Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг батлав.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа, “Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн санал тус бүрийг төсөлд нэмж тусгасныг Байнгын хороо дэмжсэн байна. Тухайлбал, тогтоолын төслийн 2.1 дэх заалтыг “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх” гэж өөрчлөн найруулсныг төсөлд нэмж тусгалаа. Мөн төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд туссан инфляцын зорилтот түвшнийг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгаж, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, инфляцын зорилтыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр дэмжин ажиллахыг Монголбанканд тус тус даалгасныг тогтоолын төслийн 3, 4 дүгээр заалтууд болгон нэмж тусгалаа. Түүнчлэн, тогтоолын төсөлд зарим үг, үсгийн болон найруулгын шинжтэй засваруудыг хийсэн болно” гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг нар асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, тогтоолын төсөлд 2022 онд имфляц 6.5 хувь байхаар төсөөлсөн нь боломтой эсэхийг тодрууллаа. Учир нь өнөөдрийн байдлаар имфляц 12-13 хувьд хүрсэн байгааг хэлэв. Мөн тэрээр 2022 онд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баталсныг тэмдэглээд, үүнд ханшийн нөлөө хэрхэн гарахыг лавлав. Түүнчлэн 2022 онд хувийн хэвшлийг дэмжих бага хүүтэй зээлийн бодлого хэрхэн үргэлжлэх талаар асуулаа.

Гишүүний асуултад Байнгын хорооны дарга С.Чинзориг хариулахдаа, “Байнгын хороо тогтоолын төсөлд имфляцыг 6+-2 хувьд барихаар оруулж ирснийг дэмжиж байгаа. Эхний хоёрдугаар улирлын байдлаар имфляц 9.6 хувьд хүрсэн статистик мэдээ байна. Тиймээс дээрх хувьд имфляцыг барих хүндрэлтэй. Тиймээс тогтоолын төсөлд хоёр заалт тусгасан. Тодруулбал, мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэсэн заалт бий. Мөн цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний хомсдолыг арилгах, нийлүүлэлт, хангамжийг сайжруулж, үнийн өсөлт гаргахгүй байхыг Засгийн газарт даалгасан заалт оруулж байгаа” хэмээлээ.

Хувийн хэвшлийг дэмжихтэй холбоотой заалтад, ажлын багаас 10 их наядын хөтөлбөрийн хамрах хүрээх өргөжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Иймд хөрөнгө оруулалтын чиглэлээр зээл олгох, нөгөө талаас арилжааны банкууд зээлийн нөхцөлөө сулруулах, зээл олголтын шимтгэлгүй болох зэрэг заалтыг нэмж тусгаж байгааг дуулгав.

Ийнхүү хэлэлцээд санал хураахад, хуралдаанд оролцсон 52 гишүүний 28 нь буюу 53.8 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *