Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Л.Оюун: Ийм цаг үед, энэ нийгэмд хөдөлмөр хийх чадвартай хүнийг битгий халамжил

Эдийн засагч, судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Цар тахал үргэлжилсэн, гаднаас ерөнхийдөө тусгаарлагдсан хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Улс орны хэмжээнд, өрх гэрийн хувьд эдийн засаг ямар байдлаар өөрчлөгдөж байгааг та зурагласан болов уу?

-Цар тахал эдийн засгийн хувьд манайхыг төдийгүй дэлхийг хоёр жил гаруй шалгалаа. Засгийн газар үүргээ гайгүй сайн биелүүллээ. Цаг тухайд нь тодорхой арга хэмжээнүүд аваад явсан. Нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Би Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд ажиллаж байсан. Вакцин гараагүй байх үед энэ халдварт өвчнийг барихын тулд хөл хорихоос өөр арга байгаагүй. Вакцин гарснаас хойш гэгээ татаад, бас ч гэж нэг зүйлд найдвар төрж хөл хориог бага багаар цуцлаад, тэр хооронд эдийн засгаа сайжруулахын тулд аж ахуйн нэгжүүд, иргэдээ дэмжиж ирсэн. Ард түмэн, аж ахуйн нэгжүүдийг иймэрхүү том шокууд байсхийгээд шалгадаг юм. Ер нь манайх иймэрхүү шоконд бэлэн байна уу, үгүй юү гэдгээ шалгууллаа. Ийм зүйл дээр дараагийн том эргэлт хийж, үйл ажиллагаагаа шинэ орчин нөхцөлтэйгөө зохицоод ажиллаж чадсан нь “амьд” үлдэнэ. Харин дасан зохицож чадаагүй нэг нь яалт ч үгүй үйл ажиллагаагаа зогсоох л байх. Мэдээж хүмүүсийн хувьд айхавтар том сургамж өглөө. Мөнгөний гэнэтийн том хэрэг гардаг юм байна гэдгийг ойлгуулсан. Манайх “Гай газар доороос, гахай модон дотроос” гэж хэлдэг шүү дээ. Ийм үед өөрийгөө аваад, хариуцаад явчих чадвартай байх ёстойг өрх гэрт, хувь хүмүүст ойлгуулсан үе боллоо гэж харж байна.

-Хилийн хараат байдлыг энэ хугацаанд их ярилаа шүү дээ. Нээрээ л хил хаагдахад нарийн ногооноос эхлээд тасарч, олон зүйлийг ойлгууллаа. Харин нөгөө талд болгоод, босгоод ирж байгаа нь ч олон байна. Нэг ёсондоо дотоодын үйлдвэрлэл хөгжих ёстой гэдгийг харууллаа?

-Яг иймэрхүү сорил гараад ирэхээр хүмүүс янз, янзаар тайлбарлаж байна. Ерөнхийдөө өөрөө өөрсдийгөө аваад явчих боломжтой эдийн засагтай байх ёстой юм байна гэдгийг хил хаах үеийн нөхцөл байдал хэллээ шүү дээ. Бид малтай, газартай, будаа тариатайгаа байгаа, ногоо цагаагаа тарьчихаж байна. Учиргүй өлсөөд ойчихгүй нь ойлгомжтой. Гэхдээ цаашид нарийн ногоо, түлшний шуудай, эсвэл хамгаалалтын хувцас зэргийг өөрсдөө үйлдвэрлэж болох хэрэглээнүүдээ хийчих ёстой юм байна. Үүнд Засгийн газар бодлогоор дэмжээд өгөх ёстой юм байна. Юмыг өөдрөгөөр харж болно. Тэгвэл гарц харагддаг. Хэрэв гутранги үзлээр харвал хий л бухимдал үүсгэдэг.

-Манай мөнхийн сэдэв дотоодын үйлдвэрлэлийн хөгжил. Үеийн үед эрмэлзэж ирсэн сэдэв. Өнөөдрийн нөхцөл байдал энэ хөгжилд сайн түлхэж өгсөн мөчлөг болов уу даа?

-Ер нь олон улсын туршлага, хөгжлийн түүхээс харахад иймэрхүү том хямралын дараа эдийн засаг хурдан сэргэдэг. Учир нь эрэлт үүсчихсэн учраас түүнийг хангахын тулд үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжих нөхцөл нь бүрдэж эхэлдэг. Энэ хямрал, цар тахлын дараа түрүүн хэлснээр өөрчлөгдөж чадсан аж ахуйн нэгжүүд нэлээд хурдан сэргээд хөгжөөд явчих болов уу.

Мөнхийн сэдвийн хувьд үнэхээр мөнхийн сэдэв мөн. Их ч олон мөнхийн сэдэв байна. Ганц уул уурхайгаас хараат эдийн засаг байгаад байгаа, манайд. Одоо энэ чинь болохгүй нь гэдгийг харуулж байна. Түүхийгээр нь бүтээгдэхүүнээ экспортлоод байж болохгүй нь. Уул уурхайн түүхий эдээс гадна махаа, ноолуураа түүхийгээр экспортолж байна. Тэдгээр дээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр голлож анхаарах цаг болсон. Үндэсний үйлдвэрлэл гэдэг чинь түүн дээр л гарч ирнэ. Харин үүнийг Засгийн газар дэмжинэ. Дэмжихдээ дотоодын зах зээлээ хамгаалсан бодлогоос эхлэх ёстой. Гаалиар орж байгаа бараануудыг харахад манайд үйлдвэрлэдэг, импортоор авахгүй байж болохоор бараа байх нь элбэг. Хуурай сүү гэх мэт. Үүнийг судалгаа хийгээд аль алиныг нь дотооддоо үйлдвэрлэх вэ гэдгийг харж байгаад түүн рүүгээ Засгийн газар бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Манайд нэг ийм асуудал байдаг юм. Дэмжинэ, дэмжинэ гээд байдаг. Яг яаж дэмжих юм бэ гэж. Энэ нь ерөөсөө л хийх гээд байгаа, хийгээд байгаа, эрмэлзээд байгааг олж санхүүжүүлэх тухай юм. Хавтгайруулж болохгүй. Тэр дотор зүгээр мөнгө авчихаад юмаа хийхгүй байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүд байдаг. Би болж л өгвөл үүнийг хэлэхийг хүсдэг. Чадаж байгаа нэгнээ, чадах гээд байгаа нэгэндээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Яг ингээд дэмжчих л дээ гэсэн агуулгыг та хэлээч?

-Үүнийг мэдэх амархан. Аж ахуйн нэгжийг бол тайлан тэнцэл, банкаар орж гарч байгаа мөнгийг нь харчихна. Энэ байгууллага үнэхээр юм оролдоод, мэрийгээд байна уу гэдэг нь харахад амархан. Хавтгайруулна гэдэг аливаа авч байгаа гоё арга хэмжээний үр дүнг муу болгочихдог.

Жижиг аж ахуйн нэгжүүд дээр гарч ирээд байгаа нэг зүйл бол шинжлэх ухааны үндэстэйгээр олон зуун жил туршигдаад ирсэн бизнесийн дүрмээр үйл ажиллагаагаа явуулаач гэж хэлмээр байна. Бизнесийг явуулахад гурван хүчин зүйл гээд ярьдаг. Сүүлийн үед дөрөв дэх хүчин зүйл ороод ирсэн. Тэр нь бизнесийг аваад явчих ур чадвар. Тэр ур чадвар нь онолын үндэстэй, дүрмийн дагуу, ёсоор нь бизнесээ хийх чадвар юм. Урсгалаараа, хар муйхраар явж болохгүй гэдэг нь харагдаад байгаа учраас бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрийгөө боловсруулаад, туршлага судлаад явах ёстой юм.

-За тэгвэл өрх гэрийн хэмжээнд ямархуу дүр зураг харагдаж байна вэ. Дэлгүүрийн лангуун дээрх архины үнэ 50, 100 мянга, түүнээс цааш үнэтэй нь байсаар байгаа энэ үед тансаг хэрэглээгээ танаж бүсээ чангалбал боломжууд байгаа биз дээ?

-Өрх гэрийн хувьд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд дасан зохицож амьдарч сурах хэрэгтэй байна. Өнөөдөр бол бэлэнчлүүлдэг нийгэм биш. Угжны хурга шиг байх нийгэм өнгөрсөн. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 30 жил боллоо. Энэ нийгмийн онцлог нь хэн чадалтай, авьяастай, хөдөлмөрлөж чадаж байгаа нь сайхан амьдрах шударга нийгэм. Өнгөрсөн хугацаанд жаахан бэлэнчлэх гэсэн, Засгийн газар нь халамжлах гэсэн бодлого явагдаж ирснийг шударга хэлнэ.

Хөдөлмөр хийх чадвартай хүнийг битгий халамжил. Харин ажил хийх гэсэн эрмэлзлийг нь бий болго. Түүн дээр нь жинхэнэ тусламж үзүүл. Мэдээж үүнийг дэмжихийн тулд олон сайхан аргууд байдаг. Эдийн засгийн том хөшүүргүүд байдгаас татвар гээд том хэрэгсэл байна. Ажлын байраа хадгалсан, ажилчдаа тогтвортой ажиллуулсан, ажлын байраа нэмсэн аж ахуйн нэгжийг татвараар нь хөнгөлөөд урамшуулаад явах гоё арга хэрэгсэл байна.

Нэг зүйл онцолж хэлэхэд, таваар мөнгөний харилцаанд суурилсан зах зээлийн эдийн засгийн энэ тогтолцоон дээр анхаарах зүйлүүд шинээр их гарч ирж байна. Хүмүүст хатуу сонсогдож магадгүй. Хүмүүс хандивын тоглолт гээд л хийдэг. Зовсон нэгэндээ туслалгүй яах вэ. Гэхдээ ийм эрсдэл тохиолдож магадгүй гэдэг гэнэтийн тохиолдолд бэлэн байж сурмаар байна. Ер нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоог араатны нийгэм ч гэж хэлдэг. Байгалийн хуулиар чадалтай нь үлдэж, чадалгүй устдаг. Яг тэр хуулийн дагуу энэ тогтолцоонд чадалтай, мэрийсэн нь, хөдөлмөрлөсөн нь, хичээсэн нь сайхан амьдарна гэдэг утгаараа аятайхан нийгэм. Гагцхүү манайхны сэтгэлгээ үүн рүүгээ сайн орж өгөхгүй, юм л бол нэхсэн, шахсан байдалтай байгаад байна. Үүнийг л засмаар байна.

-Та монголчуудын санхүүгийн боловсролоор томоохон судалгааг саяхан хийж дуусгасан гэж дуулсан. Ямар үр дүн гарсан нь сонирхол татаж байна?

-Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролын тогтолцооны онол арга зүйн судалгаа хийж шинжлэх ухааны доктор зэргийг хамгааллаа. Түүн дээр бид өнгөрсөн боловсролын тогтолцооны түүхэн үеийг ч үзлээ. Иргэдийнхээ эдийн засгийн сэтгэлгээг нэн эртний Монгол Улсаас эхлээд судаллаа. Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролыг дотооддоо ч, олон улсын байгууллагууд ч дүгнэж ирсэн. Судалгаагаар бид бүр дор түвшинд биш, гэхдээ санхүүгийн мэдлэг байгаа ч чадамж алга гэсэн нэгдсэн дүгнэлт гарч байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс мэдээд байна, гэхдээ хэрэгжүүлдэггүй юм байна. Дээрээс нь манайд өнөөдөр санхүүгийн боловсролын хос сэтгэлгээ зэрэгцэж оршоод байна.

Зах зээлийн эдийн засгийн сэтгэлгээтэй суурин хүмүүс байхад манай улсын мөн чанар болсон малчдын маань сэтгэлгээ түүн рүү орж чадаагүй, хос сэтгэлгээтэй байна гэдэг нь харагдсан. Үүнээс бид санхүүгийн боловсролд нэлээд анхаарах хэрэгтэй болчихсон байна. Жишээ нь, нийгмийг авардаг, хөгжүүлдэг гол зүйл боловсрол. Боловсрол нийгмийн шинжлэх ухааны нэг салбар.

Нийгэм өөрчлөгдөхөөр боловсрол дагаад өөрчлөгдөөд явдаг. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 30 жил болчихсон болохоор нийгэм өөрчлөгдчихөөд байхад сэтгэлгээ өөрчлөгдөх ёстой юм байна гэдгийг баталж байна. Энэ хүрээнд хийх ажил их байна. Санхүүгийн боловсролыг бий болгох армийг их сайн бэлдэж өгмөөр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *