Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Чой-Иш: Нийслэлийн долоон цэгт махны худалдааг өргөжүүлнэ


ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.


-Нөөцийн мах бэлтгэх ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалагдаж байгаа махны дүн мэдээг долоо хоног бүр тогтмол авч байна. Хөндлөнгийн аудиторуудаар шалгалт хийлгэж, дүнг нэгтгэн гаргаж байна.
Өмнөх долоо хоногийн мягмар гарагт авсан мэдээгээр 7400 тонн мах агуулахад хадгалагдаж байна. Энэ жил мал тарга хүч сайн авсан учир байсан учир махны чанар харьцангуй сайн байна. Тиймээс махны өөх ихдэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж өгч байгаа. Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхэр, 60 хувь нь хонь, 10 хувь нь ямааны мах байна.

-Малын өвчлөл гарсантай холбоотойгоор мах бэлтгэлийн ажилд ямар зохицуулалт хийж байна вэ?
-Зөвхөн нөөцийн мах төдийгүй зах зээлд борлуулагдах маханд мал эмнэлгийн тогтолцоогоор гарал үүслийн баталгаажуулалт байнга мөрдөгддөг. Үүний дагуу өвчлөл бүхий аймгуудад вакцин таригдсан эсэхээс хамаараад гарал үүслийн бичилтээр зохицуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутаг өвчлөлтэй байгаад вакцин хийгдсэн бол тэндээс мал, махны хөдөлгөөн хийлгэхгүй гэсэн үг.

-Өвлийн идэш өргөтгөсөн худалдааны үр дүн ямар байв?
-Улаанбаатар хотод махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг 11-р сарын 25-наас 12-р сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн зохион байгуулсан. Мөн орон нутагт буюу Орхон, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт нэгэн зэрэг энэ арга хэмжээ болсон.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан өргөтгөсөн худалдааг 12-р сарын 5-ны өдрийг дуустал сунгасан. Өвлийн идэш төвлөрсөн худалдаа нь иргэдийн хувьд сонголтоо нэг дороос хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Нийт 16 аймгаас мал, мах нийлүүлж, борлууллаа. Хоногт 60-90 гаруй тонн махны худалдаа хийсэн. Махнаас гадна цагаан идээ, импортоор авдаг цагаан будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн борлуулсан.
“Өвлийн идэш” арга хэмжээний хоёр дахь үе шат өнөөдрөөс буюу 12-р сарын 6-наас эхэлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ. Иргэдийн хувьд аль цэгт хаанахын мах борлуулагдаж байгаа мэдээллийг аваад сонголтоо хийх боломжтой. Зүүн талд Амгалан зах, Тэнгэр бөөний худалдааны төв, хотын төвд Саруул зах, баруун талд Хархорин худалдааны төв, урагшлаад Монгол фермер, Лавай худалдааны төв, мөн шинээр Яармагт нээгдсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй Фүүд сити худалдааны төвд аймгууд нийлүүлэлтээ хийх хувиар гаргасан. Засгийн газар, ХХААХҮ-ийн сайдаас орон нутгийн Засаг дарга нар руу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэл өгсөн.

Яамнаас үнийг тогтвортой байлгах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байна?
-Бид нийлүүлэлтийг нэмэгдүүлж өгч байгаа. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр үнэ тохиромжтой хэмжээнд хүрч байгаа нь ажиглагдаж байна. Малын тооллого эхлэх үеэс нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна.
Нийслэлд орж ирж байгаа мал, маханд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн мал эмнэлгийн газраас дээж авах, ариун цэвэр шаардлагын нөхцлийг хангуулах чиглэлээр ажиллаж байна.

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хэр байна вэ?
-Гол нэрийн 16 төрлийн бүтээгдэхүүн байдгаас загасны мах зэрэг бараа бүтээгдэхүүнээ хасаад нийтийн хэрэглээнд байгаа 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хяналтдаа аваад явж байгаа. Төмөр замаар орж ирэх бараа бүтээгдэхүүнд зохицуулалт хийж, байнгын татан авалтыг хийж байна. Үүн дотор гол нэрийн хүнс болох цагаан будаа, ургамлын тосны захиалгыг холбогдох яамдуудтай хамтран сар бүр өгч байна. 11-р сард хамгийн хүндрэлтэй үе байсан. Энэ үед төмөр замын тээвэр хэвийн явж байсан учир төмөр замаар татан авалтаа хийсэн. Хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийн хувьд саатал үүссэн учир хангалтыг хэвийн байлгах зорилгоор татан авалтаа хийсэн. Хоёрдугаарт, үнийн хувьд тээврийн зардлаас хамааралтай өсөлт үүсээд байсан. Энэ хоёр асуудлыг нэг дор шийдэхийн тулд төмөр замаар болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн машинаар татан авалт хийснээр 10-р сард тээврээс шалтгаалсан үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд авчрах боломжийг бүрдүүлсэн.

12-р сард шинэ жил болж байгаатай холбоотойгоор хүнсний нарийн ногоо, өндөгний хэрэглээ хоёр дахин өсдөг. Тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татан авахаар ажиллаж байна. Хайрагдаж, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дулаалгатай чингэлгээр татан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж захиалгаа хүргүүлж байна. Өндөгний хувьд ОХУ-аас татан авалтаа хийж байгаа. Хүнсний нарийн ногоо, жимсийг ч гэсэн тодорхой хэмжээнд ОХУ-аас нийлүүлэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *