Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Амарцэнгэл: Худалдааны хуулийн шинэчилсэн найруулга эрх мэдлийг хэт төвлөрүүлэх чигтэй боловсруулагдсан нь илэрхий харагдаж байна

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХын намрын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээндМонголын сүүний нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн О.Амарцэнгэлтэй ярилцлаа. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эрх мэдлийг нэг байгууллагын дор зангидахад чиглэж байгаа тухай шүүмжлэл дагуулаад байгаа юм.


Худалдааны аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ намрын чуулганаар орно. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эрх мэдлийг нэг байгууллагын дор зангидахад чиглэж байгаа тухай шүүмжлэл газар аваад байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсъё.

-Эрх мэдлийг хэт төвлөрүүлэх чигтэй боловсруулсан нь илэрхий харагдаж байна. Тухайлбал, Худалдаа аж үйлдвэрийн танхимыг яаж байгуулах вэ гэдэг дээр явцуу хүрээгээр маш тодорхой зааж. Заавал төв танхимдаа харьяалалтай байх тухай заалтыг тусгажээ. Нэг бол ААНүүд заавал төв танхимын гишүүнээр элссэн байна гэж заасан байна. Эндээс үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх үзэгдлийг захиргааны шинжтэйгээр хумьсан агуулга харагдаж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг гэсэн долдугаар зүйл, үүнийг дэлгэрүүлсэн 8, 9, 10, 11, 12 дугаар зүйлд заасан чиг үүргүүдийн олонх нь зөвхөн танхим биш, бусад төрлийн төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх боломжтой чиг үүргүүдийг зөвхөн танхим явуулах эрхтэй гэж ойлгогдохоор найруулга орчихсон байна.

Тухайлбал…

7.1.5д мэргэжлийн боловсрол, сургалт, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих гэж байгаа юм. Үүнийг задлахдаа 12 дугаар зүйлд “Аж ахуй эрхлэгчдэд эрэлттэй мэргэжилтэн, боловсон хүчний судалгааны үндсэн дээр хүний нөөцийн сургалт, судалгаа зохион байгуулах” гээд бичсэн байгаа юм. Иймэрхүү заалтуудыг зөвхөн танхим биш бусад төрийн бус байгууллагууд бүгд л хийдэг. Хуулийн ерөнхий үзэл санааг ажиглахад энэ үйл ажиллагааг зөвхөн танхим хийх эрхтэй мэт харагдахаар оруулсан байна.

Зөвхөн танхим гүйцэтгэх эрхтэй зарим нэг үйл ажиллагаануудыг танхимаас бусад байгууллагууд гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаатай нэг дор бүлэглээд хийчихсэн байгаа юм. Сургалт судалгаа, инновацийг дэмжих, гадаад хамтын ажиллагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэх ч юмуу. Энэ бүгдийг нэг тогоонд бичиж. Үүнийг агуулгаар нь харахад бусад төрийн бус байгууллага гардан гүйцэтгэдэг, экспортын барааны гарал үүслийн гэрчилгээ олгох ч гэдэг юм уу, энэ бүгдийг нэг тогоонд байгааг харахаар зөвхөн Худалдаа аж үйлдвэрийн танхим гүйцэтгэх гээд байгаа ч юм шиг. Ийм ойлголт төрөхөөр оруулжээ.

Магадгүй саалийн фермийн чиглэлээр ажилладаг сүүний холбоо сургалт зохион байгуулахад Худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх рүү халдаад ч байгаа юм шиг. Ийм ойлгомжгүй заалтууд оржээ.

Танхимыг ямар зарчмаар байгуулах нь ааНүүдэд ээлтэй вэ. Олон улсад ямар зарчим үйлчилдэг юм бол?

-Танхим байгуулахад олон улсын жишиг ихэнхдээ орон нутгийн зарчмаар байгуулагддаг. Европын холбоо, АНУынхыг анзаарахад муж, дүүрэг, хот гэсэн тогтолцоогоор байгуулагдсан байх юм. Миний санал бол хүмүүс эвлэлдэн нэгдээд байгуулж л байг. Заавал үүнийг хуульчилж, хязгаарлах шаардлага байхгүй. Харин байгуулагдсан танхим үндсэн худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх, үүргийг хуваалцахын тулд үндсэн гишүүн байх гэсэн агуулгаар хуульд оруулбал зүгээр болов уу.

Таны хэлж байгаагаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх үүргийг хэрэгжүүлэхийн тулд л гишүүнчлэл шаардлагатай байх нь

-Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухайлсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, түүнд хамран оролцохын тулд л гишүүн байх хэрэгтэй. Дахин онцлоход, танхим байгуулах зарчмыг хуульчлах шаардлага байхгүй. Саналаараа байгуулдаг нь байгуулаад, орон нутгаараа байгуулдаг нь байгуулаад яваг. Танхимын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой бол танхимын гишүүн болоод явж болно.Тухайн орон нутагт нь үндсэн танхимын эрх үүргийн хэмжээний үйл ажиллагаа явуулах эрхээ гишүүн байгууллагууд нь эдлээд явна биз. Гишүүн биш бол үндсэн танхимын эрх үүргийг хэрэгжүүлэхгүй л явж л байг л дээ. Тэд тус тусын орон нутгийн төр захиргааны байгууллагатай харьцахдаа үндсэн танхимаас зөвшөөрөл авдаг хатуу зохицуулалт оновчтой биш.

Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал ааНүүдэд ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-ААН-үүд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, эвлэлдэн нэгдсэн хүрээгээрээ төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай харьцах нь чөлөөтэй байх тухай асуудал хумигдах гээд байна.

Гэхдээ энэ хуулийг бүхэлд нь үгүйсгэж байгаа асуудал биш гэдгийг энд онцлох нь зүйтэй. Зарим нэг хатуу заалтыг нь өөрчлөх шаардлагатай байгаа юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль байх ёстой. Арбитр ч юм уу, барааны гэрчилгээ олгох, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн санаа бодлыг зангидаж төрд танилцуулах гэх мэт үүрэг Худалдаа аж үйлдвэрийн танхимд байх ёстой. Тухайн салбарын нийтийн эрх ашгийг нэгтгэж зангидаад төрд танилцуулах үүрэг Худалдаа аж үйлдвэрийн танхимд байх ёстой. Тухайлбал, түүхий сүүний үнийг тогтворжуулах тухай асуудал тавихад нэг талаас шууд засагтай харьцдаг байхад, нөгөө талд Худалдаа үйлдвэрийн танхимаар дамжаад харьцахад “Хэрэглэгч талаасаа түүхий сүүний үнийг ийм байлгах нь ийм ашигтай, эдийн засагт ийм ач холбогдолтой, тухайн салбарын хөгжилд ач холбогдол нь ийм” ч гэдэг юмуу асуудлыг цөмөөр нь харж төртэй харьцдаг байвал зөв. Явцуугаар өөрийнхөө эрх ашгийг дөвийлгөж тавьж асуудалд хандах нь бий. Худалдаа аж үйлдвэрийн танхим маань улсын эдийн засгийг бүхэлд нь харж байгаа учраас тэр бүр тухайлсан явцуу эрх ашиг, дөвийлгөсөн байр суурийг илэрхийлж төрд хандаж болохгүй. Үндэсний танхим олон талаас нь харж ажиллах ёстой. Зөвхөн худалдаа гэхээс илүү энэ өөрчлөлтийн ард хэрэглэгч талд ямар сөрөг нөлөө гарч болох вэ ч гэдэг юм уу. Магадгүй хүнсний нэг чиглэлийн худалдааг ярьж байхад нөгөө чиглэлийн хүнсний худалдаа хоорондоо зөрчилдөөд хэт монополь байдал үүсдэг ч юмуу энэ талаас нь Худалдаа аж үйлдвэрийн танхим том дүр зургаар нь харж, нийтлэг эрх ашгийн үүднээс тухайн салбарын хөгжлийг анзаарч том ажиллах хэрэгтэй.

Нэг аймгийн худалдааны танхимын эрх ашгийг үндэсний танхим бариад туг эргүүлээд гүйж болохгүй. Монгол Улс 21 аймагтай. Бусад аймгийн эрх ашгийг хохироодоггүй юм аа гэхэд тодорхой хэмжээгээр хойш тавих нөхцөл байдал үүсгэж Үндэсний танхим яваад байж болохгүй. Тухайн аймгийн танхим яг өөрийнхөө эрх ашгийг урдаа бариад явах нь зүй ёсны асуудал. Тэгж байж тухайн асуудлыг онцгойлж гаргаж ирж шийднэ. Үндэсний танхим бол хэт явцуурч болохгүй учраас нийгэм эдний засгийн талаас улсын хүрээнд харах ёстой. Ийм утгаар бүх зүйлийг үндэсний танхимаар дамжуулна гэдэг хуулийн хатуу зохицуулга дор монополь шинж чанартай зохион байгуулалт үүсгэх юм бол төрийн бус байгууллагууд уян хатан байж, бусад ажлаа хийхдээ төр засагтай харьцах асуудал нь нээлттэй үлдэх юм болов уу гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *