Монголын оюун ухааны академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм.
Хоёр өдөр үргэлжилсэн оюуны өрсөлдөөний үеэр бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын таван дээд амжилт болон дэлхийн нэг дээд амжилт тус тус шинэчлэгдлээ. Тухайлбал, 15 минутын “Тооны марафон” төрөлд 1168 цифр байсан Хятадын тамирчны эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг олон улсын их мастер Т.Тэнүүн 1260 цифр болгон шинэчиллээ.!