Хонконгийн Cathay Pacific агаарын тээврийн компани Германы Франкфуртын нисэх буудал дээр газардсаныхаа дараа тусгаарлалтын журмыг зөрчсөн хэргээр гурван нисгэгчээ ажлаас нь халжээ. Тэднийг хилийн чанадад байхдаа “журмыг ноцтой зөрчсөн” хэмээн компанийн мэдэгдэлд онцолсон байна.
South China Morning Post сонины мэдээлснээр, нисгэгчид Германд байх хугацаандаа зочид буудлын өрөөгөө орхин гарсан гэж буруутгажээ. Тэднээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Үүний улмаас Cathay компанийн нисгэгч, онгоцны үйлчлэгчид, түүнчлэн тэдний гэр бүл болон Хонконгт хавьталд орсон бусад бүх хүн гээд нийт 150 гаруй хүнийг гурван долоо хоногийн хугацаатайгаар тусгаарлажээ.
Хонконгт сүүлийн саруудад коронавирусийн халдварын тохиолдол бараг бүртгэгдэхгүй байгаа ч эрх баригчид нь хөл хорионы журмыг чангатгасан юм. Үүнтэй холбоотойгоор Cathay компани онгоц түр зогсох үед аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн протоколуудыг чандлан мөрдөх үүднээс гадаадын нисэх буудлууд дээр хяналт шалгалтын ажлаа чангатгана хэмээн удирдлагын зүгээс мэдэгджээ. Энэ агаарын тээврийн компанийн бүх ажилтан коронавирусийн вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд ойрын үед нэмэлт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах аж.