Categories
мэдээ нийгэм

Шинэчилсэн гэрээгээр караокед дуулуулж болохгүй гэсэн заалтыг өөрчилжээ


“Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байгаа аж. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээлэл өглөө.

Тэрээр “Аравдугаар сарын нэгнээс хойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн “Хариуцлагын гэрээ”-г шинэчлэн, байгуулж буй. Ингэхдээ дүүрэг бүрийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шинэчилсэн гэрээг хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд гэрээ шинэчлэхтэй холбоотой мэдээллийг давхар хүргүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан “Хариуцлагын гэрээ”-гээ шинэчлэх боломжтой. Өмнөх “Хариуцлагын гэрээ”-гээр караоке үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдэд зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсан. Харин шинэчилсэн гэрээгээр үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно гэх зэргээр заалтаа өөрчилсөн. Энэ мэтчилэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгж тус бүрийн онцлогт тааруулж, гэрээний заалтуудаа шинэчилсэн. Хяналт, шалгалтын явцад хамгийн их илэрч байгаа зөрчил нь зай талбайн дүүргэлт. “Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна. Аравдугаар сарын нэгнээс эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч байгаа. Гурван байгууллагын ажлын хэсгээс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, зөрчлөө удаа дараа давтсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно. Энэ дагуу аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаануудаар зөвшөөрлийг нь цуцалсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *