УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр (2021.11.15) мэдээлэл өглөө. Тэрбээр “Ирэх оны улсын төсөв үнэхээр чухал ач холбогдолтой. Хэдий цар тахалтай байгаа ч эдийн засгаа тэлэх хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан төсөв болсон. Тиймээс 2022 оны төсвийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Тухайлбал, гурван чиглэлийн мэдээлэл хийсэн.
Нэгдүгээрт, эдийн засгаа сэргээх, хоёрдугаарт, хүний эрхийг хангах чиглэлд УИХ, Засгийн газар тодорхой зүйлийг анхаарах, гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэйг ярилцсан. Тодорхой шийдэл гаргаагүй. Эдийн засгаа сэргээх асуудлаар ирэх долоо хоногт тодорхой шийдвэрүүдийн төсөл өргөн барина.
Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцүүлэх асуудлаар гишүүд талцсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ асуудлыг бүлгийн хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, МАН-ын бүлэг чуулганаас завсарлага авсан.
Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл хоёр чиглэлээс бүрдэж буй. Нэг нь жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал, хоёрдугаарт, жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн.
Улмаар гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй хэмээн шийдвэр гаргасан. Тиймээс тус хуулийг УИХ-аар хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй. Дэмжихгүй шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд арав орчим жил болж байна. Нийгэмд хэрэгжээд үр дүнгээ өгч буй.
Хувийн хэвшлийн явуулж буй ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй юм. Хуулийн төслөө эгүүлэн татахгүй, энэ долоо хоногийн чуулганд хэлэлцэх эсэхийг дэмжихгүй. Хэлэлцэгдэхгүй учраас цаашаагаа зогсчхож байгаа юм. Нийгмээс, даатгалын компаниудаас энэ хуультай холбоотой реакц их ирж байна” гэлээ.