Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хугацаагаар мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Тус захирамжийг зөвхөн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөн хэрэгжүүлэх аж.
Тус аймагт сүүлийн нэг жилийн хугацаанд авто осол тэр дундаа мотоциклийн осол буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь коронавируст цар тахлын улмаас хөл хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор зорчих хэсгийн гадаргуу цас мөсөөр хучигдан хальтиргаа гулгаа үүсгэж, авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалж, учирч болох хор хохирол, эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дээрх захирамжийг жил бүр хэрэгжүүлдэг уламжлалтай аж.