Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон форум боллоо

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум болж, Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Өөрөөр хэлбэл, нийслэлийн цаашдын хөгжил, хөрөнгө оруулалт, хүсэж буй үр дүнгийн талаар тал бүрийн төлөөлөл оролцон, мэдээлэл сонсож, “Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нээх нь”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд”, “Авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хотын хөдөлгөөнийг сайжруулах” гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажиллалаа. Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатарын хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээв.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм

2022 оноос эхлэн хэрэгжих энэхүү хуулиар нийслэл хотын эрх зүйн чадамж дээшилж, нийслэл нь хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, нийслэлийн хэмжээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах замаар нийслэл хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан арга хэмжээний үеэр “Нийслэл хотод тулгамдаж байгаа олон асуудал байгаа. УИХ эдгээр асуудалд цэг тавихаар нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ-д анх удаа улс төрийн нам, эвсэл үл харгалцан, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд эвлэлдэж, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороог байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын төлөвлөлт, замын түгжрэл, экологийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой” хэмээн ярилаа.

Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөж, өнөөдрийн байдлаар 1.5 саяд хүрээд байгаа. Энэхүү өсөлттэй уялдан хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр Монгол Улсын хүн ам, эдийн засгийн талаас илүү хувь нь төвлөрсөн ч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өнгөрсөн хугацаанд анхаараагүй, хойш тавьсаар ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчидтай хамтарч шийдвэрлэх ажлууд Улаанбаатар хотод олон бий бөгөөд энэ ч зорилгын үүднээс тус арга хэмжээг зохион байгуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *