“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээний эхний өдөр буюу 11 сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид гурван хүрэл медаль хүртэж, сайхан амжилтыг гаргасан. Өнөөдөр тус тэмцээний хоёр дахь өдөр манай найман жүдоч хүч үзэхэд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэрбээр энэ жил хоёр “Их дуулга”-д түрүүлээд байгаа бөгөөд гурав дахь түрүүгээ авах эсэхээ Узбекистаны Х.Тураевтай хийнэ. Манай бөх эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Бельгийн Жероен Кассег 3:17 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Словакийн Мартин Хойякыг 2:55 минутад цэвэр ялжээ. Улмаар хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальтай ОХУ-ын Арман Агаяныг нэмэлт цагт цэвэр ялснаар энэ онд гурав дахь удаагаа Гранд Слам ангилалын финалд шалгараад байна. Тэрбээр Тибилис, Ташкентэд тус бүр түрүүлээд Бакугаас хүрэл медаль хүртээд байгаа. Мөн энэ өдөр -70 кг-ын жинд
Цэрэндуламын Энхчимэг Гранд Слам ангилалд анх удаагаа хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байна. Ц.Энхчимэг эхний тойрогтоо Бразилийн Эдуарда Розаг 17 секундэд цэвэр савсан бол хэсгийн аваргын төлөө 2019 оны дэлхийн аварга Францын Мари Ив Гахид ялагдал хүлээжээ. Улмаар дагах барилдаанд манай бөх Ази, номхон далайн орнуудын АШТ-ий хошой хүрэл медальт, Далайн орнуудын гурван түрүүтэй Австралийн Аойфе Коглэнийг нэмэлт цагт торгуулиар ялсан. Одоо тэрбээр хүрэл медалийн төлөө Их Британы Келли Петерсен Поллардтай барилдана. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 21:00 цагт эхлэх бөгөөд SPS National, SPS FIGHT сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой. Мөн доорх линкээр шууд дамжуулна.