Categories
гадаад мэдээ нийгэм

Энэтхэгт агаарын бохирдлын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогслоо

Шинэ Дели хотод агаарын чанарын үзүүлэлтүүд эрс муудаж эхэллээ. Агаарт өтгөн утаа тунаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаатай холбогдуулан тус улсын засгийн газраас сургууль цэцэрлэг болон барилгын ажлуудыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Шинэ Дели хотын дунд сургуулиуд ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл түр хугацаагаар хаагдлаа. Мөн лхагва гараг хүртэл барилгын ажлуудыг зогсоогоод байна. Агаарын чанарын үзүүлэлтүүд улам муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа энэ үед, тус улсын засгийн газраас хувийн компаниудын ажилтнуудыг гэрээсээ цахимаар ажиллах горимд шилжих үүрэг өгөөд байгаа аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр шинэ Дели хотын захирагч Арвинд Кежривал, хотын агаарын бохирдлыг арилгах зорилгоор яаралтай хуралдсаны дараа дээрх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Шинэ Дели хотын агаарын чанар “аюултай” ангилал руу ороод байгаа бөгөөд хоёроос гурван өдрийн дараа үүнээс ч доошилно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дели хотын захирагч Кежривал хэлэхдээ, тус хотод сүүлийн хэдэн өдөр утаа ихэсч, агаарын чанарын үзүүлэлт муудаж байгаа нь хөрш зэргэлдээ мужуудад их хэмжээний ургац шатсантай холбоотой гэжээ. Өнөөдрийн байдлаар Шинэ Дели хотын агаарын чанарын дундаж индекс 401-500 буюу “аюулын” зэрэглэл өндөр хэвээр байна.

Энэтхэгийн олон хотуудын дундаа агаарын бохирдлоор Шинэ Дели хот тэргүүлдэг. Гэвч одоо үүсээд байгаа утааны асуудал зөвхөн Дели хотод ч биш Энэтхэгийн хойд хэсгийн ихэнх хотуудад тулгараад байна. Энгийн үед ч Энэтхэг улс агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Харин тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2070 он гэхэд хүлэмжийн хийг ялгарлыг тэглэх зорилт тавиад байгаа билээ.

Энэ нь АНУ-аас хорин жилийн дараа, БНХАУ-аас 10 жилийн дараа агаар мандалд хүлэмжийн хийг тэглэх, агаарын бохирдолгүй орон болно гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *