Categories
мэдээ улс-төр

“Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нь” хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяагийн санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өчигдөр /2021.11.19/ “Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баярсайхан, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, БШУЯ, ГБХЗХГ-ын Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, СЭМҮТ зэрэг байгууллагуудын төлөөлөл болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд оролцов.

Хэлэлцүүлэг нь манай улсын интернэт хэрэглээ эрс нэмэгдэж, цахим орчинд хүүхдүүд ихэнх цагийг өнгөрүүлж байгаатай холбогдуулан цахим орчинд хойч үeэ хамгаалах, зөв зохистой интeрнэт хэрэглээнд төлөвшүүлэхэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон иргэний байгууллагуудыг анхаарч ажиллахад нөлөөлөх, цахим орчны хор уршгаас хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, арга замыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлэхи, эрх зүйн орчныг сайжруулах зорилготой юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа “Өмнө нь батлагдсан хүүхэд хамгааллын хуульд биет зүйлсээс хамгаалах тухай заасан. Цахим орчинд хамгаалах тухай энэ хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулж өгөх хэрэгтэй. Цахим орчны тухай тусдаа хуультай болгох эсэх тал дээр мэргэжлийн хүмүүсийн санал санаачилгыг авна. Бид хууль эрх зүйн орчноо зөв тодорхойлох нь хамгийн чухал байна. Хүүхдүүдэд хэрэгтэй чухал, зөв хууль гаргахын төлөө хамтран ажиллая” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Төрийн болон төрийн бус байгууллагууд цахим орчинд дахь хүчирхийлэл, гадуурхалтын эсрэг олон төрлийн хөдөлгөөнийг өрнүүлж байсан боловч манай улс цахим орчны хүчирхийлэл, амиа хорлолтоор хүн амынхаа тоотоо харьцуулахад дэлхийд тэргүүлж байна. Хөгжингүй орнууд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулиа батлаад хэрэгжүүлж байна. УИХ-ын гишүүний хувьд цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг санаачилж судалгааны ажлаа эхлүүлээд явж байна. Цахим орчин хүүхдийн эрхийг хамгаалах тухай бие даасан хууль батлахын тулд УИХ-ын гишүүд хүчин чармайлт гарган ажиллах болно. Үүнд та бүгдийн оролцоо чухал” гэв.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам”, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа “Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, энэ чиглэлээрх ОУ-ын туршлага” СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа “Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал”, ХХЗХ-ны Цахим орчны судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтэс, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Г.Энхмаа “Цахим орчны зохицуулалт” зэрэг сэдвүүдээр оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид хэлэлцэж буй сэдвийн хүрээнд санал солилцов.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *