Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очиртой ярилцлаа.
-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдэд тэтгэлэгт тэнцсэн мэдээг дуулгаж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн. Тухайн бичлэгийн талаар иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Уг бичлэгийг үзээд танд ямар сэтгэгдэл төрөв?
-Тэтгэлэгт хөтөлбөр зарлаж хот, орон нутгийн шилдэг оюутныг дэлхийн шилдэг Их, дээд сургуулиудад тэтгэлгээр сурах боломж олгох нь боловсролын салбараар дамжаад үндэстнийхээ хүний нөөцөд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт уу гэвэл тийм. Энэ асуудалд Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнүүд анхаарал хандуулж ирсэн учир Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгыг буруу гэж харахгүй байна. Гагцхүү зөв зүйлийг зөв аргаар хийх ёстой болохоос буруу аргаар муйхарлах нь үр дүнгүй зүйл болдгийг бид бүгдээрээ харлаа.
Хувь хүний нууц, алдар хүнд гэх хүн төрөлхтөнд нийтлэг жишгээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний заяагдмал эрхийн салшгүй суурь ойлголт байдаг. Манай улс уг жишгийн дагуу 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа хүнээ гэсэн “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлооно” хэмээн тунхагласан. Хүн гэдэг чинь дуудах алдраасаа эхэлж байгаа юм шүү дээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн бичлэг дээр хүний эрхийг зөрчсөн, хүмүүнлэг Үндсэн хуулиа үл огоорсон зөрчил гарлаа. Бичлэг эхлэх мөчид тэтгэлэгт тэнцсэн хүүхдийг өрөөнд дуудан оруулж ирээд “Чи намайг таних уу” хэмээн захирал багш асуусан. Хүн хүнийг танихгүй байгаагийнхаа төлөө гэмтэн болж болохгүй. Ярилцлагаа үргэлжлүүлэхдээ “Чи сургуулийн нэр хүндэд халдах хэрэг хийсэн байна. Ямар хэрэг хийснээ мэдэж байна уу” гэх мэтээр асуулт үргэлжилнэ. Захирал багшийн үгийн сонголт бүдүүлэг хийгээд хатуу байгаа нь дээрх ярианаас тодорхой харагдаж байгаа байх. Энэ сургуульд та ямар шалгуураар орж ирсэн бэ.
Ёс журмын дагуу орж ирсэн үү гэх захирал багшийн асуултад хариулахын тулд тухайн оюутан төлбөр төлөх боломжгүй учраас өргөдөл бичиж орсноо учирлаж байна. Их, дээд сургуульд сурахын тулд төлбөр төлөх боломжгүй амьдралтай байгаа нь тухайн хүүхдийн буруу огтоос биш. Амьдралын боломж тааруу байгаа нь түүний аав ээжийн, эсвэл хүүхдийг нь түмэнд илчлэх шалтгаан биш. Энэ бол хуулиас илүү ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн асуудал болсон. Үүний шүүгч нь иргэд болж, үгээ хэлж байх шиг байна.
-Монгол Улсын Их, дээд сургуульд оюутан элсүүлэх журам бүгдэд ойлгомжтой байх ёстой бөгөөд Их, дээд сургуульд элсэн орох босго оноо, шалгуур үзүүлэлтийг хангасан оюутан, сурагчдыг элсүүлэх ёстой. Гэтэл захирал багш “Чи ямар журмаар орж ирсэн бэ. Журмын дагуу элссэн үү” гэх мэтээр асууж байгаа нь хуульчилсан журмаас өөрөөр оюутан элсэж болдог юм байна гэх ойлголтыг төрүүлээд байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Яг тийм. Боловсролын байгууллага үргэлж шилдэг хүүхдүүдийг элсүүлэхийг зорьдог. Тийм учраас хүүхдээ шилдгийн тоонд багтаахыг зорьдог, сайн сургуульд суралцуулахыг хүсдэг эцэг эхчүүд олон бий. Тийм учраас хуульчилсан журмаар бус ар, өврийн хаалгаар оруулахыг хүсдэг, элдэв арга саам хайдаг тохиолдол зөвхөн манай улсад төдийгүй олон улсад байсан. Үүнтэй хүн төрөлхтөн тэмцэхийн тулд мэргэжлийн ёс зүйн код гэдэг зүйлийг гаргаж, түүгээрээ шударга бусаар оюутан элсүүлж авдаг асуудлыг бодохгүй, ярихгүй, хийхгүй байх зарчим баримталдаг
Хэдүй манайд ийм ёс зүйн код элбэг хэрэглэж эхлээгүй байгаа ч монголчууд эртнээс аав, ээж, багш гурваас хүлээдэг асар өндөр ёс зүйн кодтой. Уламжлалт талаасаа эдгээр гурван хүний ёсзүй гэдэг бол монгол хүний хувьд хамгийн дээд ёс зүй байдаг. Тийм учраас “Нэр хугарахаар яс хугар”. “Хүн нэрээ тогос өдөө” гэхчлэн хүчтэй үгийг аав, ээж, багш нар их хэлдэг. Багш хүн шавьдаа хичээлээс гадна үйлээрээ ёс зүйг үлгэрлэх ёстой гэдэг. Ийм энгийн ойлголтыг ухамсарлахад Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т зааснаар “… хүний нэр төр халдашгүй зүйл юм” гэдгийг мэддэг байх албагүй.
-Гадаадын Их, дээд сургуульд оюутнуудыг сургах талаар мэдээг заавал 2200 км зам туулж, ар гэрт нь багаараа очиж дуулгаж, бичлэг хийж цахим орчинд түгээх нь хэр зохистой үйлдэл юм бол?
-Өндөр хөгжилтэй улс оронд бол гадаадын Их, дээд сургуульд ямар нэгэн оюутан тэнцсэн талаарх мэдээллийг ийм сүр дуулиантай байдлаар олон нийтэд түгээсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний баг хамт олон үнэндээ түүхэнд байгаагүй ичгэвтэр байдалд орно. Өнөөдөр манай улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд иргэдийн амьжиргааны түвшин доогуур байгаа энэ үед нэгийг нь нөгөөгөөр нь өрөвдүүлэх, өрөвдүүлсэн нэгэнд нь тусалсан нь нийгэмд гол дүр болж тодордог технологи бий болчихлоо. Ийм технологиор ажиллавал нийгмийн баатар болох талаар Ерөнхийлөгчид зөвлөсөн тэр зөвлөхүүдийн тархины хэмжээтэй ярих ч юм алга. Бодит байдал дээр 2200 км газар онгоцоор нисэх, аймгийн төвөөс сумын төв хүрэх жийп маркийн автомашины шатахууны зардал, тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдийн аав ээжид учруулсан хүндрэл, бичлэг хийх баг хамт олон гээд нийт гаргасан зардал хэдэн төгрөг болсон бол. Энэ мөнгө Ерөнхийлөгчийн халааснаас гараагүй. Харин татвар төлөгчдийн мөнгө. Энэ бүх зардал чиргэдлийн эцсийн үр дүн тэтгэлэг авсан хүүхдийн аав, ээжийн нулимсыг иргэдэд харуулж, ядарсан айлын хүүхдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ивээн тэтгэлээ гэх дүр зургийг харуулахыг зорьсон. Тэр зорилгоо ч биелүүлсэн.
-Манай улсад ажил гүйдэл, ядуурал, архидалт гээд тулгамдсан олон асуудал байна. Иргэд ч бухимдалтай байна. Гэтэл санаатайгаар иргэдийн тархийг угаах, хэн нэгнийг баатар болгох өнөөгийн нийгэмд их амархан болчихсон мэт санагдах боллоо?
-Эрх баригчид ерөөсөө иргэдээ ядуу байлгах сонирхолтой. Ядуу иргэдийн сэтгэл зүйг ийм хямдхан, жижигхэн юмаар хуурч, пиар хийдэг өнөөгийн улстөрчдийн технологи Ерөнхийлөгчийн тэтгэлгийг гардуулах үйл явцаас тодорхой харагдаж байна. Ядарсан иргэд баатарлаг үйл бүтээж байгаа дүр зургийг хараад манай улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ дэлхийн хаана ч байхгүй хамгийн шилдэг ажил санаачиллаа. Иргэдээ харж үздэг хамгийн шилдэг удирдагч гэх пиар хийхийг зорьсон.Тийм учраас эрх баригчид иргэдээ бодлогоор ядуу, боловсрол нимгэн амьдруулахыг оролдож байна. Английн хошин зүйр үг бий. Хаан “Иргэдийг ядуу байлгахыг би мэдье. Хамба ламтан та тэнэг байлгахыг нь мэд. Хоёулаа хамтын хүчээр иргэдээ захиръя” гэдэг. Энэ шоглоом, эмгэнэл мэт боловч манай нийгмийн бодит дүр төрх болчихлоо. Улс төрд хоёр том гажуудал үүсээд байна.
Нэгдүгээрт, улсын үрэлгэн төсөв, хоёрдугаарт, ямар ч өгөөжгүй хөрөнгө оруулалтууд. Барууны оронд төрийн өндөр албан тушаалтнууд татвар төлөгчийн мөнгийг зарцуулж байгаа учраас татвар төлөгчдийн дунджаас дээгүүр хувцаслаж, хооллож болохгүй гэсэн маш энгийн ёс зүйн код бий. Гэтэл манайд эсрэгээрээ. Улстөрчид нэр хүндээ хамгаалах биш, нэр хүндээ өсгөх технологийн боол болчихсон. Тэдний хувьд рейтинг унана гэдэг цаазын тавцан шиг санагддаг. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн өөрийнхөө пиарыг өсгөхөд хайр гамгүй зарцуулдаг. Үүний хамгийн том илрэл нь тэтгэлэгт хамрагдсан хүүхдийн жишээ боллоо.
-Өнгөрсөн хугацаанд олон арван тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байсан. Хамгийн гол нь шударга, ил тод хуваарилагдаж байв уу?
-Манай улсын бас нэг эмгэнэлтэй сэдэв уг бичлэгийн хүрээнд ил болсон нь Монгол Улсын тэтгэлгийн түүх. Өнгөрсөн бүх хугацаанд буюу 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл их хэмжээний тэтгэлгүүд зарлагдсан. Зарлагдсан тэтгэлэгт хэн хамрагдаж ирсэн бэ гэвэл улстөрч, даргын хүүхэд хамрагддагаас гадна хамгийн гайхалтай нь төлбөрөө төлөх бүрэн боломжтой айлын хүүхдүүд улсын тэтгэлгээр суралцсан байдаг. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр манай улсын тэтгэлэг бол ар өврийн хаалга, танил тал, авлигажсан сүлжээгээр олддог болсон. Өнөөдөр ч тийм байгаа.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын ил тод шударгаар явуулъя гэвэл процессыг нь шударга болгох ёстой. Энэ бол боловсролын салбарынхны гол ажил. Ерөнхийлөгч тэтгэлэгт хөтөлбөр санаачилж болно. Түүний гүйцэтгэлийг хийх яам, их дээд сургуулиуд нь бэлэн байгаа шүү дээ. Чаддаг чаддаг юмаа л хиймээр байна.
П.БАТЗАЯА