Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Туяацэцэг: Улс орныг, хүнийг хараат болгох ганц зүйл нь анхдагч хэрэгцээ буюу хүнс. Тиймээс хүнсээ өөрсдөө л хийж сурмаар байна

Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэгтэй ярилцлаа.


-Хил хаасантай холбоотойгоор манай улс хүнсний хомсдолд орох нь гэж ярих боллоо. Нөгөө талд монголчууд мах, гурилаа идээд явахад өлсөхийн зовлон үзэхгүй л гэнэ. Та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Ямар ч улс орон ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Урд хөрш яагаад хилээ хаачихав аа гэхээр ковидын өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой болов уу. Хөрш орон хилээ хаачихаар л манай бүх амьдрал зогсчихож байгаа юм шиг хүмүүс ярих юм. Зарим төрлийн хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал ховордлоо хэмээн мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр ярьж байна. Бид хүнсний асуудлаар бусдаас хараат байх учиргүй гэж боддог. Тусгаар улс орон бүр өөрийн гэсэн хүнсний бодлоготой, хүнснийхээ асуудлыг өөрөө бүрэн шийддэг байх ёстой. Гэтэл хүнснийхээ асуудлыг бүрэн шидээгүй, тогтолцооны гажиг манай улсад оршсоор л байна. Тухайн улс орны газарзүйн онцлогоос хамаарч зарим хүнсний түүхий эдийг өөрийн улсад бэлтгэх боломжгүй байж болно. Үүнийг эрүүл ахуй ариун цэвэр, стандартын нөхцөл хангасан үзүүлэлт бүхий импортын бүтээгдэхүүнийг бодлоготойгоор тасалдахгүй нөөцтэй байлгахаар зохицуулалт хийж хангах хэрэгтэй. Ямар нэг шалтгаанаар хомсдол бий болгож үнийн хөөрөгдөл үүсгэж болохгүй. Манай улс зарим төрлийн нарийн ногоо, сахар, чихрийн төрлийн болон какао, шоколадны түүхий эд, ихэнх жимс, ургамлын тос, төрөл бүрийн будаа импортоос ихээхэн хамааралтай. 2020 онд 151 төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн(594.4 сая ам.дол)- ийг импортолсон байна. Улс орон бүр гол нэрийн гэгдэх хүнсээ тодорхойлон хангамж, хүртээмжээ тооцдог. Манайд Үндэсний статистикийн хорооноос гаргадаг гол нэрийн хүнсний жагсаалтыг 16 нэрийнхээр тайлагнадаг нь тийм ч хангалттай үзүүлэлт болж хараахан чадахгүй байна. Үүнээс гадна дэлхийн хүнсний хөтөлбөр(WFP)- өөс жил бүр гаргадаг “Дэлхий өлсгөлөнгийн зураглал”-ын 2020 оны мэдээллээс харахад Монгол Улсын (улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн) хүн амын 21.3 хувь нь хоол хүнсний дутагдалтай гэсэн дүн гарсан байна. Энэ нь Эфиопи, Кени, Ангол, Никарагуа, Болив гэх мэт хөгжил буурай хөгжилтэй 11 улстай ижил түвшинд байна гэж үнэлсэн байна.

-Өлсгөлөнгийн судалгаагаар манай улс улбар шар түвшинд орсон гэсэн талаар тодруулж болох уу?

-Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP) нь улс орнуудын өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг арилгах зорилготойгоор жил бүр тайлан гаргаж үнэлгээ хийж шаардлагатай хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Манай улсыг 2020 онд улбар шараар тэмдэглэж хоол хүнсний дутагдалтай байна гэж дээр хэлсэнчлэн дүгнэсэн байна. Манай эрүүл мэндийн байгууллагаас таван жил тутам хийдэг Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүнтэй дүйцэж байгааг харж болно. Хүн амын дундах амин дэм, бичил элементийн дутагдал өндөр буюу нийт өрхийн 22.7 хувьд хүнсний баталгаат байдал ноцтой алдагдсан гэсэн дүн гарчээ. Энэ нь Монголын таван хүн тутмын нэг нь хоол хүнсний дутагдалтай байна гэсэн үг. Монголчууд өөрсдийгөө өлсөөгүй, өлсөж үзээгүй гэж ярьдаг боловч бодит байдал хүнд байна. Цагаа олоогүй буруу шийдвэрээс болж аж ахуйн нэгжүүд ковид ихээр тархаагүй үед бүтэн жил удаан хугацааны турш үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Зарим нь хаалгаа бариад дампуурсан. Үүний цаана ажилгүйдэл, маш олон айл хоногийн хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй байгааг харж болно. Хил хаалттай ч бид хэнээс ч хамаарахгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангаж байх ёстой. Өнөөдрийг хүртэл манай улсын хүнсний бодлого хангалтгүй байсан нь харагдаж байна. Гадны орнуудаас хэрэгтэй зүйлээ авчихдаг, хэрэгцээгээ хангаад байсан учраас хэн ч санаа тавихаа больчихсон байсан нь одоо бидний гол алдаа болж байна.

-Хил хаахад гурилан бүтээгдэхүүний үнэ хүртэл нэмэгдэж байна шүү дээ?

Дотоодын үйлдвэрлэлээр буудайн гурилын хэрэгцээгээ 202.6 хувиар, гурилан бүтээгдэхүүний 39.4 хувийг хангаж байна. Гурилан бүтээгдэхүүний орц найрлагад импортоор авдаг элсэн чихэр, тос гэх мэт ордог учир үнэ дагаад нэмэгдэж байна.

-Манай улсын хувьд нөөцлөх ёстой хүнсний жагсаалтад юу орох бол?

-Ер нь стратегийн гол хүнсэнд мах, гурил, будаа, тос гэх зэрэг нэлээд хэдэн жагсаалт гарна. Өнөөдрийн нөхцөлд мах, гурил хоёроо гаднаас авах нь бага, өөрсдөө хэрэгцээгээ хангадаг учраас бас ч гэж асуудал хүндэрчихээгүй байна. Гэхдээ хэдий хугацаанд хил хаалттай байхыг бид мэдэхгүй. Эрээний боомт хаасан ч бусад боомтоор оруулах зохицуулалт хийж байгаа болов уу.

-Тэгвэл мах, гурил зэрэг бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг болов уу?

-Үндэсний статистикийн газраас жил бүр Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүд гэсэн мэдээ гаргадаг. Энэ мэдээнээс харахад жилд жишсэн хүн амын хүнсний хэрэгцээнд малын мах 115.2 кг гэж тооцсон байдаг. Жилд дотоод болон гадаад зах зээлд нийтдээ 20 орчим сая мал төхөөрч байна. Энэ нь 546.4 хувиар хангаж байна. Эдгээрээс гарч байгаа дотор мах, яс, цус, дайвар бүтээгдэхүүн, толгой, шийр хэрэглэгдэхгүй шахам байна. Урьд нь эдгээр түүхий эдээс хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хаягдалгүй ашиглан тодорхой хэсгийг экспортод гаргаж байсан. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт мал төхөөрөх хүчин чадлын дэд бүтэцгүй газруудыг байгуулсан нь зөвхөн гулууз махыг авч дээрх дайвруудыг бүрэн ашиглахгүй хаягдах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь ихээхэн хэмжээний хүнсийг ашиглахгүй, мэргэжлийн бус хүмүүсийн хийсэн буруу төлөвлөлтийн жишээ болно.

Гурилын хэрэгцээг 202.6 хувь буюу хоёр дахин илүү хангаж байна. Төрөл бүрийн будааг 117.4 хувь хангаж байна. Гэхдээ хил өнөөдөр хаалаа гэхэд маргааш будаагүй болно гэсэн үг биш л дээ. Худалдаа эрхлэгчид тодорхой хэмжээний нөөцтэй л оруулж ирж байгаа. Хил хаагдана гэдгийг аж ахуйн нэгжүүд тооцоолоогүй учраас ихээр нөөцлөөгүй нь ойлгомжтой. Ингээд будаа худалдаанд багасна. Үүнийг дагаад үнээ нэмнэ. Ийм л үзэгдэл болдог. Манай улс хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүнээр хэрэгцээ, хэрэглээ, хангамжаа тооцож статистикийн үзүүлэлтээ гаргадаг. Эдгээр бүтээгдэхүүний үндсэндээ 50-иас илүү хувийг гаднаас авч байна.

Дотор нь задалж үзвэл Загасны махыг 100 хувь, шувууны махны 96.5 хувь, сүүн бүтээгдэхүүний 39.1 хувь, хүнсний ногооны 39.3 хувь, жимс, жимсгэний 96.4 хувь, өндөг 49 хувь, ургамлын тосны 99.9 хувь, цөцгийн тосны 51.4 хувь, чихэрлэг бүтээгдэхүүн 34.4 хувийг гаднаас авч байна.

-Эдгээр гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг бид гаднаас авахгүй өөрсдөө дотооддоо тарих, үйлдвэрлэх боломжтой юу?

-Малын мах ойлгомжтой, хэрэгцээгээ бүрэн хангаад явж болно. Дээр хэлсэнчлэн бүрэн ашиглах шаардлагатай. Ер нь манайх буудайгаа тариад дотоодынхоо гурилын хэрэгцээг хангаж чадаж байна. Гэхдээ хураан авсан буудай бүр чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай. Жил бүр хангалттай хэмжээний ургац авлаа гэдэг боловч хавар нь гаднаас буудай импортлох асуудал ямагт яригддаг. Харин 90 гаруй хувь гаднаас импортолж байгаа загас, 96 хувь импортолж байгаа шувууны махаа дотоодоосоо хангахад өнөөгийн байдлаар боломж хараахан бүрдээгүй байна. Хэрэгцээндээ тулгуурлан загас, шувууны аж ахуйг бодлогоор дэмжин үржүүлэг, махны болон өндөгний чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Амжилттай яваа аж ахуйн нэгжүүд байгаа ч нийт хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрч чадахгүй байна. Хүнсний ногооны нэр төрлийг олшруулах, тариалалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хүн олноор суурьшсан төв суурин газрын хэрэгцээг жилийн турш тасралтгүй хангахад зардал өндөртэй ч хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага байна. Сүүний хангамжийн тухайд мөн л хүн олноор суурьшсан гаруудад сүүний аж ахуйг хөгжүүлэх, үүнийгээ дагаад тэжээлийн аж ахуйг ч шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Улаанбуудайнаас гадна олон төрлийн будааг манайд тарих боломжтой юу?

– Аливаа улс хүн ардынхаа уламжлал, хооллолтын хэв маяг, тэдэнд хэрэгцээт хоол хүнсийг онцлогт нь тохируулан зөвлөмж гаргасан байдаг. Манайд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эрүүл хооллолтын “ГЭР” зөвлөмж гэж байдаг. “ГЭР” зөвлөмжид хоногт хэрэглэх хоол хүнсний ихэнхийг буюу суурь хүнс нь үр тарианы гаралтай бүтээгдэхүүн байна гэж зөвлөсөн байдаг. Үүнд буудайн, арвайн, хөх тарианы гурил болон будааны төрөл болох гурвалжин будаа, хөц, цагаан, шар будаа, овъёос гэх мэт бусад төрлийн буурцагт, залаат төрлийн үр тариа орно. Бидэнд үр тарианы гаралтай хүнсний дээрх нэр төрлийн хэрэглээ хангалтгүй байна. Эдгээрээс буудайн гурил, гурилан бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж хоногт авах нийт илчлэгийнхээ 65 хувийг зөвхөн үүгээр хангаж байна гэсэн судалгааны дүнг манай багш эрдэмтдийн хийсэн “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа”- ны(2016) дүнгээс харж болно. Манайд бодлогын өрөөсгөл алдаа байна гэж судлаач хүний хувьд дүгнэж, хэлж ярьж, засаж залруулах юмсан гэж бодож явдаг. Энэ нь юу вэ гэхээр бид жил бүр л буудайгаа хэрэгцээнээсээ илүү ихээр хурааж авлаа, өмнөхөөсөө их амжилттай байлаа гэж ярьж мэдээлж байдагтай дасал болжээ. Уг чанартаа бид хэрэгцээнийхээ хэрээр чанартай буудайгаа тарьж авч бусад төрлийн үр тариа, будаагаа ч мөн адил тарьж ургуулж авч байх учиртай. Бид хөдөө аж ахуйн судлаачдаас монгол газар шороонд дээр ярьсан будааны төрлийг тарьж ургуулах боломж байдаг тухай асууж ярилцахад, боломжтой гэдэг хариулт өгдөг. Хөрс хамгаалах, сэлгээнд буудайнаас гадна бусад төрлийн тариа будааг тарих нь ихээхэн ач холбогдолтой гэдэг. Гагцхүү бодлогын зохицуулалт хэрэгтэй юм байна гэж ойлгож болно. Өнөөгийн байдлаар хөдөө орон нутгаар явж байхад тариалан эрхэлдэг зарим газруудаар рапс ихээр тарьсан нь харагддаг. Үүнийг бид дотооддоо ургамлын тос, тэжээлийн зориулалтаар тарьж байна уу гэвэл үгүй байна. Гадагш ялангуяа урд хөршид гаргадаг юм байна. Манай улс нэг жилд 20 улсаас 10 гаруй төрлийн, 23 000 орчим тонн ургамлын тос импортолдог гэсэн мэдээлэл байдаг. Эндээс харахад дотооддоо ургамлын тос үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Манайд ургамлын тосны үйлдвэр хоёр байдаг ч түүхий эдийн хомсдолоос шалтгаалж бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэдгийг та өөрөө тунгаана биз.

Бид олон төрлийн ургамлын гаралтай хүнс зайлшгүй хэрэглэж байх ёстой. Монголчууд цагаан будааг түлхүү хэрэглээд бусад төрлийн будааны хэрэглээ хангалтгүй байна. Зохистой хооллолтын мэдлэг боловсрол, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал байна. Үүнд зөвхөн мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагаа бус салбар хоорондын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуй, соёл, мэдээллийн гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа шаардлагатай байна.

-Улаанбуудайн талаар ярьсных нэг зүйлийг асууя. Сүүлийн өдрүүдэд хил хааснаас болж үйлдвэрүүд хөрөнгөгүй болж пивогүй боллоо гэх боллоо. Өөрсдөө исгээд хийж болдоггүй юм уу?

-Шар айргийг улаанбуудайгаар бус арвайгаар хийдэг. Өмнөх нийгмийн үед шар айраг буюу пивоны үйлдвэрийн гол түүхий эд арвайгаа өөрсдөө тарьдаг байсан. Арвайг соёолуулан ургуулж, хатааж, тээрэмдэж, бусад түүхий эдүүдтэй чанаж, хөргөж, исгэж, шүүж, өөрийн өвөрмөц технологи ажиллагаагаар шар айраг үйлдвэрлэдэг. Гэхдээ шар айраг стратегийн хүнс биш шүү дээ. Одоогоор Монголд үйлдвэрлэгдэж буй шар айрагны соёолжийг дандаа гаднаас оруулж ирдэг. Бэлэн соёолуулж ургуулсан түүхий эд ашигладаг гэсэн үг. Үүнийг манайх дотооддоо хийх боломжтой юу. Бас л боломжтой. Монголчууд өнөөдөр хийдэг байсан зүйлээ хийх ээ больчихсон, чаддаг байсан ажлаа чадахаа больчихсон. Огт хийдэггүй байсан юм шиг ярьцгааж болохгүй. Сүүлийн үед манайхны дунд нэг хандлага ажиглагдах болсон. Ахмад үеэсээ суралцдаггүй. Хуучин түүхээ хардаггүй. Бид юу хийж чаддаг байсан юм, хэн хийж чаддаг байсан юм гэдгийг судлаад хийх л хэрэгтэй байна. Энэ бол зах зээл, эргэлт, боломж, хөгжил.

-Хүнсний ногоо, жимсний талаар таны бодол юу байна вэ?

-Бид төмсний хэрэгцээгээ 212 хувь, хүнсний ногооны 79.9 хувь хангаж байна. Тэгэхээр хүнсний ногоогоор бүрэн хангаж хараахан чадахгүй байна. Хангалтынхаа 60.7 хувийг дотоодоосоо, 39.3 хувийг буюу 78.3 мянган тонныг импортоор оруулж ирж байна. Хүнсний илүүдэл гэж бас байна. Энэ жил 150 мянган тонн төмс хураахаар боллоо гэж байсан. Ийм хэмжээгээр хураавал төмс илүүднэ. Хүнсний ногооны тал дээр төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Манай ногоочдын гол бэрхшээл нь зоорь. Манай орон шиг дулааны улирал богино, хүйтний улирал урттай нөхцөлд зоорийг барьж байгуулах мөн ногоогоо муутгахгүй хадгалах технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх нь зөв юм. Хатаах, нөөшлөх, хөлдөөн хадгалах аргуудыг практикт өргөнөөр нэвтрүүлэх боломжтой. Ерөөсөө л төрөөс жижиг, дунд үйлдвэрлэгчдээ бодлогоор маш сайн дэмжих, ажлын байр олноор бий болгох, өрхийн тариалалт, хүлэмжийн аж ахуй, үйлдвэрлэлээр жилийн турш хэрэгцээгээ хангах зохицуулалт хэрэгтэй. Ингэж байж бид хэн нэгнээс хүнсээрээ хараат бус байх тухай ярина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *