Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Түвшинтамир: Хуульчдын холбоо хэрэгт холбогдсон өмгөөлөгч бүрийг хамгаалаад байх хэцүү

МХХ-ны Хуульчдын нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны гишүүн Д.Түвшинтамиртай өмгөөлөгчийн эрхийг хамгаалах асуудлаар ярилцлаа.


-Монголын хуульчдын холбооны үйл ажиллагааны чиглэлд өмгөөлөгчийн эрх үүрэг, үнэт зүйлийг юу гэж үздэг юм бэ. Өмгөөлөгчийг хэн хамгаалах ёстой юм бэ?

-Өмгөөлөгч, шүүгч, прокурор гурав Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиараа хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, хуульчийн мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй хүмүүс. Хуульч гэж албан нэршлээр нэрлэсэн, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гурван субьектийн нэг нь өмгөөлөгч. Хуульчдын холбооноос гадна Монголын өмгөөлөгчдийн холбоо гэж байгаа шүү дээ. Өмгөөллийн хууль батлагдаагүй байх үед өмгөөлөгчид Монголын хуульчдын холбоонд Өмгөөлөгчдийн хороонд харьяалагдаад явж байсан. Өмгөөллийн хууль өнгөрсөн жил батлагдсан. Одоо бол давхар гишүүнчлэлтэй явдаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль маань УИХ-д өргөн баригдахаар шинэ хуулийн төсөл явж байгаа. Одоогоор 2013 онд батлагдсан хуулиар зохицуулагдаад явж байгаа. Өөрөөр хэлбэл, Өмгөөллийн тухай хууль шинээр батлагдсанаар хуульчийн сонгон шалгаруулалтаа өгөөд хуульчийн тусгай зөвшөөрөлтэй этгээд нь дахиж шалгалт өгөөд Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгчийн тусгай зөвшөөрөл авдаг эрх зүйн зохицуулалттай явж байгаа.

Харин өмгөөлөгчийн эрх ашгийг хамгаалах газар нь Монголын хуульчдын холбоо ч хамгаалах ёстой, Монголын өмгөөлөгчдийн холбоо ч хамгаалах ёстой. Үүнийгээ задлаад ярих хэрэг гарах нь. Хуульчдын холбоон дээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар чиг үүргийн 13 хорооны нэг нь Хуульчдын хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах хороо гэж байдаг. Энэ хороонд маань ганц өмгөөлөгч ч биш, хуулиар тодорхойлогдоод байгаа шүүгч, прокурор, бусад хуульч ч буюу заавал өмгөөллийн тусгай зөвшөөрөл эзэмшихгүйгээр консалтинг үйлчилгээ үзүүлээд явах боломжтой хуулийн зөвлөхүүд ч харьяалагддаг.

-Өмгөөлөгчийн эрх зөрчигдсөн талаарх судалгаа, кейс танай хороон дээр ямар байдаг юм бол?

-Хуульчдын холбоо одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа Мэргэжлийн хариуцлагын хороотой. Тус хороон дээр өмгөөлөгчийн үйл ажиллагаатай холбогдсон гомдол ирдэг, түүнийг хэлэлцдэг. Энэ хороон дээр яригдаж арга хэмжээ авагдсан өмгөөлөгчид ч байгаа.

-Эрх нь зөрчигдсөн өмгөөлөгчид тусламж үзүүлсэн тохиолдол байдаг уу?

-Эрх нь зөрчигдсөн өмгөөлөгчдөд тусламж үзүүлсэн тохиолдлыг тодорхой нарийн хэлж мэдэхгүй байна. Ер нь эрх зөрчигдлөө гэсэн асуудлаар, жишээ нь өмгөөлөгчийн нэр хүндэд халдаж байна, прокурорын байгууллага өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний дарамт учруулж байна гэсэн гомдлууд ирдэг.

Гэхдээ одоо мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэг цоорхой харагддаг юм. Хуульчдын нийтлэг ашиг сонирхол гэхээр нэг хүний гомдлыг авч үзэх юм уу, эсвэл нийтлэг хуульчдын эрх зөрчигдөөд байгаа эрх ашгийг хамгаалах уу гэдэг эргэлзээтэй агуулга явдаг учраас шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Яг л амьдрал дээр байдаг ийм асуудлыг нэг мөр болгоод хуульчлах хэрэгтэй болдог. Одоо шинээр батлагдах хуулийн төсөл дээр Хуульчдын хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах хороо яг юу хийх вэ, чиг үүргийн хороод нь яах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх байх гэж харж байгаа.

-Жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэд, эсвэл ямар нэгэн асуудлаар хуулийн байгууллагад дуудагдаж байгаа иргэд өмгөөлөгчөөс хууль, эрх зүйн тусламж хүсдэг. Хууль зүйн тусламж үзүүлсэн өмгөөлөгч өөрөө хэрэгт татагддаг, иргэдээ өмгөөлж чадахгүйд хүрдэг тохиолдол гардаг боллоо. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зөрчигдөж байгаа асуудал дээр Хуульчдын холбоо хайнга байна гэх шүүмжлэл байна?

-Ер нь хуулиараа өмгөөлөгч бол ажиллаж байгаа хэрэг маргааных нь талаар мэдүүлэг авах, хэрэг маргаантай нь холбогдуулж тухайн өмгөөлөгчийг хэрэгт татаж байцааж шалгах нь хориотой. Харамсалтай нь өмгөөлөгч нарт ийм асуудал тохиолдсоор байна. Гэхдээ өмгөөлөгчийг хэрэгт татаад байгаа нь хуулийн дагуу юм уу, хууль бус юм уу гэдэг талаас нь бид Хуульчдын хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах хороогоор хоорондоо ярилцаад хэлэлцэж байх үед ямар асуудал гардаг вэ гэхээр яг хэрэг маргаантай нь холбоотой асуудлаар байцааж, дуудаж, цагдан хорьж байгаа бол хууль бус. Харин нөгөө хуульч маань өөрөө хууль тогтоомжид заасан өмгөөлөгчийн үүргээ гажуудуулсан ч байдаг юм уу, ямар үндэслэл байгаа болоод энэ асуудлыг тогтоож шалгах болоод эрүүгийн хэрэг үүсгэх гээд байна вэ гэдэг асуудалд ялгамжтай хандах хэрэгтэй байдаг. Ингэсний дараа холбоод өмгөөлөгчөө хамгаалах асуудал яригдана. Холбогдсон болгоныг үндэслэлгүй байна гэж үзэх хэцүү.

-Хуульчдын холбоо Хууль зүй, дотоод хэргийн яамны малгайн дор явж байна. Засгийг шүүмжилсэн иргэд, тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчдөд Холбоо хөдлөхгүй гэх хатуу шүүмжлэлийг сайд асан Х.Тэмүүжин саяхан ярилаа. Энэ асуудлаар таны байр суурийг сонсмоор байна?

-Хуульчдын холбоо Засгийн газрын байгууллагад шууд харьяалагдана гэдэг бол учир дутагдалтай. Одоогийн хууль тогтоомжоор тийм зүйл байхгүй. Засгийн газраас оруулж байгаа шинэ хуулийн төсөл дээр Хуульчдын холбооны зөвлөлд төрийн байгууллагын төлөөлөл байхаар ч юм шиг агуулгатай заалт явсан. Түүн дээр Х.Тэмүүжин сайд шүүмжлэлтэй хандсан байна гэж ойлгож байна.

Ер нь өмгөөлөгч, прокурор, шүүгч нар бүгд хуульчдаас урган гарч байгаа. Тэгэхээр Хуульчдын холбоо бусад төрийн байгууллагуудаас хараат бус байсны дүнд нийгэмд шударга ёс тогтох ёстой. Тийм учраас энэ бол ганц миний үзэл бодол биш, хуульч гэж өөрийгөө нэрлээд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх хүмүүсийн санал гэж үзэж байна. Олон улсын практик ч ийм байдаг учраас Хуульчдын холбоо яагаад ч Засгийн газрын оролцоотойгоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх ёсгүй.

Нэмж хэлэхэд, Хуульчдын холбоо маань цаашид хуульчдаа сайхан мэргэшүүлдэг байх чиглэлд анхаарах ёстой. Дөнгөж хуулийн сургууль төгссөн хүүхдүүд хуульч болтлоо хоёр жил дадлага хийх ёстой. Мэргэжлийн дадлагыг хуулийн фирмд эсвэл шүүгчийн туслах хийдэг. Бүх хүүхэд тэнд очиж чаддаггүй. Ингээд баахан хуульчид бэлдээд байдаг, мэргэшүүлж чаддаггүй асуудал бий. Үүнийг Хуульчдын холбоо харуицах ёстой. Шалгалт авдаг, сургалтыг нь явуулдаг, хуульчдынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, зоригтой дуугардаг байгууллага байх ёстой гэж нийт хуульчид хүсдэг юм. Байгууллага маань үүн рүү төлөвших гээд, олон улсын жишигт хүрэх гээд хичээгээд яваад байгаа. Хангалттай ажиллаад сайн үр дүн гарахгүй л байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *