Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Өмнөд Солонгосын алдарт жүдоч Ан Чанрим их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа.
Өдгөө 27 настай тэрбээр өөрийн цахим хуудастаа “Би энэ жил зодог тайлж байгаа учир 2021 он миний Солонгосын шигшээ багт өнгөрүүлж буй сүүлийн жил болж байна. Намайг дэмждэг IJF болон дэлхий даяарх жүдогийн нийгэмлэгтээ баярлалаа. Одоо би амьдралаа гэр бүл, аз жаргал, эрүүл мэнддээ зарцуулах болно. Би одоо сайн дасгалжуулагч болж, олимпийн алтан медальтнуудыг бэлтгэмээр байна. Би хилийн чинадад ажиллахад нээлттэй тул хэрэв хамтарч ажиллахыг хүсвэл надтай цахим шуудангаар холбогдоорой. Мөн зөвлөгөө, сургалт хийх сонирхолтой байгаа тул надтай холбогдоорой” гэжээ.
Японы домогт Шохэй Онотой хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг байсан Ан Чанрим ийнхүү зодог тайллаа. Япон гаралтай Ан Чанримийн тухайд 2015, 2017 онуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, 2018 онд Шохэй Оно аваргыг гэмтэлтэй байх үеэр Бакугийн дэлхийн аваргад түрүүлж байв. Мөн тэрбээр 2018 оны Азийн наадмын шигшээд Онотой учраа таарч ялагдан, мөнгөн медаль хүртсэн түүхтэй.Тэрбээр олимпоос хойш тэмцээн уралдаанд оролцоогүй бөгөөд хамгийн сүүлд Ц.Цогтбаатартай барилдаж, ялагдал хүлээсэн.