Манай улсад дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 41.2 хувийг чихрийн шижин эзэлж байна. Тус өвчний тархалт сүүлийн 20 жилд 3.1- 8.3 хувь болтлоо өсжээ. Судалгаанаас харахад насанд хүрсэн 20 хүний нэг нь энэ өвчнөөр өвчилсөн байх ба өвчний оношлогдоогүй тохиолдол 71.3 хувьтай байна. Түүнчлэн эрүүл мэндийн зардлын хэмжээ 2019 онд 52.1 сая ам. долларт хүрч 2045 он гэхэд 12 хувиар өсөх хандлагатай байгаа аж.
Энэ жилээс 2023 он хүртэл Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг
- инсулины хүрэлцээ
- уух эмийн хүртээмж
- өөрийн хяналтыг сайжруулах
- энэ өвчний талаар бүрэн дүүрэн мэдээлэл, боловсрол, сэтгэл зүйн зөвлөгөө авах
- эрүүл хоол хүнс, дасгал хийх аюулгүй орчин бүрдүүлэх зэрэг суурь тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Түүнчлэн Дэлхийн диабетын сангаас 11-р сарыг чихрийн шижинтэй тэмцэх алхалтын сар болгохыг уриалсан. Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр дэлхийн олон улс “Одоо л биш бол хэзээ” уриан дор чихрийн шижингийн эсрэг алхах нэг сарын хөдөлгөөнд нэгдэж эхэлжээ. НЭМҮТ-өөс алхалтын гарааг 10-р сарын 1-нээс эхлүүлснээс хойш даруй 5500 орчим хүн 12000 км алхаад байна.