“НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх хурал” өнгөрсөн даваа гаригт эхэллээ. Тус хурал энэ сарын 22-25-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү хурал анх удаа Монгол Улсад болж байна. Үйл ажиллагаанд Ази-Номхон далайн бүсийн 31 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яам болон ХХААХҮЯ хамтран зохион байгуулж буй юм. Уг хурлын үеэр хөдөө аж ахуйн хүрээний бодлого шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэ аргачлалын талаар мэдээлэл солилцоно.
Винод Ахужа: Үнэн зөв тоон мэдээллийг цаг хугацаанд нь ашиглаж чадвал бодлого боловсруулах, хөрөнгө оруулах гэх мэт үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой
Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монголь дахь суурин төлөөлөгч Винод Ахужатай ярилцлаа.
-Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикийн комиссын энэхүү хурлын эрхэм зорилго, ач холбогдолын талаар ярилцлагаа эхэлье?
-Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн салбарын статистикийн комисс гэж байдаг. Энэ бол НҮБ-ын ХАА-н статистикийн мэдээллийг хэрхэн сайжруулах, харьцуулах, дүгнэлт хийх, улс орнуудад ямар асуудал тулгамдаж байна, үүнийг хэрхэн шийдвэрлэх, хоорондоо туршлага солилцох зорилготой хурал юм. Энэхүү хурлаар ХАА-тай холбоотой бүхий л тоон мэдээллийг хэлэлцэх болно. Нөгөө талаар энэ хурлаас гарсан үр дүн НҮБ-ын ХХАА-н байгууллагын бүрэлдэхүүн хэсгүүд хэрхэн ажиллах, яаж гишүүн орныхоо Засгийн газарт дэмжлэг үзүүлэх ёстой талаар зөвлөмж, шийдлүүд гаргахаад анхаардаг. Өмнөх хурал 2019 оны хоёрдугаар сард Индонез улсад болсон. Тэр үед цар тахал хараахан гараагүй байсан учир биечлэн хуралдаж байсан. Харин энэ удаад цахимаар зохион байгуулж байна.
-Цар тахлын үед дэлхий нийтийн хүнс хөдөө аж ахуйн салбарт ямар хүндрэлүүд гарав, тодорхой хэмжээний давуу тал үүссэн болов уу?
-Цар тахал дэлхийд гарсны улмаас хүнс хөдөө аж ахуйн салбарт олон хүндрэл гарсан. Дэлхий даяар улс орон бүрийн Засгийн газар өөр өөрсдийнхөөрөө хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Хэт их хүнсний хомсдол үүсээгүйд олзуурхаж байлаа. Энэ нь хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт гэх мэт шат дамжлагуудад Засгийн газрууд маань илүү их анхаарч олон хариу арга хэмжээг авч ажилласаны үр дүн байх. Зарим газар бага хэмжээний хоолны хомсдол үүсэх, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх байдал ажиглагдсан. Гэхдээ эрүүл мэндийн салбартай харьцуулахад тийм ч их доройтсонгүй. Монгол Улсын хувьд өнгөрсөн оны сүүлийн улиралд ДНБ-ийг салбар салбараар нь ангилж дүгнэхэд үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбар уналттай байсан бол хөдөө аж ахуйн салбар ганцаараа өсөлттэй буюу нэмэх үзүүлэлттэй дүн гарсан. Энэ үр дүнгээс харахад ХХАА-н салбар аливаа цочрол, шалгуурыг даван туулах чадвар сайтай байлаа гэж дүгнэж байна.
-ХАА-н салбарт статистик ямар чухал нөлөөтэй вэ?
-Мэдээж хэрэг бид үнэн зөв тоон мэдээллийг цаг хугацаанд нь ашиглаж чадвал бодлого боловсруулах, хөрөнгө оруулах гэх мэт үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Сайн тоон мэдээлэл дээр үндэслэж хяналт, дүгнэлт хийхэд чиглэж байдаг. Тэгэхээр үүнээс юу болж байна, юу болохгүй байгааг хянаж болно гэсэн үг. ХХАА-н салбарын хувьд олон төрлийн асуудлыг хянах, шийдвэрлэх боломжтой. Жишээ нь өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, илүүдэл, хөдөө аж ахуйн бүтээмж, орон нутгийн хөгжил, байгалийн нөөцийн ашиглалт гэх мэт сэдвүүдээр сайн ойлголттой болж хянах, бодлого боловсруулах боломжтой юм. Мөн бид олон улсын стандартын арга зүйгээр тоон мэдээллээ цуглуулж, сайн анализ хийж чадвал бусад орнуудтай харьцуулж үйл ажиллагаагаа хянах боломж бүрддэг.
-Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байна?
-Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хувьд бүгд хүрэх зорилттой, биелэлтийг нь хянаад явдаг. Өлсгөлөнг зогсоох, хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, орон нутгийн ядуурлыг бууруулах гэх мэт тогтвортой хөгжлийн зорилтуудтай ХХАА-н салбар нягт уялдаатай ажилладаг. Статистикаа хараад бид хэр сайн биелэлттэй явж буйгаа хянах боломжтой. Бас аль улс хоцорч байна, ямар арга хэмжээ авах шаардлагатай, юунд анхаарвал зорилтын биелэлт сайжрахыг тооцоолдог. Сүүлийн жилүүдэд улс орнуудын 80-аад хувь нь ТХЗ-ын биелэлтийн хоцрогдолтой явж байна. Монгол Улсын хувьд зарим тал дээр ахицтай байгаа хэдий ч шим тэжээлийн тал дээр биелэлт муу байна.
-Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын ХХАА-н салбарын хөгжил ямар түвшинд явж байна гэж та харж байна вэ, цаашид ямар бодлого баримталж ажиллах шаардлагатай юм бол?
-Энэ тал дээр улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр үүнийг харьцуулалт хийхээс илүү хамтын ажиллагааг дэмжих, бие биенээсээ суралцах талаас нь ажиллавал зүгээр байх. Жишээлбэл, Монгол Улсын хувьд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжих боломжтой. Ингэхдээ Тайланд, Энэтхэг гэх мэт энэ чиглэлийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудаас туршлага судлаж өөрийн оронд хамгийн тохирохыг нь суралцаж, хэрэгжүүлэх байдлаар хамтран ажиллах бодлого хэрэгжүүлвэл үр дүнтэй.
-Харин одоо шим тэжээлийн нөхцөл байдлын талаар…
-Шим тэжээлийн илүүдэл, дутагдал, нуугдасан өлсгөлөн гэх мэт ангилдаг. Монголчуудын дунд явуулсан хамгийн сүүлийн судалгаанд шим тэжээлийн дутагдалтай үзүүлэлт өсч байна. Жишээлбэл, таваас доош насны хүүхдүүдийн өсөлтийн зогсолт 7 хувь байна. Энэ нь хөгжингүй орнуудтай ойролцоо байгаа юм. Японд 5.5 хувь, Хятадад 4.7 хувь гэх мэт үзүүлэлттэй. Энэ үзүүлэлт хэт их биш юм шиг боловч шим тэжээлийн илүүдэл буюу таргалалтын хэмжээ насанд хүрэгчид болон хүүхдүүдийн дунд эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь ирээдүйд халдварт бус өвчлөлийг огцом нэмэгдүүлэх, цаашлаад нийгмийн халамжид дарамт үүсгэх аюултай. Энэ бол нэн түрүүний санаа зовох асуудал. Мөн эрдэс витамины дутагдал нэмэгдэж байна. Энэ нь хорт хавдар, халдварт бус өвчнүүдийн эх үүсвэр болох боломжтой. Эдгээрийг шийдэх хамгийн энгийн арга бол зөв хооллох, баталгаат хүнсээр хангах. Харин Монголчууд мах, гурил гээд маш цөөн төрлийн хоол хэрэглэдэг. Энэ тал дээр анхаарч, шим тэжээлтэй хоолны сонголтыг солонгоруулах буюу олшруулах шаардлагатай байна. Цаашлаад хүнсний ногоо, жимсний үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж харж байна.
А.ГАНТУЯА