Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Болдбаатар: Монгол тусгаар улс гэдгээ баталгаажуулахын тулд Үндсэн хуулиа нэн даруй батлах шаардлагатай болсон

МУБИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор Ч.Болдбаатартай ярилцлаа.


-Арваннэгдүгээр сарын 26-ныг улс тунхагласан өдөр гэдэг. Харин түүхчийн хувьд юуг онцлох вэ?

-Энэ өдөр монголчууд анхны гэж яриад байгаа Үндсэн хуулиа батлаад, Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Монгол Ард Улс гэж тунхагласан өдөр юм. Энэ өдрийг хүмүүс Улс тунхагласан өдөр гэж ярьдаг, хольж хутгадаг. Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо олсон. 1924 онд энэ тусгаар тогтнолоо бататган, Бүгд Найрамдах засаглалтай, тусгаар тогтносон улс гэдгээ тунхагласан ийм л өдөр байгаа юм.

-Анхны Үндсэн хуулийг арваадхан хоногийн дотор баталсан гэдэг билүү?

-Судлаачдын хувьд өөр өөр байр суурьтай байдаг юм. Манай түүхчид БНМАУ-ын анхны Үндсэн хууль гэж үздэг. Хувь судлаачийн хувьд би үүнийг анхдугаар Үндсэн хууль гэж үздэггүй. Үндсэн хуулийн нэг л үе шат гэж үздэг.

Яагаад ингэж үздэг гэхээр 1921 оны долдугаар сард Ардын хувьсгал ялсны дараа найм, есдүгээр сард Засгийн газрын тогтоол гарсан юм. Ардын эрхт хэмжээт цаазат Засгийн Үндсэн хуулийг боловсруулах тухай тогтоол байсан. 1921-1924 оны хооронд ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн төрийн бүтэц тогтож байсан юм бэ гэдгийг тодруулах ёстой юм. 1921 оны арваннэгдүгээр сарын 1-нд батлагдсан Богд хаан Ардын Засгийн газар хоёрын хооронд байгуулсан Тангарагийн гэрээ гэж баримт бичиг байсан. Үүнийг судлаачид Үндсэн хуулийн чанартай акт, органик хууль гэх мэтээр янз бүрээр тайлбарладаг. Судлаачийнхаа хувьд би үүнийг Монгол Ард Улсын анхны Үндсэн хууль байсан гэж үздэг. Ингэж үзэх хэд хэдэн үндэслэл байгаа юм. Тангарагийн гэрээ бол Д.Бодоогийн боловсруулсан Хэмжээт Засагтай Ард Улсын Үндсэн хуулийн төслөөс нэг бүлгийг тусад нь салгаад, баталж мөрдсөн байгаа юм. Түүнд төрийн гол эрх мэдлийг Засгийн газар барина, Богд хаан улс төрийг хамаарахгүй. Зөвхөн шашныхаа хэргийг дангаараа эрхэлж шийднэ гэж заасан. Засгийн газрыг байгуулахад ямар процедурын шинжтэй үйл явдал болохыг есөн зүйлтэй энэ гэрээнд заасан юм. Энэ бол Үндсэн хууль байсан. Яагаад гэхээр дэлхийн Үндсэн хуультай улсуудад хоёр янзын дүр зураг харагддаг. Нэг нь бичигдмэл Үндсэн хууль, нөгөө хэсэг нь олон хуулиудыг нийлүүлээд, түүнийгээ Үндсэн хууль гэж нэрлэдэг. 1921 онд батлагдсан Тангарагийн гэрээ бичгийг авч үзвэл үүний эхлэл байсан шиг. Яагаад гэхээр Ерөнхий сайд асан Д.Бодоо Английн системийг судалж байсан хүн. Английн тогтолцоог харвал хэд хэдэн хууль, бичиг баримтуудыг нийлүүлээд Үндсэн хууль гэж нэрлэдэг. Тийм учраас түүх бичлэгт явж байгаа Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль гэдэгтэй би жаахан санал зөрдөг тал бий.

-Юутай ч анхдугаар Үндсэн хууль гэж олон түүхчдийн үзэж байгаа энэ хууль болон таны яриад байгаа Тангарагийн гэрээнээс өмнө монголчууд Үндсэн хууль маягийн бичиг баримттай байсан юм болов уу?

-Үндсэн хуулийг боловсруулах, Үндсэн хуулийн судалгааг монголчуудад таниулахад Цэвээн Жамсранов гуай их үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүний 1914 онд бичсэн “Улсын эрх” гэж зохиол бий. Энд бусад улсуудын төрийн тогтолцоо ямар байгааг дэлгэрэнгүй бичсэн байгаа юм. Үүнийг бичихдээ мань хүн 20-иод улсын Үндсэн хуулийг судалж байж бичжээ. Аль 1914 оноос эхлээд монголчууд Япон маягийн Үндсэн хуульт хаант засаглал руу явах сонирхол байжээ. Түүний улбаа нь 1914 онд нийтээрээ хууль дүрэм журам боловсруулж батлах хурлын байгууллага байгуулсан. Тэр нь улсын дээд, доод хурлын газар гэж 1914-1919 онд ажиллаж байсан байгууллага шүү дээ. Яг Үндсэн хуулийн баримт бичгийг боловсруулж бий болгох ажил 1921 онд эхэлсэн. Ийм үйл явдал болсон юм.

– 1924 оны Үндсэн хуулиас өнөөг хүртэл явж ирсэн зүйл заалт байгаа юу. Бусад улс орнуудад эмэгтэйчүүдийн сонгох эрх хожуу хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Харин монгол эмэгтэйчүүд 1924 онд сонгох, сонгогдох эрхтэй болсон гэж ойлгоод байгаа л даа?

-1924 оны Үндсэн хуульд хүйс харгалзахгүй байх тухай заалт бий. Сонгуулийн эрхийг эмэгтэйчүүдэд олгодоггүй байсан тогтолцоо саяхныг хүртэл бусад улс орнуудад байсан. 1940-өөд он хүртэл дэлхийн ерөнхий чиг хандлага ийм байсан. 1970-аад он хүртэл Америкт хар арьстнуудыг сонгуульд оролцуулахгүй ялгаварлан гадуурхаж байлаа шүү дээ. Манай Үндсэн хуулиар бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй нэгэн адил сонгуулийн эрхтэй болсон. Тухайлбал, 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хуралд эмэгтэй хүн байхгүй. Харин 1925 онд хуралдсан Улсын хоёрдугаар их хуралд тус их хурлаас баталсан Улсын бага хуралд гурван эмэгтэй хүн сонгогдсон. Энэ үйл явц дараа дараагийн Үндсэн хуулиар баталгаажиж явсан. Тухайлбал, 1940 оны Үндсэн хуульд эмэгтэйчүүдтэй холбоотой маш тодорхой заалтууд орсон. Эмэгтэй хүнийг богтлон авахыг хориглосон заалт байдаг. Нийтийн тэгш эрхийг хангах асуудлаар 1924 оны Үндсэн хууль анхдагч үндэс суурийг тавьсан. Гэхдээ мэдээж тухайн үеийнхээ тогтолцоо, үзэл суртлаас хамаараад нийгмийн зарим бүлэгт сонгуулийн эрх олгохгүй хассан зүйл заалтууд орсон.

-Тайж язгууртан, лам нар сонгох эрхгүй байсан гэл үү. Тэд хэзээ сонгох эрхтэй болсон бэ?

-Анхдугаар Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт Сонгох, сонгогдох эрхийн тухай бий. Үүгээр таван бүлэг хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хассан. Урьдын ван гүн, хутагт хувилгаад, сүм хийдэд байнга шавилан суугч лам нар, олз ашиг хичээгч наймаачид, шүүхээр ял эдэлж байгаа болон эдэлсэн хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хассан. Энэ процесс 1940-өөд он хүртэл үргэлжилж, 1943 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор бүх хүнд сонгуулийн эрх олгосон. 1924, 1940 оны Үндсэн хуулиар хассан сонгуулийн эрхийг нээсэн гэсэн үг.

-1924 оны Үндсэн хуульд сайн талууд байжээ. Сөрөг тал нь юу байв, түүхийн сургамж болгож хэлэх зүйл юу байна?

-Нийгмийг хоёр хуваасан. Төрөөс нийгмийн гишүүдээ ялгаварлан гадуурхах эрх зүйн үндэс бүрдсэн.

Та хэрэв сурвалжит хүний үр хүүхэд бол сонгох эрхгүй. Тэгш бус байдал бий болгоно гэдэг тэднийг хэлмэгдүүлэх, хядах боломжийг нээсэн хэрэг. Энэ хортой заалт байсан. Энэ заалтыг 1943 онд байхгүй болгосон.

-Оссендовскийн “Хүн араатан бурхад”-ыг уншихад хувьсгалаас өмнөхөн Богд хаант Монгол Улс, Нийслэл хүрээ ямар гээчийн ороо бусгаа нөхцөлд байсан юм бэ. Улс гэхэд хэцүү, гамин, цагаантан, улаантан бүгд ороод ирчихсэн, монголчуудын өөрсдийнх нь шийдэж чадах юм ховор, хэцүү нөхцөлд байсан санагдсан?

-Монголчууд 1911 онд Манжаас салж, тусгаар тогтнолоо зарласан шүү дээ. Манж гүрэн 1912 оны нэгдүгээр сарын 1-нд унасан. Манжийн суурин дээр Дундад иргэн улс байгуулагдсан. Бүгд Найрамдах Хятад улс байгуулагдсан. Хаант Орос, Дундад иргэн улс хоёр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Хоорондоо тохиролцоод 1913 онд тунхаг гаргасан. Түүнийг түүхэнд “Бээжингийн тунхаг” гэж нэрлэдэг. Үүгээр Гадаад Монгол нь тусгаар тогтносон улс биш Хятадын нэг хэсэг. Гэхдээ автономит эрхтэй байна гэдгийг батлаад, 1915 онд Монголд тулган хүлээлгэсэн. Үүнийг бид Хиагтын гэрээ гэдэг. Энэ гэрээний дагуу бол Монгол тусгаар улс биш, болчихож байгаа юм. Явсаар байгаад 1919 онд Орост иргэний дайн, хувьсгал гарсан. Хятадууд цэрэг оруулж ирээд, Монголын автономитыг үгүй болгоод, Хятадын нэг хэсэг болгосон. Үүнийг эсэргүүцсэн ард түмний тэмцэл хөдөлгөөн гарсан. Энийг бид 1921 оны хувьсгал гэж нэрлэдэг шүү дээ. Орос дахь иргэний дайн 1922 онд дууссан. Зөвлөлт Орос улсыг бусад хөрөнгөтөн орнууд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр Зөвлөлт Холбоот Улс гадаад нөхцөл байдлаа бэхжүүлэхийн тулд Хятадтай наймаалцсан. Гадаад Монгол бол Хятадын нэг хэсэг мөн гэж 1924 онд баталсан юм. Үүнийг “Бээжингийн гэрээ” гэж нэрлэдэг. ЗХУ, БНХАУ Бээжинд гарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээ тавдугаар сард батлагдсан санагдаж байна. Ийм нөхцөлд Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлэх бодит шаардлага гарч ирсэн юм. Дээр нь 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд хаан таалал төгссөн. Дээрх гэрээний дагуу Орос, Хятад хоёр дипломат харилцаа тогтоосон. 1924 оны тав, зургадугаар сард Коминтерний зургадугаар хурал болсон. Гадаад нөхцөл Монголыг маш хүнд байдал руу шахсан учраас монголчууд ямар нэг байдлаар бид Хятадын харьяаны улс биш, тусгаар улс гэдгээ баталгаажуулах шаардлагатай болсон. Энэ хүрээнд Үндсэн хуулиа нэн даруй батлах учиртай болсон юм. 1924 оны зургадугаар сард Монгол Ардын Намын Төв Хороо, тэргүүлэгчид хуралдаж, Монгол Бүгд Найрамдах засагтай байх нь зүйтэй, Богд хаан таалал төгссөн учраас Богд хааны орыг залгах Да Жунтан гэдгийг тавихгүйгээр цаашаа явах нь зүйтэй гэж тогтсон. Ингээд арваннэгдүгээр сард Улсын анхдугаар хурал хуралдаж, Үндсэн хуулиа баталсан. Ийм л процесс шүү дээ. Яахав, энэ Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлтийн нөлөө их байсан. Яагаад гэвэл Коминтерний гүйцэтгэх хорооноос МАХН-ын Төв хорооны дэргэд суугаа суурин төлөөлөгч Т.Рыскулов гэдэг хүн Хүрээнд аравдугаар сарын 6-нд ирсэн. Түүний өмнөхөн П.В.Всесвятский гээд Шүүх яамны зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжилтэн байсан. Энэ хоёр хүн л үндсэндээ Үндсэн хуулийн төсөл дээр гардаж ажилласан байдаг. Өөрсдийнхөө гол санааг хийсэн. Бидний судалгаанд нэг зүйл дутуу байгаа нь 1924 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулахад өмнө нь монголчуудын 1922 болон 1924 онд хоёр ч Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс ажиллаж байсан. Энэ нөхдийн хийж байсан төслөөс юу энэ Үндсэн хуульд орсон юм бэ гэдэг асуудал. Энэ судалгаа явж байгаа. Үндсэндээ Үндсэн хуулийн оршил, нэгдүгээр бүлэг, гурав, зургадугаар бүлэг монголчуудын хийсэн төсөл шиг байгаа юм. Тэгж харагдаад байгаа юм. Анхны гэж нэрлэгддэг 1924 оны Үндсэн хууль зургаан бүлэг, 50 зүйлтэй. Хоёр, дөрөвдүгээр бүлгийг Үндсэндээ Зөвлөлтийн Үндсэн хуулиас авч хийсэн. Тавдугаар бүлгийг Алс дорнодын бүгд найрамдах улсын Үндсэн хуулиас авч хийсэн болов уу гэсэн дүр зураг харагддаг. Энэ бол цэвэр судлаачийн асуудал л даа.

Энэ Үндсэн хуулиар Монгол Улс тусгаар тогтнолоо бататгаад, Бүгд Найрамдах, Бүрэн Эрхт Монгол Ард Улсыг тунхаглан баталсан гэдэг нь нийт иргэдийн хувьд чухал. Аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай учраас энэ Үндсэн хууль нэгдүгээрт нийгмийн хөгжлийн дэвшилтэт талыг шингээсэн гэдэг агуулгаараа чухал. Нөгөөтэйгүүр нийгмийг хагалсан эрх зүйн үндсийг тавьснаараа бас сөрөг нөлөө үзүүлсэн онцлогтой.

-Нийгмийг хагалсан гэдгээ ангийн ялгаа гаргасныг хэлээд байна уу?

-Тийм, өөрөөр хэлбэл оросуудын ангич үзлийг тулгасан юм. 1921 оны хувьсгалыг Ардын хувьсгал гэж анхнаас нь нэрлэсэн нь ардууд л энэ хувьсгалыг хийсэн гэж ойлголт төрүүлэх зорилготой байсан. Гэтэл 1921 оны хувьсгал хийхэд түшмэд, лам нар оролцсон. Хатанбаатар гэхэд л ван хүн шүү дээ. Ардууд, малчид гээд бүгд оролцсон учраас энэ үндэсний шинжтэй хувьсгал байсан. 1921-1924 онд явуулсан монголчуудын бодлого нийгмийн бүх бүлгийг хамарсан, тэдний эрх ашгийг хангасан, тэгш нийгэм байгуулахыг зорьж байсан нь харагддаг. Гэтэл большивекүүд тулгаснаар ангиар ялгаварлаж, нэг нь нөгөөгийнхөө эсрэг босох замаар асуудлыг шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, ангич үзлийг тулгасан, тэр нь Үндсэн хуульд суусан нь дөрөвдүгээр бүлэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *