Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран өнгөрсөн онд баталсан төлөвлөгөөний дагуу “Нөхөн сэргээлт 2020” ерөнхий арга хэмжээг гурван үе шаттайгаар зохион байгуулжээ.
Энэ онд Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар 693.52 га талбайд нөхөн сэргээлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс эзэн холбогчгүй 218.75 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэн ажиллаж байгаа аж.
Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж техникийн 153, биологийн 75,7, дүйцүүлэн хамгааллаар 132 нийт 360.7 га талбайд хийсэн нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр танилцсан байна.
Экологийн цагдаагийн албанаас нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэхээр жил бүр тодорхой зорилго тавьж ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Толгойт” гэх газарт 1973-1993 онд “Монголросцветмет” ТӨҮГ, 1994 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж эвдэгдэн орхигдсон талбайд “Бугант нандин” ХХК нь дүйцүүлэн хамгааллаар 13, “Пентатерра”, “Сонор трейд”, “Болд төмөр ерөө гол”, “Ифинити слэйс”, “Баяжмал алт”, “Шар нарст”, “Ди Зэт энд Ай”, “Капитал авто сервис” компаниудын захиалгаар 44.9, нийт 57.9 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу бүрэн хийж гүйцэтгэжээ.
Уг компани нь ашигт малтмалын олборлолт явуулах, нөхөн сэргээлт хийх, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос хойш техникийн 140.5 га, биологийн 49.7 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд энэ онд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд дараа жил мод тарихаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан юм.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба