Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүгийн болон хэв журмын зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлагаас мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өмнөх долоо хоногоос 6.5 хувиар буурчээ. Гэмт хэргийн төрлүүдээс хулгайлах гэмт хэрэг 1.8 хувиар өсөж, бусад төрлийн хэргүүд 4.3-46.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын найм, баталгаат бус замын нэг цэгт 18 алба хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж буй. Түүхий нүүрс хэрэглэх, нууцаар худалдаалах зөрчил болон сайжруулсан түлш худалдаалах цэг орчимд хяналт тавих зорилгоор 681 чиглэлд 1444 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 428 хороо, 841 гудамж, 2170 айл өрх, 3844 иргэн, 900 тээврийн хэрэгслийг шалгалтад хамруулж, зургаан тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 21 тонн 110 кг түүхий нүүрсийг илрүүлжээ.

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим орчны зүй бус хэрэглээ, цахим гэмт хэргийн ойлголт”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сэдэвт сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 23, 72 дугаар сургуулийн 520 сурагчийг хамруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *