Categories
мэдээ нийгэм

​С.Энхболд: “Омикрон” хувилбар амтлах мэдрэхүйд нөлөөлөхгүй, харьцангуй хөнгөн байх талтай

Засгийн газрын ээлжит хуралдаанд цар тахлын нөхцөл байдал болон Омикрон хувилбарын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайд танилцуулжээ. Энэ талаар салбарын сайд мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дэлхийн дахинд бүртгэгдээд байгаа коронавирусийн “Омикрон” хувилбарыг ДЭМБ-аас арваннэгдүгээр сарын 28-нд онцгой анхаарах, санаа зовоосон ангилалд багтаагаад байна. Өнөөдрийн байдлаар 18 оронд тархаад байна. Үүнээс Африкийн улс орнууд болон Бельги, Израиль зэрэг улсаас бусад улсад зөөвөрлөгдсөн байдлаар тархаж байна. Улс орнууд шинэ мутацийн эсрэг вакцинжуулалтыг үргэлжүүлэх, бүүстер тунгийн тарилгыг идэвхжүүлэх ажлыг хийж байна. Мөн халдвар бүртгэгдсэн бүс нутгаас аялагч, гадны зорчигч хүлээн авахгүй байр хориг арга хэмжээг авч байна. АНУ, Их Британи зэрэг улс бүүстер тунгийн тарилгыг идэвхжүүлэх шийдвэрийг гаргаж байна. Их Британи 40-өөс дээш насныхныг бүүстэр тундаа заавал хамрагдахыг шаардаж байсан бол үүнийгээ 18-аас дээш нас болгож, бүүстер тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлж байна. Америк, Их Британи хоёр дахь тунгаас гурав дахь тун хүртэлх зайг гурван сар байхаар тогтоосон байна.

Манай улсын хувьд хилийн боомтууд дээр нэмэлт тандалтын баг гаргаж шинжилж байна. Нийт 10 гаруй цэгт түргэвчилсэн болон PCR шинжилгээг гаднаас ирж байгаа зорчигдоос авч байна. Арваннэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсад 1040 хүн ирснээс хоёр сэжигтэй тохиолдол түргэвчилснээр илэрч, ХӨСҮТ-д PCR-ийн шинжилгээг баталгаажуулахад нэгээс нь дельта хувилбар илэрсэн бол нөгөө нь үгүйсгэгдсэн. Өнөөдрийн байдлаар гаднаас ирсэн иргэдээс дельтагаар халдварласан нэг тохиолдол батлагдсан гэсэн үг.

Манай улс наймдугаар сарын 16-наас хойш вакцины III тунг хийж эхэлсэн бөгөөд II тунгаас хойш гурван сарын дараа III тунг хийж байгаа. Харин өвдөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа хийж байна. Сүүлийн үед бүүстер тунгийн дархлаажуулалт нэлээд идэвхтэй, долоо хоногт дунджаар 80 мянган хүн бүүстер тундаа хамрагдаж байна. Арванхоёрдугаар сарын 10 хүртэл их, дээд сургууль дээр вакцинжуулалтын цэг ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Дэлхий нийтэд Омикрон хувилбараар халдварласан тохиолдлуудад амтлах, үнэрлэх мэдрэхүй алдагдахгүй, хүчил төрөгчийн дутагдалд орох хэмжээнд хүндрэхгүй байна гэсэн эрдэмтэд, эмч нарын мэдээлэл гарч байна. Ерөнхийдөө Омикрон хувилбар харьцангуй хөнгөн байх талтай байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *