Соёлын яамнаас энэ сарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар болгосонтой холбогдуулан “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэл уулын чулуун судар” үзэсгэлэн гарна.
Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан болон “Дэл уулын гайхамшиг” ТББ, Сэмүүн студид хадгалагдаж буй Дэл уулын хадны зургийн гэрэл зураг, дардас, хадны зургийн хуулбарууд, хадны зургийг компьютер график ашиглан хийсэн 360° виртуал тур хэлбэрээр зохиомжилсон баримтат кино, Дэл уулын хадны зургийн дүрслэлээс сэдэвлэн зохиомжилсон ”Хөмөргөн гурвалжин” бүжгийн жүжгийн бичлэг, Дэл уулын хадны зургаас сэдэвлэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл болох бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийн загвар зэргийг олон нийтэд танилцуулна.
Үзэсгэлэнг Соёлын Яам, Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв зохион байгуулж Дундговь аймгийн Өлзийт сум, “Дэл уулын гайхамшиг” ТББ зэрэг байгууллага дэмжигчээр оролцож байна.
Нээлтийн үеэр Дэл уулын хадны зургаас сэдэвлэн зохиомжлон тавьж ЮНЕСКО-гийн төв байранд тоглосон “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн хэсгээс үзүүлж, Дэл уулын дурсгалыг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хадны зургийг соёлын өвд түшиглэсэн бүтээлч үйлдвэрлэл болгох тухай танилцуулга, чөлөөт ярилцлага болно.
Үзэсгэлэнгийн нээлт Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 9-нд болно.