Categories
гадаад мэдээ

“Ковид-19”-ийн “Омикрон” хувилбарын эргэн тойронд

Их Британийн судлаачид Ботсвана улсад анх илэрсэн гэж үзэж буй “Ковид-19”-ийн шинэ хувилбарын талаар дэлхий нийтэд анхааруулав. Энэ нь одоогоор илэрсэн хамгийн олон мутацитай хувилбар юм байна. “Омикрон” хэмээн нэрлэгдсэн шинжлэх ухаанд “B.1.1.529” хэмээн тэмдэглэгдээд буй энэ хувилбар өөрийн гэсэн 32 мутацитай байгаа нь тогтоогдсон тул халдварлах чадвар өндөр, мөн вакцинд тэсвэртэй байж болзошгүй юм. Лондонгийн их сургуулийн генетикч, профессор Франсуа Баллу уг хувилбар нь архаг, хууч өвчний улмаас дархлаа нь дарангуйлагдсан, эсвэл ДОХ-той гэдэг нь хараахан оношлогдоогүй, дархлаа нь суларсан хүмүүсийг дамжин мутацилагдсан байж магадгүй гэжээ. Мөн титэм вирусийн сэртэнг бүрдүүлдэг уурагны бүтэц өөрчлөгдсөн нь одоогийн зарим вакцинуудын үйлчлэлд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Учир нь зарим вакцинууд вирусийн эх бие биш, зөвхөн энэхүү сэртэнгийн уургийн бүтцээр таньж устгадаг эсрэг биет хүний биед үүсгэн дархлаа тогтоодог онцлогтой юм.

“ОМИКРОН” хувилбараас аврах арга

Бүх вирус уургаас бүтдэг ч өөрсдөө хэрэгцээт уургаа бий болгох чадваргүй. Иймээс вирус амьд биед орсны дараа хүний эсийн бэлэн уургийг ашиглан хурдан хугацаанд үржиж олшрон өвчин эмгэг үүсгэж, улмаар үхэлд хүргэнэ. Энэ хугацаанд олшруулж амжсан үр удмаа гадна орчинд аль болох олноор нь тарааж бусдыг халдварлуулна. Гэхдээ вирус болгоны уурагны бүтэц өөр. Энгийнээр бид 35 үсгээр хэдэн үг үүсгэж чаддаг билээ, яг үүнтэй адил зүйл. Тэгэхээр вакцин хийнэ гэдэг нь тухайн вирус ямар ямар уургаар “үг” илэрхийлж байгааг нь тогтоож, тэр үгийг аюулгүй болгон хүний биед оруулж уг үгийг таньж устгадаг эсрэг биет цусанд шинээр бий болгодог гэсэн үг. Гэхдээ ямар уураг буюу ямар үсэг байгаа нь маш чухал байхаас гадна үсэг яаж дараалсан байгаа нь ч бас чухал. Жишээ нь, дөрвөн үсэгнээс бүтэх таван үсэгтэй “титэм” гэсэн вирус энэ үгний вакцин тариулсан биед ороход “титэм” гэсэн үгийг отон хүлээж байсан эсрэг биетүүд энэхүү үгийг шууд устгаад эхэлдэг гэсэн үг. Гэхдээ вакцин хийдэг арга хоорондоо ялгаатай.

Эхлээд тахианы өндгөнд ч юмуу бусад аргаар вакцин хийх гэж буй вирусээ үржүүлж олшруулна. Дараа нь өсгөж олшруулсан вирусээ үхүүлж, эсвэл үржих чадваргүй, хагас үхмэл байдалд оруулан бүрэн аюулгүй болгосны дараа вакцин болгон хүнд тарьж энэхүү вирусийг устгах эсрэг биет бий болгохыг вакцин хийх уламжлалт арга гэдэг. Вакцин хийдэг энэхүү аргын сул тал нь их цаг, хөрөнгө бас мэргэшсэн хүн, хүч зарах шаардлага үүсдэг. Мөн хүн болгоны биеийн онцлог харилцан адилгүй учир халдвар авах магадлал нөгөө вакцинуудаас арай өндөр. Ашигтай тал нь үүссэн эсрэг биет вирусийн биед буй бүх уургийг таних чадвартай болдог учир ийм вакцин тариулсан хүмүүс мутацилагдсан хувилбаруудад илүү тэсвэртэй болдог. Дараагийн арга нь хүний цусанд бэлэн үхмэл, эсвэл үржих чадваргүй хагас үхмэл вирус бус энэхүү уургийн “РНК” гэх нуклейн хүчлийн генетик кодыг оруулж вакцин хийдэг явдал юм. Энэ аргын ашигтай тал нь хурдан хугацаанд хийдэг, мөн илүү үр дүнтэй. Муу тал нь өнөөдөр коронавирусийн бүх уургийн генетик кодыг бус энэ вирус хүний эсэнд бэхлэгддэг титэм буюу зөвхөн сөртөнгийнх нь генетик кодоор вакцин хийж байгаа явдал. Ийм вакциныг “mRNA” буюу “мРНК вакцин” гэж нэрлэдэг. Мөн маш өргөн тархалттай адено овгийн вирусийн “ДНК” гэх нуклейн хүчлийн генетик кодыг хуулбарлаж хийдэг Аденовирусийн векторын вакцин гэж бас бий. Энэ вакцин мөн л коронавирусийг зөвхөн сөртөнгийнх нь нэгэн төрөл уургаар таньж устгадаг вакцин гэсэн үг. Чухам энэхүү сөртөнгийнх нь уурганд өөрчлөлт орж шинжлэх ухаанд “B.1.1.529” гэж бүртгэгдэн грек цагаан толгойн 15 дахь “O,o” үсэгний “Омикрон” хэмээх нэрээр нэрлэгдсэн шинэ хувилбар тархаж эхэлсэн учраас л “мРНК вакцин” болон “Аденовирусийн вакцин” иргэддээ хийлгэсэн улсууд өнөөдөр сандралдаад байгаа хэрэг. Аль болох олон аргаар хийсэн вакцин тариулсан хүн хожно гэсэн үг. Иймд ямар вакциныг аль аргаар хийснийг нь мэдэж авъя. Энэ нь аль болох олон аргаар хийсэн вакцинд хамрагдаж гэмээнэ та эрүүл мэндээ илүүтэй хамгаалж чадна гэсэн үг билээ. Учир нь ямар ч вакцин нэмэлтээр хийлгэсэн урьд нь бий болчихсон эсрэг биетүүдийн тоо олширдог, байгаагүй нь шинээр бий болдог юм байна.

Орчуулсан: Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *