Categories
мэдээ нийгэм

“Монгол нутгийн зураг” номын нээлт боллоо

Монгол улсын тусгаар тогтнол, хил хязгаарыг илэрхийлэх газрын зураг бол түүхийн шинжлэх ухааны үнэт өв. Тэрхүү үнэт өвийг судлаж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэн анх удаагаа “Монгол нутгийн зураг” хэмээх зургийн тайлбар, галигийн хөрвүүлэлт бүхий гурван боть ном гарлаа. Номын нээлт өнөөдөр Үндэсний номын санд болж, нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, эрдэмтэн судлаачид, номын сангийн төлөөллүүд оролцлоо.

Номын нээлтийн үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Монгол нутгийн зураг” ном нь ирээдүй хойч үедээ түүхээ үнэн зөвөөр таниулах, өвлүүлэн үлдээх, түүхийн чухал үнэт өв сан болохыг тодотгож, Үндэсний номын сан болон эрдэмтэн судлаач нарт номын дээжээс гардуулан өгсөн юм.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, нооргууд болон Халхын аймаг хошуудын “Нутгийн зураг”-ийн гараар зурсан эхүүд хадгалагдаж байсан.

Эдгээр зургийн судалгаа, мэдээллийг нэгтгэж, Монголд анх удаа эх хувийг хэвлүүллээ. “Монгол нутгийн зураг” номын эхний боть номонд Сэцэн Хан аймаг, хоёрдугаар боть номонд Түшээт хан аймаг, гуравдугаар боть номонд Халхын сайн ноён аймаг зэрэг Монгол нутгийн нийт 183 газрын зургийг багтаажээ гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *