Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 15 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакэйшотой учраа таарч, түүнээс хүч бяр, ур чадвараар илүү гэдгээ харуулан ошидаши мэхээр хаяж, анх удаа нэг ч уналгүй 15 даваатай тэргүүллээ.
Энэ цаг үед хүчээ сорьж байгаа Их аварга Тэрүнофүжи 2021 оны 6 башёгийн дөрөвт нь ийнхүү түрүүлж байгаа бөгөөд Их аварга /Ёкозүна/ цолтой 2 дахь удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртлээ. Монголоос тодорсон 5 дахь Их аварга Г.Ган-Эрдэнэ маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-нд 30 нас хүрэх юм байна.
Кюүшюү башёгийн сүүлийн өдөр Озэки Шодай, Сэкиваке Митакэүмид ошидаши мэхээр ойчиж 9 даваа, 6 унаатай башёг дуусгасан бол Митакэүми 11 даваатай өндөрлүүллээ.
Харин Комүсүби Ичиножёо А.Ичинноров 15 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Мэйсейд ошидаши мэхээр ойчиж 5 даваатай энэ башёг амжилтаа ахиулж чадалгүй дуусгав. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж түүнд ёрикири мэхээр ойчиж 9 даваа, 5 унаатай бол Кирибаяама 6 даваатай энэ сарын тэмцээнээ дуусгаж байна.
Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Такарафүжи /М-4/-тэй барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 7 даваа, 8 унаатай 50 хувийн амжилтаа хараахан хийж чадаагүй бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/ сүүлийн өдрийн барилдаанд Хокүтофүжи /М-12/-д ёрикири мэхээр унаснаар 8 даваа 7 унаатай башёг дуусгалаа.