Categories
мэдээ спорт

“Бээжин-2022” олимпийн наадамд оролцогчдын анхааралд

Ковидын халдварын улмаас Токиогийн олимпийн наадам хатуу дүрэм журам, хязгаарлалтын хүрээнд явагдсан. Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 4-20-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотноо болох өвлийн олимп мөн л халдвар, хамгааллын нарийн дэглэмийн дор болно. Бээжингийн олимпын зохион байгуулах хорооноос наадмын үеэр дагаж мөрдөх журмыг Үндэсний олимпийн хороодод хүргүүлээд байна. Эдгээр журмаас танилцуулья.

Вакцинжуулалт

-Бүх тамирчид болон олимпийн наадамд оролцогчид вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан бол БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа хаалттай менежментийн системд орно. Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй бол Бээжин хотод ирсний дараа 21 хоногийн хатуу тусгаарлалтад орно.

-Хэрэв тухайн тамирчин эмчилгээний зорилгоор вакцинаас чөлөөлөгдөх, түүнийг нотлох бичиг баримт байгаа бол асуудлыг тусад нь авч хэлэлцэнэ.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад олон улсын байгууллага, тухайн улс болон бүсийн байгууллагаас зөвшөөрөгдсөн бүх төрлийн вакциныг хүлээн зөвшөөрнө.

Хаалттай менежментийн систем

Олимпын наадмыг эрүүл, аюулгүй орчинд явуулахын тулд 2022 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн паралимпийн наадмыг дуусах хүртэлх хугацаанд буюу гуравдугаар сарын 16-ныг дуустал хаалттай менежментийн систем хэрэгжүүлнэ. Энэхүү систем нь олимпын наадмын бүх холбогдох газрууд буюу нисэх онгоцны буудал, тээвэр, олимпын тосгон, хоолны газар, тэмцээн уралдааны талбай, нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа зэрэг бүхий л газарт үйлчилнэ. Хаалттай системийн дагуу оролцогчид нь зөвхөн олимпын наадмын зөвшөөрөгдсөн газрууд буюу бэлтгэл, тэмцээний талбай болон ажлын хэсгүүдэд зөвшөөрөгдсөн албан ёсны унаагаар зорчих боломжтой. Энэхүү хаалттай системийн гадна байгаа хүн болон олон нийттэй ямар нэгэн харилцаанд орохгүй байна.

Үзэгч, хөгжөөн дэмжигчид, тасалбар

-Ковид 19 цар тахлын эсрэг тавигдаж буй бүх шаардлагуудыг хангасан, зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршин сууж буй үзэгчдэд тасалбар борлуулна.

-Үзэгчдэд тавигдах цар тахлын эсрэг шаардлагууд болон тасалбар борлуулах үйл ажиллагааны талаарх асуудлууд эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд жич мэдэгдэх болно.

Оролцох эрхийн мандат

-ОУОХ болон “Бээжин-2022” Зохион байгуулах хорооноос олимпын наадмыг амжилттай явуулахын тулд бүхий л үйл ажиллагааг үнэлж, оновчтой болгохыг тодотгож байна. Оролцогч талууд энэхүү зарчмыг төлөвлөгөө болон төлөөлөгчдлийн бүрэлдэхүүндээ хэрэгжүүлэх болно.

-Энэхүү зарчмын хүрээнд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс олимпын наадамд оролцогч эрх бүхий хүмүүсийг дагалдах зочингүй оролцох шийдвэр гаргав.

Байрны тухайд

-Багийн бүрэлдэхүүнд албан ёсоор орсон тамирчид, дасгалжуулагчид, албаны хүн нь тамирчдын тосгонд байрлах ба тосгонд байрлаагүй тохиолдолд тодорхой шаардлагын дагуу Ковид 19 цар тахлын эсрэг арга хэмжээг авсан гэрээт зочид буудалд байрлах ба зааварчилгааг удахгүй ирүүлнэ.

Шинжилгээ

-Хаалттай менежментийн системд хамрагдаж буй бүх оролцогч, баг тамирчид, ажлын албаныхан өдөр бүр ПСР шинжилгээнд хамрагдана.

-БНХАУ руу нисэхийн өмнө 72 цагийн хугацаанд хүчинтэй хоёр удаа ПСР шинжилгээ өгөх ба хоорондох зай нь 24 цагийн хугацаатай байна. Мөн нисэх онгоцны буудал дээр шинжилгээ өгнө.

-Ковид 19 цар тахлын халдвар авсан нь батлагдсан хүнтэй нэг метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд маскгүй хамт байсан хүнийг ойрын хавьтал гэж үзэн шинжилгээнд хамруулна. Батлагдсан тохиолдолд тусгаарлалтад оруулна.

-Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан боловч Ковид 19 халдвар авч байсан бол эдгэрсэн тухай бичгийг ЗБХ-нд хүргүүлж, БНХАУ руу зорчих боломжтой эсэх тухай хариуг албан ёсоор авна.

-Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, өмнө нь Ковид 19 халдвар аваагүй бол нислэг эхлэхээс өмнө хоёр удаа шинжилгээ өгөх, 72 цагийн хугацаанд хүчинтэй IgM эсрэг биетийн шинжилгээ өгнө. Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, өмнө нь халдвар авсан бол эдгэрсэн тухай сертификатыг ЗБХ-нд хүргүүлж, БНХАУ руу аялах боломжтой эсэх тухай албан ёсны хариуг авна. Ирээд 21 хоногийн карантинд орно.

-Хэрэв шинжилгээгээр Ковид 19 халдвар илэрсэн тохиолдолд дотоод журмын дагуу өөрийгөө тусгаарлаж, БНХАУ руу аялахгүй байна.

-Хэрэв нислэгээс өмнө өгсөн хоёр шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/: вэбсайтад шинжилгээний хариу, мандатны зураг, эсрэг биетийн сертификат, ЭСЯ-наас олгосон Green Health Code-г тус тус оруулна.

-Green Health Code авсны дараа БНХАУ-д ирэхээс 24 цагийн өмнө Эрүүл мэндийн деклараци бөглөнө.

Хувийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ

-Олимпын наадамд оролцогч нь бусдын биед хүрэхээс зайлсхийх, тамирчдаас хоёр метр зай барих, хүн хооронд хамгийн багадаа нэг метр зай барих шаардлагатай.

-Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, идэх, уух, унтахаас бусад бүх үед амны хаалт зүүх.

-Гараа тогтмол угаах, ариутгах, ханиаж найтаахдаа амаа дарах, битүү агааргүй орчинд байхаас зайлсхийх, агааржуулах гэх мэт эрүүл ахуйн шаардлагуудыг чанд дагаж мөрдөх.

-БНХАУ руу зорчихоос 14 хоногийн өмнөөс эрүүл мэндийн байдлаа хянах зорилгоор “My 2022” аппликейшнийг гар утсандаа суулгаж, идэвхижүүлсэн байна. “Бээжин-2022” эрүүл мэндийг хянах системд вакцины сертификатаа оруулсан байна.

-Гэртээ, аялж байх явцад, тэмцээн уралдаанд оролцох үед болон бусад газарт хүмүүстэй биечлэн харилцах харилцаагаа хязгаарлах, бэлтгэл хангагч, гэр бүлийн гишүүд болон багийн бусад гишүүдтэй дотоод орчинд зай барих.

-Битүү, хүн ихтэй орчинд байхаас зайлсхийх.

-БНХАУ-д байх хугацаандаа хамт байх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргах.

-Тамирчдыг дэмжихдээ зөвхөн алга ташна. Орилох, дуулахыг хориглоно. Бусадтай эд зүйлс хувааж хэрэглэхгүй байх, ариутгах. Өрөөгөө тогтмол агааржуулах.

-БНХАУ-д ирэхээс өмнө эдгээр дүрэм журамтай сайтар танилцах.

-Амны хаалтыг тогтмол зүүх, бохирдсон үед тухай бүрт солих.

-Олимпын наадмын үеэр буюу нэгдүгээр сарын 23-наас гуравдугаар сарын 16-ны хооронд зөвхөн БНХАУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тохиолдолд даатгалыг ЗБХ-ноос хариуцна.

-БНХАУ-д зорчихоос өмнө албан ёсны бүртгэлд хамрагдаж, ЗБХ-ноос олгосон урьдчилсан мандатыг биедээ авч явах.

БНХАУ-д нэвтрэх үед

-БНХАУ-ын олон улсын нисэх онгоцны буудал дээр холбогдох байгууллагуудын тавьж буй шаардлагыг биелүүлж, журмын дагуу эрүүл ахуйн шаардлага хангаж үйлчлүүлэх.

-Гаалийн ажилтнууд онгоцонд нэвтэрч ариутгал хийнэ.

-Эрүүл мэндийн деклараци /QR code/ , паспортыг шалгуулах ба биеийн халуун 37,3 хэмээс их болон ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол тусгаарлалтын байранд очих эсвэл эмнэлэгт хүргэгдэнэ.

-Ямар нэг асуудалгүй бол ПСР шинжилгээнд хамрагдана. Эмнэлгийн ажилтан хоолойны арчдас болон хамраас шинжилгээний дээж авна. Шинжилгээний хариу гарч байх явцад оролцох эрхийн мандатаа идэвхжүүлэх ба шинжилгээний хариу гарсны дараа /хамгийн ихдээ 6 цаг/ Тамирчдын тосгон руу тусгай унаагаар хүргэнэ. Хэрэв шинжилгээний хариу эргэлзээтэй тохиолдолд тусгаарлалтын өрөөнд оруулж, хоёр дахь ПСР шинжилгээ авна.

-Хэрэв ПСР шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд илэрч буй шинж тэмдгээс хамааран тусгаарлалтын газар эсвэл эмнэлэгт хүргэнэ. Ойрын хавьтлыг илрүүлж, шинжилгээнд оруулах болон бусад арга хэмжээг авна.

Олимпын наадмын үеэр

-БНХАУ-ын ард иргэд болон олимпын наадамд оролцож буй бүх оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүн хоорондын зай барих болон эрүүл ахуйн арга хэмжээг тогтмол авна.

-Ковид 19 хариуцсан ажилтан өдөр бүрийн эрүүл мэндийн мэдээллийг системд оруулах ба шинжилгээ өгөх, хариу авах асуудлыг хариуцна.

-Хүн хоорондын зайг харгалзан нийт оролцогчдод олгох мандатын тоог багасгах, тэмцээн уралдааны үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг өөрчлөх болон спорт тус бүрт дагаж мөрдөх журмуудыг арванхоёрдугаар сард нарийвчлан батална.

-Оролцогчид зөвхөн ЗБХ-ны зориулалтын унаагаар зорчих бөгөөд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж болохгүй.

-Зочид буудалд байрлаж байгаа тохиолдолд зөвхөн зөвшөөрөгдсөн газрууд руу олимпын наадамтай холбоотой үйл ажиллагаагаар буудлаас гарч болно.

Мөн ирэх арванхоёрдугаар сард энэхүү журманд нэмэлт, өөрчлөлт хийгдэх аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *