийн хоолойн төслийн ТЭЗҮ 2022 оны хоёрдугаар улиралд дуусгавар болж, гуравдугаар улиралд гэрээнд гарын үсэг зурах тухай яригдаж байна.

Яагаад оросууд хийн хоолойг станцтай холбох гэж ингэж яарч байна гэхээр монголчууд цахилгаан станц нь хэдий доголдож байгаа ч нүүрсээ түлээд станцаа амьтай байлгаж, биднээс хамаарал харьяалалгүй аж төрөөд болоод байна гэдгийг анзаарсан. Тиймийн учир цахилгаан эрчим хүчийг нь тэр чигт нь газ болгож, түлхүүрийг нь гартаа атгалаа гэдэг шиг өөрсдөөсөө хамааралтай болгох нь л гэж хардахаар. Үнэхээр хийн хоолой тавьж манай станцуудыг бүгдийг нь газ болгоод Оросын талаас ганцхан кноп дар аа гэдэг шиг газаа хаахад манайд эрчим хүч, цахилгаан бүгд зогсоно. Амьдрал зогслоо гэсэн үг. Идэр есийн хүйтэнд цахилгааныхаа амыг барьж, газаа тасалж биднийгээ хөлдүүс болгочиход оросууд маань нэг их санаа зовохгүй болов уу. Тэд нэг шалтаг олоод л хэлчихнэ, ямар уран цэцэн билээ дээ, тийм юмандаа. Өнгөрөгч хавар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Оросын Гадаад харилцааны сайд С.Лавровтой уулзахад баахан магтсан пиар цахимаар битүү явсан. Тэрхүү уулзалтын гол үр дүн юу вэ гэвэл ерөөсөө хийн хоолойн асуудал. Энэ тухайгаа Б.Батцэцэг “ОХУ-ын “Газпром” компанитай ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг манай улсын газар нутгаар дайруулахаар тохиролцсон. Бид “Газпром”-ын захирал А.Миллертэй уулзаж төслийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. Энэ төсөл манай хоёр улсын харилцаа, гурван талын хамтын ажиллагааны шинэ зууныг төлөөлөх томоохон бүтээн байгуулалт болно. Манай Засгийн газар энэ ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хийн хоолойн инженерүүд бусад боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэхээр ярилцаж байна” гэж Орост айлчилсныхаа дараа хэлсэн. Тэгэхээр орос сайдын саяны айлчлалын үзүүр гогцоо ингэж тайлагдаж байна. Ямар ч байсан хийн хоолой тавих нь. Хийн хоолой манай ирээдүй үр хойчист хоолойд нь угласан дүүжлүүрийн олс болчихгүй шиг бол хийнэ л биз. Гэрээний заалтуудыг нь мэргэжлийн хүнээр хийлгэдэг юм байгаа биз. Харин түүнийг цахилгаан станцтайгаа холбож яах гээд байгаа юм бэ. Бид хувингаараа ч болтугай Багануураас нүүрс зөөгөөд цахилгаантай байгаад байгаа нь хэнд гай болоод байгаа юм бэ.

Мөн Шадар сайд авгайтай бараг зөрөөд Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов баахан генералуудаа дагуулаад ирсэн. Манай Батлан хамгаалахын сайд хүлээж аваад “Бид зэвсэгт хүчнийхээ зэвсэглэл, техникийг шинэчлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон цэрэг техникийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжих бодлогыг цаашид ч баримтлах болно” гэж хэлсэн байна. В.В.Герасимов “Цар тахлын хэцүү үеийг үл харгалзан төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг онцлов” гэх албан мэдээ яамны зүгээс гарсан. Ямар төлөвлөгдсөн арга хэмжээ төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн нь бүү мэд. Эгээтэй л манайд цэргийн бааз байгуулна гэж яриагүй байлтай. Ингэж У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын өмнө оросууд асар их ач холбогдол өгөөд байна. Хойноос цувран ирж байгаа нөхдүүдийн санаа зоригийг анзаарахад, У.Хүрэлсүхийн айлчлалаар их олон зүйлийг оросууд шийдүүлэх гээд хөрс сууриа урьдчилан бэлдээд байгаа бололтой. Тэд оччихсон байхад юу ч байсан хийлгүүлнэ гэж бат итгэлтэй байгаа бололтой. Дор хаяж Ленин клубийн газрыг авах юм гээ биз дээ. Манайхан ялангуяа Ардын нам хуучин Хувьсгалт намын нөхөд оросуудад үгүй гэж хэлж чаддаггүй. Тэд оросуудыг хараад налаад унадаг. Орос ах нарынхаа өмнө гөлгөнөөд сурчихсан. Тийм дээ, үгүй гэж хэлж зүрхлэхгүй, огт сураагүй хуучин ЗХУ тэдний зүрхэнд орчихсон. Аваачаад буудчихаар чинь айлгүй ч яахав.

Яг ийм жишгээр У.Хүрэлсүх орос ах нарынхаа өмнө үгүй гэж хэлж чадахгүй, юу л хүснэ тэр бүгдийг үг дуугүй зөвшөөрчихөөд буцаад ирэх байх даа гэсэн бодол төрөөд байна. Хэрвээ оросууд Монголын язгуур эрх ашигт нөлөөлсөн, улс орон ард түмний цаашдын хувь заяатай холбоотой асуудлыг тулгавал яах болж байна. Тухайлбал, ДЦС-уудаа нүүрсээр ажилладгийг нь болиулж газ болгуул, УЦС огт барьж болохгүй, цахилгаан эрчим хүчээ бүгдийг хийн хоолойд холбуул гэж тулгахад Ерөнхийлөгч маань “За за” хэмээн ам өчгөө өгчихөөд ирвэл яах вэ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхдаа сүүлд айлчлахад оросууд Маршал Чойбалсангийн Москвад нас нөгцөхдөө өмсөж байсан формыг жаазлаад өгсөн дуулддаг.

Сайнаар бодвол өвөг дээдсийн чинь хувцас гэж ойлгоно, саараар бодвол “Үгэнд орохгүй бол ингээд өмсөж явсан хувцас чинь үлддэг юм шүү” гэх сануулга дохио ч байж болох. Яг үүн шиг байдал үүсвэл У.Хүрэлсүх оросуудын өмнө хатуу байж чадах уу. Хатуу байж чадахгүй ам өчгөө өгч толгой бөхөлзөөд ирдэг. Ирээд нөгөөхийг нь хийж болдоггүй. Ингээд хоёр улсын харилцаанд бас л нэг ан цав бий болох нөхцөл үүсэх юм биш байгаа.

Учир нь Монгол Улсын эцсийн шийдвэрийг У.Хүрэлсүх биш, ард түмэн нь мэддэг гэдгийг Путины дарлалд, чанга гарт байгаа оросууд яаж мэдэх билээ. Монгол бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш. Бид парламентын засаглалтай, хууль тогтоох дээд байгууллага нь УИХ, парламентаа ард түмэн нь сонгодог ардчилсан орон. У.Хүрэлсүхийг нь айлгаж хуурч байгаад бүх асуудлаа шийдвэрлүүлээд авлаа гэж бодоход язгуур эрх ашиг, улс орныхоо тусгаар тогтнолын эсрэг юм байвал ард түмэн үгүй л гэнэ шүү дээ. Энэ бүхнийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч маань сайтар бодож тунгаасан уу. Юундаа Орос руу явах гэж яарч адгаад байгаа юм бэ? Оросууд дуудаад амраахгүй байгаа юм уу. Хоёр орны дипломат бодлого, найрамдалт харилцаа нэрийн дор дарамт шахалт үзүүлээд байгаа юм уу? Тэгвэл хэвлэл мэдээлэл, олон нийтдээ хандаач. Дэлхий нийтэд зарласан ч болох асуудал баймаар. Сүүлийн үед Ерөнхийлөгч савлхийвэл “Хоёр хөрштэйгөө эв найрамдалтай байна” гэж хэлэх болсон. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ эв найрамдалтай байна гээд тусгаар улсын язгуур эрх ашигт харшилсан юм хийж болохгүй. Ер нь монголчууд бид Орост айлчлаад хожоотой байсан удаа урт удаандаа байгаагүй. Тэрхэн зууртаа юм олоод байсан мэт боловч урт удаандаа буюу үр хойч, улс орны тусгаар тогтнолд тийм их тус дэмтэй юм нэг их хийгдэж байгаагүйг бид одоо хараад л, мэдрээд л явж байна даа.

Танд чилийсэн зургаан жил байгаа. Хойд хөршдөө хэзээ ч айлчилж болно. Оросыг хуучин шигээ ах дүү гэж бодоод итгээд яваа юм биш биз дээ. Одоо бол бусад орны жишгээр зүгээр л дипломат харилцаатай хил залгаа орнууд.

Орос бол манайхыг тултал ашиглаж ханддаг, тийм байх ч ёстой гэж үздэг түүхтэйг Ерөнхийлөгч та анхаарна уу. Орост нийлүүлж буй манай бараа бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар тавихаас аваад бүх зүйл дээр хавчдаг. Евразийн эдийн засгийн холбоо ба Монголын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна л гэдэг, шийдвэрлэсэн юм байдаггүй. Мөн ШХАБ-ын ажиглагчийн статусын асуудал гэж том юм байна. Улс төрийн тогтворгүй байдал хоёр улсын харилцаанд их муугаар нөлөөлдөг гэж одоо бүр улайм цайм хэлдэг болоод байна, хоёр хөрш маань. Тогтвортой байна гээд өөрсдийнхөө сонгосон парламентын засаглалаасаа ухарч нэг дарангуйлагч гаргаж ир гээд байгаа бололтой. Энэ мэт улс төр, эдийн засгийн олон асуудал дээр Орос биднийг юун ах дүү манатай өс хонзонтой юм шиг хяхан дарамжталж, өөдөө нар харуулалгүй явж ирсэн. Сүүлд нь хэлэхэд, манай Ерөнхий сайдуудын хувь тавилан Москвад дуусдгийг Ерөнхийлөгч та эрхбиш мэднэ биз дээ. Өнгөрсөн түүхээ эргэж харж, сайтар тунгаан бодож л байгаарай. Бид муу ёрлож байгаа юм биш. Бас үнэн түүхийг худлаа нэрэлхэж цагаатгаж бодоод яахав. Одоо цагт тийм юм гэж юу байхав хэмээн бодож магад. Гэвч хуучин нийгмийн үед ч бид тусгаар улс байсныг санах хэрэгтэй. Энэ бүхнийг эргэцүүлж бодоод Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу гэж асуугаад байгаа юм. Өгөх юм чинь л дуулдаад байх юм, авах юм чинь огт дуулдахгүй болоод ингэж эргэлзэх сэтгэл төрөх юм. Авах ч юу байхав, харилцан ашигтай наймаалцах юм чинь юу юм бэ.

Д.БАТБОЛД

6 replies on “Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу?”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *